Гадаад хэл суралцагчдад зориулсан толь бичгийн АПП-ууд
Хэл сурч байгаа хүмүүсийн хувьд хамгийн үнэнч туслах нь сайн толь бичгүүд байдаг. Гэвч техник технологийн хөгжил, амьдралын хэв маягтай уялдан байнга толь бичиг биедээ авч явахаас илүүтэй гар утас зэрэг зөөврийн төхөөрөмжүүдээс ашиглах боломжтой толь бичгийн аппууд залуусын маань хэрэгцээ сонирхолд нийцэх болжээ. Тиймээс өнөөдөр та бүхэндээ Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа толь бичгийн апп-уудыг танилцуулж байна.
1.ГЕРМАН – МОНГОЛ ТОЛЬ БИЧГИЙН PONS АПП
Энэхүү цахим толь бичиг нь Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Понс толь бичигт суурилсан бөгөөд герман хэл суралцагчдын бүхий л шаардлагатай хэрэгцээг хангах өдөр тутмын төдийгүй албан бичгийн хэрэглээнд зориулсан апп юм.
Хуудас эргүүлж хугацаа алдахгүйгээр хүссэн үгийнхээ орчуулгыг ‘type’ хийгээд л олох боломжтой. Тэр ч утгаараа ухаалаг iOS төхөөрөмжиндөө татаж суулгаад хэдийд ч хэрэглэх боломжтой толь бичгийн апп нь герман хэл сонирхдог, судалдаг залууст нэн тохиромжтой.
Уг толь бичиг нь 65 мянга гаруй герман үг хэллэг, хэлц, мөн өргөн хэрэглээний төдийгүй мэргэжлийн үг хэллэгийн 75 мянга гаруй орчуулга буюу монгол үг хэллэг, хэлцийг багтаасан. Герман хэлний авиазүйн онцлогийг илэрхийлсэн дуудлагын галигтай. Мөн хавсралт хэсэгт дүрмийн бус үйл үгийн жагсаалт, дүрмийн хураангуй тайлбартай.
Түүнчлэн Герман улсын хүн ам, соёл, уламжлалын талаарх товч танилцуулгатай.
Татаж аваад интернэтгүй орчинд ч ашиглах боломжтой бөгөөд хэрэгтэй үгсээ тэмдэглэж аваад эргэж харах боломжтой.
2.ЯПОН ХУРААНГУЙ ТОЛЬ
Япон-Монгол, Монгол-Япон цахим толь бичиг нь хоёр хэлний алинаас ч хайлт хийх боломжтой, хэрэглэхэд энгийн ойлгомжтой функцтэй апп юм.Мөн нэг татаад авчихвал интернэтгүй орчинд ч ашиглах боломжтой.
Нийт 45 мянга гаруй толгой үгээс гадна япон монгол үндэсний онцлогийг илэрхийлэх 3000 гаруй хэл зэргээр баяжуулсан апп юм. Ханз бүрийн дуудлагыг хаалтанд хирагана үсгээр бичиж оруулсан. Хавсралт хэсгээс тооны нэр, жин хэмжүүр, он сар өдөр, гараг, хялбар дөхөм ярианы жишээ, үндэсний баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийн нэрс зэргийг олох боломжтой.
Япон хэл сонирхдог, сурч судалдаг залуус, орчуулагч, багш төдийгүй монгол хэлийг сонирхон судалдаг япон хүмүүс ашиглахад нэн тохиромжтой.
3.ХЯТАД ХЭЛНИЙ ТОЛЬ БИЧГИЙН АПП
Сүүлийн жилүүдэд Монголын залуус хятад хэлийг ихээр сонгон суралцдаг болсонтой холбогдуулан тэдгээр залуусын хэрэглээнд зориулсан нэгэн апп нь Хятад-Монгол, Монгол-Хятад хос хэлний цахим толь бичиг юм.
Уг цахим толь бичиг нь 47.5 мянга гаруй толгой үгээс гадна 27 мянга гаруй хэлц, жишээ, мэргэжлийн үг хэллэг зэргийг багтаажээ. Мөн Монгол-Хятад хэсэг нь ардаа дуудлагын галигтай бөгөөд ханз үсэг хайхдаа зурж хайх боломжтой нь хайлт хийхэд хялбар болсон байна. Бусад толь бичгүүдийн адил интернэтгүй орчинд ажиллана.
4.СОЛОНГОС ХУРААНГУЙ ТОЛЬ
Энэхүү апп нь Солонгос - Монгол, Монгол - Солонгос гэсэн хос хэлний толь бичиг бөгөөд нийт 62 мянга гаруй толгой үг, 80 мянга гаруй жишээ, хэлц зэргээс гадна мэргэжлийн үг хэллэгээр баяжуулсан 100 мянга гаруй орчуулгатай.
Бусад толь бичгийн аппуудын адил боломжуудыг агуулсан тул солонгос хэлийг сонирхон суралцагчдад чухал хэрэгцээтэй байх дамжиггүй.