Notebook худалдан авахдаа юуг анхаарах вэ

2014 оны 6 сарын 12

Та анхны компьютерээ худалдаж авах гэж байна уу? Одоо байгаа хуучин компьютерээ сайжруулж шинэчлэх гэж байна уу? Ширээний компьютерээ сольж зөөврийн компьютер авах гэж байна уу? За аль нь ч байсан анхаарлаа түр нааш нь хандуулаарай зөөврийн компьютер худалдаж авах талаар өөрийн бодлыг хуваалцая.

Та компьютерийн үзүүлэлтийг хараад л шууд интернетээр захиалах гэж байна уу? Тэгвэл түр хүлээгээрэй хэдийгээр электрон худалдаа хөгжөөд сайхан болсон ч яг бүтээгдэхүүн ирэх үед таны хүлээлтээс өөр байх тохиолдол байдаг. Жишээ нь гарын товчлуур нь эвгүй ч юм уу, өнгө нь таалагдахгүй, дэлгэцний гаралт нь тод биш байвал яах вэ?

Компьютер авахдаа яг өөрөө бодитоор үзэж, товчлуурыг нь дарж, ер нь л хазахаас бусдаар сайн үзэж байж авах нь зүйтэй. Мөн цаашдаа үзүүлэлтийг нь сайжруулах боломжтой эсэхийг сайн лавлаж асуугаарай. Шуурхай санах ой, хатуу диск зэргийг хэсэг хугацааны дараа сайжруулах нь шинээр худалдаж авснаас хамаагүй хямд тусна.

Дэлгэцийн хэмжээ томрох тусам овор, жин дагаж нэмэгдэнэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Нэтбүүк сонирхож байгаа бол 7-11 инч хэмжээтэй байдаг. Гадуур байнга авч явдаг бол 13-14 инч тохиромжтой. 15 инчтэй хажуу талдаа нэмэлт тоон товчтой учир санхүү, ня-бо ажилтай хүмүүст их тохиромжтой байдаг. Хэрэв та компьютерээ тогтмол нэг газар байрлуулж тоглодог, дизайнер ажилтай бол 17-18 инчийн дэлгэцтэйг сонгоорой.

Дэлгэцийн нягтрал их байх тусмаа илүү олон зүйлсийг дэлгэцэн дээр харах боломжийг олгодог. Ихэнх дэлгэц LCD мөртлөө ард талдаа LED гэрэлтүүлэгчтэй байгаа. Дэлгэцний бүрэлт гялгар эсвэл матт бүрэлттэй байдаг. Гялгар бүрэлт илүү тод гоёмсог харагддаг боловч гадаа хэрэглэхэд гялбадаг. Ийм тохиолдолд матт дэлгэц тохиромжтой.

Процессор(CPU) бол компьютерийн тархи. Түүний хүчин чадал нь ихсэх тусмаа гүйцэтгэл нь хурдан болно. Гэвч ихэнхдээ хүчин чадал ихсэх тусам цахилгаан зарцуулалт ихсэж зай(battery) хурдан дуусна. Ижил үзүүлэлттэй Intel, AMD хоёрын AMD нь хямд байдаг, брэндийн хувьд үүнээс өөр сонголт байхгүй. CPU сонгох хамгийн гол зарчим бол кэш ихтэй байх тусмаа сайн, мөн мэдээж хурд ихтэй нь сайн.

Тог бага зарцуулдаг(low voltage) процессорийн хүчин чадал их биш ч зайгаараа(batterу) удаан хугацаанд ажиллах боломжтой байдаг. Тиймээс удаан хугацаагаар гадуур явж цэнэглэх боломжгүй байдаг, албан томилолт, аялал зугаалгаар явдаг хүмүүст тохиромжтой.

Компьютерээ бүхий л төрлөөр ашигладаг бол Core i3, Core i5 процессор тохиромжтой. Энэ нь DC, C2D процесорын сайжруулсан хувилбарууд юм.

4 болон түүнээс олон цөмтэй Core i5, Core i7 процессорын давуу тал нь видео рендерлэх, тоглоом тоглох, инженерийн тусгай програмд гарч ирнэ. Хэрэв та зөвхөн оффисын програм хэрэглэдэг, и-мэйлээ шалгаж, фэйсбүүк ордог бол ийм өндөр үзүүлэлтэнд мөнгөө үрэх шаардлагагүй.

График картийг(GPU) зөвхөн тоглоом тоглоход хэрэгтэй гэж бодож болохгүй. Таны дэлгэцэн дээр гарч буй бүх дүрс үүгээр боловсруулагдаж гарч байгаа. Хэрэв таны компьютер удаан процессортой дээр нь график картгүй бол Youtube HD үзэхэд хүртэл удаан байх болно.

