Настангууддаа ХҮЛЦЭНГҮЙ хандья
Нас өндөр болж тэтгэвэрт гарч гэртээ сууна гэдэг ямар ч хүний хувьд маш хүнд сорилт юм. Хүний бие бялдарт нилээд өөрчлөлт гарч хэрэглээний түвшин саарч заримдаа амьдрах сонирхол буурна. Хүн улам жожиг болж зөвхөн эрүүл мэнддээ л анхаарал тавих болно. Тэрчилэн аливаа нөхцөл байдалд дасан зохицох чадвар нь доройтож нийгэм, гэр бүлд болж байгаа өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрөх бүр хэцүү болно.
Хүн бүр өөрийнхөөрөө хөгширнө. Амьдралынхаа туршид сэтгэл өөдрөг, дайчин давшингуй байж идэвх зүтгэлтэй байсан хүмүүс насны байдлаас улбаатай бэрхшээл саад байсан ч ажрахгүй давна. Гэтэл насныхаа нөлөөнд дарагдаж хямралд ордог хүмүүс бас бий. Уруул нь унжиж, нүдний гал цог буурч духных нь үрчлээ зузаарна. Тийм хүмүүс сэтгэл өөдрөг байхыг ятгаад ч нэмэргүй билээ.
Яаж хөгшрөх нь тухайн хүнээс түүн дотроо дотроо сэтгэл санааны байдлаас ихээхэн шалтгаална. Бие бялдар, сэтгэл санааны хөгшрөлийн эсрэг хүн бүх хүчээрээ тэмцэх ёстой юм. Настай хүн ядарч амьгаадаад байхааргүй хөнгөн шингэн ямар нэгэн ажил эрхэлбэл зүгээр. Тэгснээр амьжиргаандаа хэдэн гурван мөнгө нэмэрлээд зогсохгүй, биеэ байнга чагнах сэтгэлгээнээс түр ч атугай ангижижрч үргэлжийн хөдөлгөөнд байж аль болох олон хүнтэй харьцсанаар эрүүл мэндээ сахих, сэтгэл санаа өөдрөг байх бололцоо бий болно. Гэр бүлийн гишүүд нь настай хүнд ямагт хүндэтгэлтэй хүлцэнгүй хандаж байнга анхаарал халамж тавина.
Урьд нь гэр бүлийн хувьд аз жаргал дүүрэн байсан, насан туршдаа олон хүний дотор байж нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож олон хүнтэй харьцаж байсан хүмүүст нийгмийн идэвхтэй үйл ажиллагаанаас аргагүйн эрхээр чөлөөлөгдөж ор ганцаараа байх нь амьдын зовлон болно. Гэтэл хамт олонтой бараг хутгалдаж яваагүй, дуу шуугианаас ангид ганцаараа байх дуртай жожиг хүнд ганцаараа байх бүр ч аятайхан байна.
Ер нь бол жар-далан наснаас хойш хүнтэй харьцах хүсэл тэртээ тэргүй багасна. Хүн гадаа агаарт зугаалах, амьтад асран тэжээх, ном унших зэргээр сэтгэлийн таашаал авч цаг хугацааг өнгөрөөнө. Хүн бүр настай болоод амьдралынхаа дүнг гаргаж оноо, алдаагаа дэнсэлнэ. Өсвөр насандаа ямар сургуульд суралцаж, ямар мэргэжил эзэмшиж ямар ажил хөдөлмөр эрхлэхээ мөрөөддөг шиг өндөр настай болохоороо тэтгэвэрт гараад юу хийх, яаж цаг хугацааг эрүүл мэнд, сэтгэл санаандаа тустай, өгөөжтэй өнгөрөөх талаар тодорхой зүйл бодож сэдсэн байвал зохино.
Хүүхдүүд өндөр настай болсон эцэг, эхдээ тэсвэртэй, нигүүлсэнгүй хандаж байх ёстой. Тэд тусдаа суудаг бол байнга утасдаж ажил байдлыг нь лавлан сонирхож яриаг нь дуустал нь тэвчээртэй сонсож эм тангаа цагтаа ууж байхыг нь хэлж сануулж заримдаа зочлон очиж ярьж хүүрнэж байвал зүгээр. Баяр, тэмдэглэлт үйл явдлыг хамтран тэмдэглэж өнөр өтгөн, гэр бүлээрээ ширээний ард суухад хөгшчүүл хязгааргүй баярлана.
Хөгшчүүл гэр бүлийнхээ үүх, түүх, хамаатан садан тэдний хоорондын харилцаа, залуу зандан нас, тэр үед эрхэлж байсан ажил үйлс, хүрч байсан амжилт, авч байсан шагнал урамшуулал, дотнын анд нөхдөө сайн санадаг, тэр тухай дурсан ярих дуртай болохыг мартаж болохгүй.