Залхууралтай тэмцэх япон арга: “Кайзэн” – 1 минутын зарчим

2017 оны 4 сарын 27

Залхуурал, ажлаа хойш тавих асуудалтай хүн болгон л тулгардаг шүү дээ. Ажлын хугацааг нь тулгаж байж, нойргүй шөнөжин сууж, яаран сандран хийдэг нь гэм биш зан гэлтэй. Гэхдээ л ямар ч байсан хугацаандаа амжуулаад л байдаг шүү дээ гэж зарим нэг нь биеэ өмөөрөх байх л даа. Тэгвэл хугацаа тогтоогоогүй ажлын хувьд яах вэ? Жишээ нь ном унших, гадаад хэл сурах, өдрийн тэмдэглэл хөтлөх, өдөр бүр дасгал хийж илүүдэл жингээсээ салах гээд бидний хүсдэг боловч эхлүүлж зүрхэлдэггүй, цаг зав гаргаж чаддаггүй ажлууд зөндөө л байдаг. Хугацаагүй болохоор хойш тавьсаар л байх уу?

Тэгвэл бидний амьдралыг сайн тал руу нь өөрчилж чадах эдгээр зүйлийг хийж эхлэх маш үр дүнтэй аргыг та бүхэндээ хүргэе. Энэ бол “Кайзэн” буюу “1 минутын зарчим” юм. Хэрэглэх арга нь тун энгийн. Та хийхийг хүсэж буй ажлаа өдөр бүр тогтсон цагт зөвхөн 1 минут буюу 60 секунд л хийхэд болно.

Энэ аргыг Масааки Имай гэгч хүн анх нээсэн бөгөөд японоор Кай гэдэг нь өөрчлөлт, Зэн  гэдэг нь сайн гэсэн утгатай, Кайзэн гэдэг нь сайжруулах, мөн сайн сайхны төлөө өөрийгөө өөрчлөх гэсэн утгатай үг юм.

Сүүлийн үед Кайзэн аргыг залхуурал, ажлаа хойш тавих зуршилтай тэмцэхэд тун үр дүнтэй арга гэдгийг дэлхийн олон улс оронд хүлээн зөвшөөрч, түгээмэл хэрэглэх болсон. Учир нь өдөрт тухайн ажилд зөвхөн ганц минут зарцуулах нь хэцүү биш. Хамгийн гол нь өдөр бүр тогтсон цагт хийх нь тухайн ажлыг тогтмол хийх дадалд аажмаар сургадаг байна. Ингэж аажим аажмаар өдөр бүр хийх нь бие сэтгэлээ дасгаж, тухайн ажлыг хийхээс халшрах, айдас төрөх сэтгэлийг үүсгэхгүй байх ач тустай аж.

Гэхдээ мэдээж аливаа ажлыг сайн хийж сурах, үр дүн гарахад өдөр бүрийн 1 минут хангалтгүй. Иймд тухайн ажлаа өдөрт 1 минутаас илүү хийхэд бэлэн болсон, эсвэл илүү цаг зарцуулахыг хүсэж байгаа гэдгээ мэдэх үед хугацаагаа аажмаар сунгах хэрэгтэй шүү. Хамгийн гол сэтгэлийн хөөрлөөр эхний өдөр хэдэн цагаар ч хамаагүй ядартлаа хийгээд маргааш өдөр нь барьж авахаас халшрах сэтгэл үүсгэхээс сэрэмжлээрэй.

Туулай, яст мэлхий хоёрын үлгэрийг санаж байгаа биз дээ? Хурдан боловч туйлбаргүй туулайтай удаан боловч тууштай яст мэлхий уралдаад түрүүлдэг шүү дээ. “Дуслыг хураавал далай” гэдэг үг ч бий. Өдөр бүр бага ч болтугай аливаа ажилд цаг гаргахад эцсийн үр дүн таныг гайхшруулах болно.

Танд амжилт хүсье!

Энэ мэдээ таалагдсан бол бусадтайгаа хуваалцаарай!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43022
0 эможи
keyboard_arrow_up