ТАНД ЗӨВЛӨХӨД: Бизнес хатагтай болохын тулд санах зүйлс

2014 оны 6 сарын 10

Төлөвлөгөө: Сайн төлөвлөгөө ажлын тэн хагастай тэнцэнэ гэдэг. Тиймээс бизнесээ эхлэхийн өмнө сайтар төлөвлөх хэрэгтэй. Зах зээлийн судалгаа, эрэлт хэрэгцээ, эхний ээлжийн зарлага, эрсдэл зэргийг нарийн тооцоол. Хэрэв боломжтой бол мэргэжлийн хүнтэй энэ талаар ярилцах хэрэгтэй. Үгүй юм аа гэхэд гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгээ ярилцаж, тэдний санаа бодлыг сонсоорой.

Зориг: Нэгэнт эрсдэлийг тооцоолж эхлүүлэхээр шийдсэн бол зоригтой бай. Амжилт бүхэн их бага ямар нэг хэмжээний зүйлийг золиосолсон байдаг гэдгийг сана. Тиймээс багахан “даваа”-наас шантарч орхих хэрэггүй. Том уултай таарсан ч мацаад л бай. Тэр байтугай зүйл цаашид тохиолдоно.

Өвөрмөц бай: Тухайн салбарт юу дутагдаж байгааг олж хар. Тэгээд тэр дутагдал дээр нь дөрөөлж өөрийн бизнесээ өвөрмөцөөр олон нийтэд таниул. Бусдын хийсэн зүйлийг ахин дахин давтах хэрэггүй. Бүхий л чиглэлдээ шинэ санаачлагыг бодож ол. “Эсвэл анхдагч, эсвэл цорын ганц, эсвэл хамгийн сайн нь байх ёстой” гэдэг үгийг сана.

Мөнгө чухал биш: Мөнгөний араас гүйх биш, мөнгийг тосож авах нь бизнесийн цагаан толгойн чухал тактик юм. Өөрөөр хэлбэл чи мөнгөний араас биш хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн ашиг сонирхлын араас хөөцөлдөх хэрэгтэй. Ингэж чадвал мөнгө өөрөө чиний алган дээр асгарах болно. Ажилчин бол: Шинэхэн эзэн болох гэж яарах хэрэггүй. Эхлээд өөрийн биеэр бизнесээ эрхлэн явуул. Ингэснээр чи барьцтай болж цаашид юу хэрэгтэй, үгүйг мэддэг болно. Бага гэлтгүй өөрийн биеэрээ ажил тус бүрийг хийж үз.

Нөхөрсөг бай: Үйлчилгээний байгууллагад энэ хамгийн том шалгуур болдог. Нөхөрсөг, эелдэг байх нь шууд үйлчлүүлэгчтэй харьцахыг хэлж байгаа юм биш. Ажилчдын хоорондын уур амьсгалаас нөхөрсөг байдал эхэлнэ. Чи өөрийн ажилчдаа үйлчлүүлэгчтэй нөхөрсөг харьцах хэрэгтэй хэмээн зандарч, тушааж байвал энэ хэзээ ч биелэхгүй. Танай ажилчдын үйлчилгээний соёл чиний хандлагаас ихээхэн хамаарна. Тиймээс нөхөрсөг байдлыг өөрөөсөө эхлүүлж, зөв үлгэрлэ. Ажилтан болгон даргынхаа тусгал байдгийг сана.

Инээмсэглэ: Ашиг орлогогүй байна хэмээн хөмсөгөө зангидаж ажилчдаа сандаргах хэрэггүй. Тэд ч бас үүнд санаа зовж байгаа.Үүний оронд удахгүй бүх зүйл сайхан болно оо гээд инээмсэглэ. Энэ нь ажилчиддаа итгэл найдвар төрүүлээд зогсохгүй зөв үлгэрлэл болно. Үүний хариуд тэд багахан орлого оруулсан үйлчлүүлэгчтэйгээ ч инээмсэглэж харьцах хэрэгтэй юм байна гэдгийг ухамсарлах болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4262
0 эможи
keyboard_arrow_up