БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ

2017 оны 2 сарын 22

Бага насны хүүхэд ба зурагт

Та гэрт чинь зурагтнаасаа уяатай нэгэн гишүүн байгааг ажиглаарай. Тэдний ихэнх нь 3-10 насныхан байх вий. Учир нь хорвоотой танилцах үндсэн хэрэгцээг нь ямар ч саадгүйгээр, хэзээ ч дуусахгүйгээр,  асар сонголттойгоор хангадаг зүйл нь зурагт. Харин тэд юу үздэг бол? 7 хүртэл настангууд бүхнийг даган дуурайх онцлогтойн зэрэгцээ, төлөвшлийн нь 70 хувь бүрддэг тул буруу үлгэр, таагүй мэдээлэл, муу зуршлаас хол байлгах нь нэн чухал. Иймд танд зурагттай холбоотой дараах зөвлөгөөг өгье.

1.    Телевизийн ноёрхлыг устга. Танай гэрт зөвхөн зурагт дугарч харин бусад нь түүнийг мэл ширтэн сонсож суух үе байдаг уу? Хүүхэд урдуур хойгуур чинь гүйж элдвийг шалгаахад “Чимээгүй дээ, зурагт үзэж байна!” гэдэг үү? Хүмүүс гэртээ долоо хоногт дунджаар 44 цаг телевиз үздэг гэсэн судалгаа байдаг. Энэ нь  ЗУРАГТ ГУАЙ таны гэр бүл, үр хүүхэддээ зарцуулах цагийг булааж ноёрхлоо тогтоон гэр бүлийн хөндий хүйтэн харьцааг үүсгэдэг гэсэн үг юм. Тэр байтугай өөр өөрийн дуртай зүйлээ үзэх гэж удирдлага булаацалдуулж ам мурийлгадаг. Иймд зурагтан дотроо орж суулгүй гарч байгаа зүйлийх нь талаар ярилцаж санаа оноогоо солилцвол та гэрийхэн, үр хүүхдээ улам сайн ойлгож, илүү халуун дулаан уур амьсгалтай болно. Мөн зурагт үзэх цагаа багасгаж оронд нь хүүхэдтэйгээ хамт тоглох, хүсэл мөрөөдлийг нь ярилцах зэргээр илүү ойр дотно, амьд харьцаа үүсгэн хүүхэд хэмээх агуу ертөнцөөр аялж нууцыг нь алхам алхмаар нээгээрэй. Энэ бүхэн танд ч, таны гэр бүл, үр хүүхдэд тань ч зурагт үзэхээс илүү их аз жаргалыг бэлэглэнэ гэдэгт итгээрэй.

2.    Үзэж буй хүүхэлдэйн киног нь тайлбарлаж өг. Долоогоос доош насныхны хамгийн дуртай зүйл нь хүүхэлдэйн кино. Харин тэд бодит байдал, хийсвэрлэл хоёрыг ялгах, хүчирхийллийн шалтгааныг ойлгох чадвар сул, ажиглах, дуурайх замаар суралцдаг. Нөгөө талдаа уншиж бичих чадвар муу тул хамгийн амархан ойлгох, мэдээлэл авах зүйл нь хүүхэлдэйн кино юм. Дэлхий нийтээр “Фантасия”, “Бэмби”, “Араатан ба гоо үзэсгэлэн”, “Алиса гайхамшгийн оронд”, ”Араатны хаан арслан”, “Мулан” зэрэг киног хүлээн зөвшөөрч хүүхдэд үзүүлэх ёстой киноны жагсаалтанд оруулжээ. Харин улс орныхоо эзэн болсон хүүхдүүдийнхээ сэтгэхүйг харийн ёс заншлаас хамгаалах, хүмүүжил төлөвшлийг нь сэвтээхгүйн тулд хэд хэдэн “болчимгүй” хүүхэлдэйн киног зарим орнууд дуу нэгтэй хориод байна. Жишээ нь,  Хятад хүчирхийллийг маш ихээр харуулсан гэж “Том Жерри“, “Рожер туулайн адал явдал”, “Сансрын сагсан бөмбөгч”, Орост тан­хай­рах, тамхи татах, эрүүл бус амьдрал, амьтанд хэрцгий хандахыг сурталчилсан гэж “Гена матар Чебурашка хоёр”, “Чамайг даа!”-г, Украин “Маша Миши хоёр”, “Спонж Боб”, “Лунтик ба түүний нөхөд”, “По­кемон”, “Симпсоныхон” зэрэг киног хориглоод байна. Түүнчлэн 1969 оны “Бремений хөгжимчид”, 1987 оны “Сармагчингууд” гэ­дэг хүүхэлдэйн киног садар самуун, танхай, тэнүүч амьдрал,  мөрийтэй тоглооом, хүүхэд хулгайлах, хүчирхийлэл, хүүхдийн хөдөлмөр мөлжихийг суртал­чилж муу үлгэр дуурайл үзүүллээ хэмээн хаасан байна. Саяхан Германы судлаачид хамгийн алдартай хүүхэлдэйн киноны нэг болох “Астерикс Обеликс хоёр” цувралын зөвхөн нэг ангид эрүүгийн гэмт хэрэгт хамаарах 704 үйлдэл гарч буйг тогтоож улмаар “Том Жерри”, “Скүүби Дүү”-г хүүхдэд үзүүлэхгүй байх санал тавьжээ. Өнөөдөр ч дэлхийг байлдан дагуулж байгаа “Маша Миша хоёр”-ын Маша гэх охин Миша гэх баавгайтай л амьдарч байгаа нь гэр бүлийн амьдралын талаар буруу ойлголт өгч, аав ээжээ хүндлэхэд муу нөлөөтэй, дэггүй жаалуудыг  давруулсан, улмаар ижил хүйстнийг сурталчилдаг хэмээн үзэж 25 орон хорьсон юм.

