Ширээний ард зөв суух 7 санамж
Хүзүү, нурууны булчингийн гаралтай өвдөлтийн 70-90% нь бидний амьдралын буруу дадлаас шалтгаалж байгааг судлаачид анхааруулж байна. Хүзүү, нурууны булчингийн гаралтай өвдөлтийн улмаас ажлын бүтээмж буурах, өдөр тутмын амьдралын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, хөдөлгөөнийг хязгаарлах, улмаар бидний амьдралын чанарыг бууруулах томоохон хүчин зүйлс болж байна. Булчингийн гаралтай өвдөлтүүд нь ихэвчлэн булчингийн хэт чангарал, сулрал, ядралтай холбоотой юм. Буруу төрх байдал, хөдөлгөөнүүд нь булчингийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулах шалтгаан юм. Булчингийн гаралтай нурууны өвдөлтийн үед ихэвчлэн идэвхгүй (иллэг, бариа засал, бумба) аргуудаар өвдөлтийг намдааж байгаа нь түр зуур өвдөлтийг намдаахад туслахаас, энэ зовиураас бүр мөсөн салахад тусладаггүй болохыг судлаачид зөвлөж байна. Хэрвээ таньд ийм зовиур байдаг бол мэргэжлийн эмч, хөдөлгөөн засалчид хандах. Харин үүнээс урьдчилан сэргийлэхэд туслах зорилгоор дараах зөвлөмжийг хүргэж байна.
1. Бүтэн өдрийн турш толгойгоо гудайлган суух нь хүзүүний булчин чангарах шалтгаан болно. Хүзүүний булчингийн чангаралтай хүмүүст толгой өвдөх, хүзүү чилэх, өвдөх зовиур илэрдэг. Иймээс толгойгоо эгцэлж цэх сууж байхыг зөвлөж байна.
2. Ширээний ард бөгтийн удаан сууснаар цээжний урд талын булчин чангарах, нурууны булчин сулрадаг. Энэ нь нурууны бөгтөр улам бүр нэмэгдэх, мөр унжих шалтгаан болдог. Иймээс цээжний булчингийн сунгалтын дасгал тогтмол хийн чангарсан булчинг суллахыг зөвлөж байна.
3. Ширээний ард удаан суух явцдаа хүзүүн, нуруугаар нэг хөдөлгөөн байнга давтан хийх нь булчинг ядраадаг. Иймээс ширээний орчмын эд зүйлсийн зохион байгуулалтыг сайжруулах, удаан тонгойсон ажил хийхээс татгалзахыг зөвлөж байна.
4. Ширээний ард удаан сууснаар гуяны урд талын булчингийн урт богиносдог. Ингэснээр босоод зогсох үед түнхний үеэр нугарсан биеийн буруу төрхтэй болох шалтгаан болно. Иймээс ажлын байрандаа гуяны урд болон ард талын булчингийн сунгалт тогтмол хийхийг зөвлөж байна.
5. Компьютерийн гарыг тэгш хэмтэй байлгах. Тэгш бус хэм нь бугуйн үений булчингийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлснөөс бугуйн үений өвдөлт үүсэх шалтгаан болдог.
6. Ширээний ард хөлөө ачиж удаан сууснаар цусны эргэлтийг бууруулж, түнх болон нурууны үенд очих даралтыг нэмэгдүүлдэг. Иймээс ширээний ард суухдаа хөлийн тавхай газарт бүтэн тавигдан, биеийн жинг мэдрэхэд дэм болох. Энэ суулт нь цусны эргэлтийг сайжруулах тохиромжтой юм.
ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД ТАНЫ ГАРТ