Ажлын дараах 1 цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх нь таныг амжилтад хүргэнэ

2017 оны 6 сарын 14

Завгүй ажлын дараа гэртээ хариад ямар ч зүйл хийх чадалгүй болтлоо ядарч туйлдсанаа мэдэрдэг үү? Маргааш гэж хүнд өдрийн өмнө жаахан ч гэсэн амарч авахын тулд зурагтны өмнө хоолоо идчихээд удирдлага барин суваг сольж суух нь амралтын тогтсон хэв маяг болсон уу?

Гэвч буйдан дээрээ тухлаад зурагт ширтэх, эсвэл унтах хүртэлээ утсаа оролдох нь улам ядраадаг байна. Харин үүний оронд ажлын дараах 1 цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх нь таныг амьдралын эрч хүчийг нэмэгдүүлж, аз жаргалтай болгоно.

Ажлын дараах 1 цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх 3 шалтгаан

Нэгт, ажлын дараах 1 цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх нь таныг аз жаргалтай болгодог. Энэ нэг цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх вэ гэж гайхаж байна уу? Энэ нь танд баяр баясгалан авчирдаг, эсвэл эртнээс хийхээр хүсч байгаа зүйл юу ч байж болно. Гадаад хэл сурч болно, эсвэл онгоцны модел угсрах хоббитой бол түүнийгээ ч хийж болно. Хамгийн гол нь энэ нэг цагийн дараа танд өөрт хэрэгтэй зүйл хийсэн мэт мэдрэмж төрөх нь таныг аз жаргалтай болгоно. Аз жаргалтай байхад ажил дээрээ ч амжилт гаргана гэсэн үг шүү дээ. “Аз жаргалтай ажилтан бол сайн ажилтан” гэдэг хэлц үг байдгийг санаарай!

Хоёрт, та ажлын цагаар шинэ зүйл сурах, эсвэл сонирхдог зүйлээ хийхэд бүрэн төвлөрч чаддаггүй. Ажлынхан чинь саад болохоос гадна, дарга чинь ч үүнд дуртай байхгүй л байх болов уу? Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, өөр зүйлд сатаарах нь хийж буй ажлын үр дүнг маш ихээр бууруулдаг байна. Харин ажлын дараа та өөрөө өөртөө эзэн шүү дээ. Ганцхан цаг гэлтгүй анхаарлаа төвлөрүүлээд хийхэд л хангалттай байх болно.

Гуравт, өдөр бүр нэг цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх нь урт хугацаандаа өндөр үр дүнтэй. Жишээ нь, гадаад хэлийг өдөр бүр нэг цаг үзэхэд жилийн дараа чөлөөтэй ярьж чадах түвшинд хүрж болдог байна.

Харин ажлын бус цагаа зурагт үзэх, утсаа оролдох маягаар идэвхгүй өнгөрүүлэх нь тухайн өдрийг үр бүтээлгүй өнгөрүүлсэн мэт мэдрэмж төрүүлдэг байна. Энэ мэдрэмж нь урт хугацаандаа сэтгэл гутралд оруулах эрсдэлтэй гэнэ. Сэтгэл гутралд орох нь эрүүл мэндэд төдийгүй ажлын бүтээмжид ч сөргөөр нөлөөлнө.

Иймд ажлын дараа 1 цагийг өөртөө зориулж, амьдралдаа эерэг өөрчлөлтийг одооноос бий болгоцгооё.

Үүний тулд юу хийж болох вэ?

Ном унш. Өөрт таалагддаг бол ямар ч ном байсан болно. Зөгнөлт уран зохиол, түүх, намтар, эсвэл мэргэжлийн дагуу өөрийгөө хөгжүүлэх гээд. Өдөрт 1 цаг ном уншсанаар 7 хоногт 1 ном дуусгана.

Хувийн төслийг эхлүүл. Энэ нь цахим хуудас бүтээх, эсвэл сайн дурын ажил хийх гээд юу ч байж болно. Өөрийн хүсч мөрөөддөг зүйлдээ цаг зарцуулах нь хувь хүний болоод мэргэжлийн чадварыг огцом нэмэгдүүлдэг байна.

Харилцаагаа өргөжүүл. Ажлын хамт олонтойгоо эсвэл сонирхлынхоо дагуу бусадтай уулзах, сонирхдог зүйлээ хамт хийх нь цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нэг хэлбэр юм шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44278
0 эможи
keyboard_arrow_up