 Дээрх тоо, баримтаас эцэг эх та хүүхдийнхээ үзэж байгаа киног сайн анхаарч амьдрал, кино хоёр буюу бодит байдал-хийсвэрлэл хоёрын ялгаа салгааг уйгагүй хэлж өгөх хэрэгтэй болж байгааг ойлгосон биз ээ.

3.    Хүүхэддээ сэтгэх, мөрөөдөх цаг, боломж олго. Зурагтын өмнө сууж байгаа хүүхдээ хараад томоотой, сайн хүүхэд гэж андуурав аа! Харин ч хүүхэд зурагт хэт их үзсэнээр бодитоор харьцах, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, ярих, санал бодлоо хуваалцах олон хэрэгцээ нь хаагдаж улмаар сэтгэх чадвар нь мууддаг байна. Жишээ нь, өөрөө сэтгэж алиалж хошигнох бус зурагтаар гардаг хошин шогийн үг хэллэгийг дагадаг тоть, жүжигчин ах эгч нарынхаа хуулбар болно. Өөрөөр хэлбэл зурагт хүүхдийг тархи толгойгоо ажиллуулах шаардлагагүй болгож идэвхгүй, өөрийн бодолгүй, бусдыг аялдан дууриагчийг төрүүлэх гэмтэй. Иймд зурагтын хөтөлбөртэйгөө найзалж, хэрэгтэй зүйлээ сонгож өдөрт 1-1.5 цагт үзэж хэвшээрэй. Үүний дүнд хүүхэд чинь анхаарлаа төвлөрүүлж, өөрийнхөөрөө бодож сэтгэж, мөрөөдөж эцэст нь тэр хирээр баяр баясгалантай, зорилготой, өгөөмөр сэтгэлтэй болохыг та харна.

4.    Хүүхдээ хангалттай унтуул.  Австралийн эрдэмтэд сүүлийн 100 жилд зурагт, компьютер, гар утаснаас болж хүүхдийн унтах цаг 73 минутаар багассаныг тогтоожээ. Хангалттай унтаагүй, нойр солигдсоноос болж хүүхэд нойрны эмгэг тусч уур уцаартай, бухимдуу, идэвхгүй болохоос гадна анхаарлаа төвлөрүүлэх нь муудаж ойлгох чадвар нь багасна. Цаашилбал дархлааны системийн хамгаалалт нь доройтох, гормонд нь нөлөөлж таргалах, чихрийн шижинтэй болох шалтгаан нь зурагт гэдгийг эцэг эхчүүд санаж явууштай. Тэгвэл хүүхдэд энэ бүхнийг зөв ойлгуулж цагт нь унтуулж сургаарай. Харин хүүхэд тань ямар хугацаатай унтахыг эрдэмтэд судлан тов тодорхой гаргасан байна. 0-3 сартайдаа 14-20 цаг, З-6 сартайдаа 12-18 цаг, 6 сараас 6 настайдаа 10-12 цаг, 6-8 настайдаа 10-11 цаг, 10-12 настайдаа 9-9.5 цаг, 12-16  настайдаа 8-8.5 цаг,  өсвөр насныхан 7 цаг унтаж байвал хэвийн гэж үзэх нь ээ.

Зурагттай холбоотой энэ удаагийн зөвлөгөөгөө Германы их зохиолч, эрдэмтэн, улс төрийн зүтгэлтэн Гётегийн “Хамгийн хэрэгтэй зүйлийг хамгийн хэрэггүй зүйл эзэгнэхээс үргэлж болгоомжил.” гэсэн үгээр өндөрлөе.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41188
0 эможи
keyboard_arrow_up