График карт нь өөр дээрээ суурилсан болон тусдаа(нэмэлт) гэсэн 2 янз байна. Өөр дээрээ суурилсан график карт шуурхай санах ойг(RAM) процессортой хувааж хэрэглэдэг, цааш нь нэмж сайжруулах боломжгүй. Энгийн вэб үзэх, оффисийн програм ашигладаг бол хангалттай. Харин тусдаа(нэмэлт) нь зөвхөн дүрс боловсруулахад зориулагдсан, өөрийн санах ойг ашигладаг учраас эцсийн үр дүн илүү байдаг.

Шуурхай санах ой(RAM) нь мэдээллийг боловсруулах үед хатуу дискнээс өгөгдлийг авч өөр дээрээ түр хадгалах байдлаар ажилладаг. Хэмжээ их байх тусмаа компьютер хурдан байх болно. DDR2, DDR3 гэсэн сонголт байвал DDR3-г компьютерийг сонгоорой. Мөн хурд нь 800MHz, 1066MHz гэх мэт байгаа, мэдээж тоо ихсэх тусам хүчин чадал ихсэнэ, үүнийг дагаж үнэ өснө.

32bit үү? 64bit үү? Хэрэв танд ийм сонголт тулгарвал 64bit-г сонгоорой. Цаашдаа компьютерийн шуурхай санах ойг нэмэхэд тань хэрэг болно. 32bit архитехтуртай компьютер 4GB-с дээш шуурхай санах ойтой ажиллаж чадахгүй.

Санах ойн(хатуу диск HDD) хэмжээ нь том байх тусмаа танд ашигтай. Одоо үед маш их дуу, зураг, кино, тоглоом хадгалах шаардлага гарах болсон. Мөн диск хурдан эргэх тусмаа мэдээллийг хурдан хайж, бичдэг. Хурдны хувьд 5400 rpm, 7200 rpm гэх мэт сонголт байгаа.

Зарим компьютер SSD(Solid State Drive)-тэй байдаг. Энэ төрлийн санах ой энгийн хатуу дискийг бодвол илүү хурдан ажиллагаатай, доргилтонд тэсвэртэй байдаг. Харамсалтай нь нэлээд үнэтэй.

Компьютерт чинь дараах нэмэлт холболтууд заавал байх ёстой.
Утасгүй холболт буюу Wireless 802.11b/g/n
Утастай холболт буюу Ethernet LAN 100/1000
Bluetooth холболт нь хулгана, чихэвч, гар утсаа холбоход хэрэг болно.
Компьютер чинь дор хаяж 2ш USB 2.0, 1ш USB 3.0-тай байвал зүгээр
HDMI холболттой бол давуу тал болно
DVD уншигч бичигч нь нэтбүүк болон зарим ультрабүүк дээр байдаггүй. Тусад нь USB DVD уншигч бичигч авч болно.
Хэрэв авах гэж буй компьютер чинь Blu-ray уншдаг бол давуу тал болно, гэвч үнэтэй байдаг.

Баталгаат хугацаа янз бүр байгаа. Гэхдээ 3 жил, 5 жил, 10 жил гэсэн сурталчилгаанд хууртах хэрэггүй. Тэд энэ хугацаандаа зөвхөн үйлдвэрийн доголдолыг засдаг, бусад нь хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаа болж хувирна. Үйлдвэрлэлийн доголдол гэдэг нь эхний 1-3 сард л илрэхгүй бол түүнээс хойш илрэнэ гэж байхгүй. Тэгэхээр 3 сар байна уу, 1 жил байна уу, 10 жил байна уу ялгаа үнэндээ байхгүй.

Хэрэв цаад газар чинь хулгана, цүнх дагалдуулж өгдөггүй бол тусад нь худалдаж авах зайлшгүй хэрэг гарна. Миний анзаарснаар Монголд л маш олон зүйл бэлэглээд байдаг болохоос биш өөр газруудад санал болгодоггүй юм билээ. Бэлэг гэхээрээ хамгийн хямд чанаргүй зүйлсээ шахчихдаг, авах ч хэцүү хаях ч хэцүү.

Нэгэнт та хамгийн сайныг хэрэглье гэж бодож байгаа бол бэлэгний хямдхан хулганы оронд өөрийн эрүүл мэндийг бодоод гарт эвтэйхэн чанартай хулгана худалдаж аваарай. Мөн танд л гэж зөвлөхөд Cooler/Cooling Pad гэдэг зүйл нэмж худалдаж аваарай. Зөөврийн компьютер маш их халдаг гэдгийг та мэдэх байх, их халах нь эд ангидаа ч муу мөн гар дороос байнга халуун зүйл үлээгээд байх нь таатай биш. Харин үүнийг ашигласнаар компьютерийн нас ч уртасна, гар доороос халаагаад байхгүй амар байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4376
7 эможи
keyboard_arrow_up