Шинэ ажилтанд зориулсан шилдэг 8 зөвлөгөө
Хэрвээ та шинэ ажилд ороод хэрхэн дасан зохицохоо мэдэхгүй будилж хамт олон, орчин нөхцөл, ажлын ачаалал зэргээс болоод хүндхэн байдалд байгаа бол дараах аргуудыг туршаад үзээрэй.
1. Гэр бүлд нэгдэхийн тулд ...
Хамт олон гэдэг бол нэг гэр бүл юм. Тэр гэр бүлд шинэ гишүүн болж орохын тулд чамаас асар их сэтгэл зүрх шаардагдана. Бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж чаддаг байх юм бол энэ гэр бүл чамайг алгаа тосон угтаж авна. Аливаа зүйлийг аргацаах бодолтой, хариуцлагагүй, амиа бодсон, хуурамч зан шинэ ажилтаныг маш хурдан нэр хүндгүй болгодог. Амьдралынхаа 24 цагийн 8 цагийг чи ажил дээрээ өнгөрүүлж тэнд байгаа хүмүүстэй хамт амьдрах болно. Хэрэв чи багийн биш ГАНЦААРЧИЛСАН ТОГЛОЛТ хийх сонирхолтой байгаа бол нэг дугуйтай машин замын голд гацдаг гэдгийг сайн санах хэрэгтэй. Тиймээс өдрийн турш хамт байж, бие биедээ туслаж дэмжих халуун ам бүлд чадах чинээгээрээ сэтгэл гарган нэгд. Яаж сэтгэл гаргах вэ гэж үү? Чамд хэн нэгэн чин сэтгэлээсээ туслах үед ямар мэдрэмж төрдөг вэ? Яг л тэрийг хий.
2. Бүгдийг асуу
Юу чадахгүй, юу болохгүй, юуг мэдэхгүй байна тэр бүхнээ зоригтойгоор асууж сур. Ариун цэврийн өрөөг хүртэл хаана байдгийг ичиж санаа зоволгүй асуу. Чамайг юу ч мэдэхгүй шинэ ажилтан гэдгийг тэртэй тэргүй бүгд мэднэ. Тиймээс асуухаас санаа БҮҮ ЗОВ. Чи яг юу хийх, яаж хийх ёстойгоо, ямар үр дүнд хүрэх хэрэгтэй гэдгээ заавал асуу! Хэрвээ чи өөрөө л төвөгшөөхгүй бол хүн нэг бүртэй дотносож мэдэх чадах бүхнийг нь сонсч тэмдэглэж аваарай. Туршлага гэдэг бол хамгийн том багш юм шүү.
3. Ажил биш бүтээл юм
“Яаж өнөөдрийг тэсч давна даа” гэж бодсоор шинэ ажил дээрээ ирж байгаа бол яг одоо харах өнцгөө өөрчил. Чи энэ ажилд орох болсон ямар нэгэн шалтгаан байж л таараа. Түүнийгээ сайн бодож байгаад тухайн зүйлдээ илүү төвлөр. Бас энэ бол ажил биш юм. Энэ бол чиний хийх ДУРТАЙ зүйл. Гараас чинь гарч байгаа бүхэн нэг урлагийн үзүүлбэр, чиний нэрээр хаяглагдах шинэ ажилтны ур чадвар, сэтгэл зүрх болоод хүндлэл шингэсэн ШИНЭ БҮТЭЭЛ юм.
4. Дайчин байхаас илүү тэвчээртэй бай
Шинэ ажилчид эхний өдрөөсөө эхлээд нэг долоо хоног үнэхээр дайчин шаргуу байдаг. Гэхдээ энэ бүхэн нь үнэлэгдэж чадахгүй, олон нийтийн анхаарлыг татахгүй байх тохиолдолд маш хурдан сэтгэлээр унаж бүтээмж нь буурдаг. Гэхдээ эхнээсээ эхлээд дайчин байхаас гадна ТЭВЧЭЭРТЭЙ нэгэн байж сурах хэрэгтэй. Ажил, хөдөлмөр гэдэг хэзээ ч үл дуусах бас хэзээ ч оргил гэж байдаггүй зүйл гэдгийг ойлго. Оргил өөд мацсаар байхын тулд өөрөөсөө асар их тэвчээрийг гарга.
5. Өөрийнхөөрөө шийдэж сур
Бүх зүйлийг бусдаар шийдүүлэх гэж оролдох нь чамайг алиа салбадай мэт харагдуулна. Асуудлын логикоор нь ойлгосон бол жижиг сажиг шийдвэрийг ӨӨРӨӨ ГАРГА. Хүн бүрээс яг ямар зүйл хүсч байгааг нь асуу. Тэгээд түүнийх нь дагуу хар зургийг нь гаргаад өөрөө жинхэнэ утгаараа хийж эхэл. Чи шинэ ажилтан болохоос биш дадлагын ОЮУТАН БИШ шүү дээ! Өөрийнхөөрөө тэнцвэртэй, ухаалаг нэгэн байж өөрөө санал дэвшүүлж, асуудалд бие даасан шийдвэр гаргаж сурах хэрэгтэй.
6. Хүн нэг бүрээс суралц
Хүн бүр өөр бодолтой, өөр өөр төсөөллийн ертөнцтэй. Тиймээс Чи хүн бүрийн тэр өвөрмөц ертөнцийг олж харж тэнд нь буй эрдэнэсийн авдараас нь өөртөө хэрэгтэй зүйлийг олж, түүнээс суралц. Хамт олон гэдэг гэр бүлд нэгдсэн л бол нэг зүйлийг маш сайн ойлго “МУУ ХҮН гэж хаа ч үгүй. Харин БУРУУ ҮЙЛДЭЛ л гэж бий.”. Тиймээс хүн бүрийн сайн сайхан зүйлийг хамгийн түрүүнд олж хараарай.
7. Хэзээд бэлэн бай
Хэн нэгэн чамаас ямар нэгэн зүйл хүсэх үед чадахаараа тусалж, өөрийнхөө бүхий л нөөц боломжийг ашиглан бэлэн байдалд байх хэрэгтэй. Энэ нь нэг талаасаа чамд олон зүйлийг зэрэг амжуулахын тулд бэлтгэлтэй төлөвлөгөөтэй байх чадварыг суулгана. Нөгөө талаасаа хамт олон дундаа нэр хүндийг олно. Ер нь шинэ ажилтан хэзээд БЭЛЭН БАЙХ ёстой гэж дарга удирдлага боддог тул аль болох л чамд даатгах бүхий л шинэ ажилд урьдаас бэлдэж, төлөвлөгөөтэй ханддаг юм шүү.
8. Өөрийгөө чагна
Эцэст нь хэлэхэд өөрийгөө цаг тутамд чагнаж бай! Яг юу хүсдэгээ, ямар зүйлд дуртай болохоо, энэ ажил чамайг сэтгэл хангалуун байлгаж чадаж байна уу? Чи тууштай бас үр дүнтэй ажиллаж чадаж байгаа юу, энэ ажил чамайг өсч дэвшихэд чинь тусалж байна уу, чи өөрийгөө хөгжүүлж чадаж байна уу гэх мэт хэдэн мянган асуултанд ХАРИУЛТ өгч өөрөө өөрийнхөө доторх хүнийг үргэлж сонсоорой. Амжилт хүсье.