Та өглөөний цайгаа уусан уу

2014 оны 11 сарын 30

Шинэ өдрийн мэнд хүргэе. Та өнөөдрийн хамгийн чухал ажлаа амжуулсан уу? Дэлхийн тэргүүлэх эмч, судлаачдын дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөгчлөн өглөөний цай бол өдрийн хамгийн чухал хэсэг.

 

Учир нь өглөөний цайгаа тогтмол ууснаар илүүдэл жинтэй болохоос сэргийлж, биеийн бодисын солилцоо хэвийн явагдаж, тухайн өдрийн ажлын бүтээмж эрс өсдгийг судлаачид хэдийнэ тогтоосон. Гэхдээ энэ нь та өглөөний цайгаар халхавчлан юу ч идэж болно гэсэн үг хараахан биш юм. Шим тэжээлийн мэргэжилтнүүд, хоолны технологчид юу зөвлөснийг “Health” сэтгүүл, Eatingwell.com сайтаас эшлэн хүргэж байна.
Овъёос
Нэг аяга овъёосны чанамал, эсвэл сүүтэй овъёост дөрвөн грамм эслэг агуулагддаг. Энэхүү эслэг цусан дахь холестриний түвшинг бууруулахад чухал хувь нэмэртэй. Түүнчлэн биед ашигтай илчлэг ихтэй учраас өдрийн хоол хүртэл таныг цатгалан байлгадаг. “Journal of nutrition” сэтгүүлийн саяхны дугаарт дасгал хийхээс гурван цагийн өмнө овъёостой өглөөний хоол идвэл өөх шатаах процесс илүү хурдан явагддаг тухай мэдээлсэн байна. Монголын нөхцөлд овъёосыг та аль ч супермаркетаас олж болно. Амтанд нь дасаж эхлээгүй бол дуртай жимстэйгээ хольж идэхийг зөвлөе.
Жимс, самар
Нэрс, бөөрөлзгөнө зэрэг ойн жимс, алмонд самар өглөөний цайны сайн сонголт. Хэрвээ өвлийн улиралд эдгээр нь олдоц муутай бол жимсний салатаар орлуулж болох аж. Түүнчлэн тослог багатай тараг, сүү өглөөний аминдэм болно. Харин бялуу, жигнэмэг тэргүүтэн буюу хэт чихэрлэг бүтээгдэхүүн өглөөний цайндаа идсэнээс хоосон явсан нь дээр гэнэ. Учир нь өглөө эрт чихэрлэг зүйлс идэх нь цусан дахь сахарыг нэмэгдүүлж, бие тань өдрийн турш танаас амттан “нэхэх” болно. 
Өндөг
Аль ч орны өглөөний хоолны цэсэнд өндөг зайлшгүй байдаг. Учир нь өндөг уургаар баялаг төдийгүй биед шим тэжээлтэй бусад бодисоор ч дүүрэн. Хамгийн чухал нь дээд тал нь долоо хоног хадгалсан шинэхэн өндөг л амин дэмтэй байдгийг санаарай. Үүнээс гадна өглөөний цайны үеэр өндөгтэй хослуулах дуртай зайдас нь тийм ч эрүүл сонголт биш юм. Зайдас болон хиамны төрлийн бүтээгдэхүүн биед хоол болохоос илүүтэй ходоод дүүргэх төдий л үйлчилгээтэй.
Сүү
Сүү өглөөний цайнд тань зайлшгүй байх ёстой. Хэрвээ та сүүтэй цайнд тийм ч дуртай биш бол кофендоо ахиухан сүү хийх эсвэл нэг стакан сүү дангаар нь уухыг зөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
401
0 эможи
keyboard_arrow_up