Ажлын ярилцлагд хэрэг болох 11 ЗӨВЛӨГӨӨ
Их сургуулиа төгсөөд ажлын талбарт гарах, хуучин ажлаа шинээр солих нь хүн бүрт л тохиолддог. Ажилд орно гэдэг ажлын ярилцлагад орно гэсэн үг гэдгийг та юу эс андах. Зарим хүн өөрийгөө илэрхийлэхдээ төрөлхийн сайн байдаг бол зарим хүнд бэлтгэл, оролдлого хэрэгтэй байдаг. Дараах 11 зөвлөгөөг дадал болгоход хэцүү байж болох ч нэгэнт хэвшүүлчихсэн байхад таны ярилцлага хийх ур чадвар нэмэгдэх нь гарцаагүй юм.
1. НЭН ТҮРҮҮНД СЭТГЭЛЗҮЙГЭЭ БЭЛД
Өөрийгөө идэвхжүүл. Магадгүй зарим хүнд, ялангуяа маш чухал ярилцлагын үеэр тайван, сэргэлэн цовоо байна гэдэг хэцүү. Гэсэн ч хэдэн гүнзгий амьсгаа ав. Тайван байх нэг арга нь өөрийн амжилтыг төсөөлөх юм. Мөн тэнцэхгүй гэсэн хариу авахдаа ч бэлэн байх хэрэгтэй. Хэрвээ сандраад байвал ярилцлага авч буй хүнээ таныг шүүж байгаа онцгүй хүн гэж битгий бодоорой. Түүнийг эсрэг талын хүн гэж бодох хэрэггүй, харин ч танаас шинэ содон зүйл хүсэн хүлээж суугаа хүн юм.
2. ХЭДЭН САЙН АСУУЛТ БЭЛД
Ажлын ярилцлага гэдэг амар биш. Төгсгөлд нь та хэдэн асуулт асуух ч сонирхолгүй болж мэдэх юм. Гэтэл ярилцлагын төгсгөлд ажил олгогчдоос асуулт асууснаар тухайн ажлыг сонирхож байгаагаа, мөн өөрийн юу мэддэгийг харуулдаг. Зарим үед ярилцлагын үеэр асуух асуулт олддоггүй. Тиймээс урьдчилаад биччих хэрэгтэй. Тэгээд дахин дахин давтаж сандралаа алга болгоорой.
3. САЛХИЙГ ЗӨВ ХАГАЛ
Анхны сэтгэгдэл чухал учраас ярилцлагаа эхнээс нь л зөв эхлүүлэх хэрэгтэй. Гэвч ажлын ярилцлагын уур амьсгал хүнийг биеэ барихад хүргэдэг болохоор яриаг эхлүүлэх оновчтой үг олох эхэндээ хэцүү байдаг. Бас их сандарсан үед анхны таатай сэтгэгдэл төрүүлэх амаргүй. Тэгвэл та яриагаа ярилцлага авах хүний амралтын өдөр хэрхэн өнгөрсөн бэ хэмээн асууж юм уу тухайн байгууллагын блог, сошиал медиа хуудсанд тавигдсан пост таалагдсан шүү гэх мэтээр эхлүүлж болох юм.
4. СУЛ ТАЛАА ИЛЭН ДАЛАНГҮЙ ХЭЛ
Ярилцлага авч буй хүн танаас хамгийн том сул талыг чинь асуувал зөв үгээр хариулна гэдэг хэцүү. Юутай ч өөрийгөө маш их ажилладаг гэж бүү хэлээрэй. Хэтэрхий улиг болчихсон зүйл. Түүний оронд өөрийн хамгийн том сул талыг үнэнээр нь хэлээд, хэрхэн зассанаа яриарай.
5. БИЕИЙН ХЭЛЭМЖДЭЭ АНХААР
Өөртөө итгэлтэй гэсэн сэтгэгдэл төрүүлэх хүн бүхэнд амар биш. Гэвч ярилцлагын үед энэ нь маш чухал. Бөгтийх, тайван бус байх, нүдээ дальдчуулах зэрэг нь таныг эвгүй, хуурмаг харагдуулна. Энэ бүгдийг хянах хэцүү ч биеийн хэлэмждээ анхаарч, итгэлтэй байгаагаа харуулах үйлдлүүдийг зуршил болгосон байхад ярилцлагад амжилт гаргах магадлал нэмэгдэнэ.
6. ЦАЛИН ЯРИХЫН ӨМНӨ ЗАРИМ ЗҮЙЛИЙГ МЭДСЭН БАЙ
Мөнгө бол ярихад эвгүй сэдэв. Бас ажлын ярилцлагыг амархан нурааж чадна. Тиймээс үүнд урьдчилан бэлдэх нь ярилцлагын үеэр цалинтай холбоотой эвгүй байдал үүсэхээс сэргийлнэ. Өөрийн үнэ цэнийг мэд. Зах зээлээ судал. Цалингийн тухай яриа үүсмэгцэ эхлээд ярилцлага авч буй хүнээр мөнгөний хэмжээг хэлүүл. Тэгээд уян хатан, үнэн сэтгэлээсээ ярилцаарай.
7. ТАЙВАН ХАНД
Ажлын ярилцлагын үеэр тайван байж, аль болох зөв үйлдэл гарга. Business Insider-ийн Шана Лебовиц энэ аргыг ялангуяа ичимхий хүмүүст зөвлөж байна. Ингэснээр тэд өөртөө итгэлтэй, асуултанд ул суурьтай хандаж байгаа сэтгэгдлийг ярилцлага авч буй хүнд төрүүлдэг. Хэрвээ та асуултанд яаран хариулбал эмх замбараагүй сонсогдож, сандарч байгаа чинь мэдэгдэх болно.
8. ГОЛ ЗҮЙЛЭЭСЭЭ БҮҮ ХАЗАЙ
Та айж сандрах ч юмуу, туршлагагүй хүн танаас яриа авах үед хадуураад явчихаж мэднэ. Тус байгууллагад ямар ач тустай зүйл хийж чадах вэ гэдгээ ярихын оронд өөрийн гаргасан амжилтуудыг дурдаад явж байх вий. Тухайн байгууллагад юу хийж чадах вэ гэдэг дээр ямагт төвлөрөн яриарай. Таны ярьж хэлж буй бүх зүйл нэг л зүйлийн тухай байх ёстой: Та энэ ажилд яагаад тохирох вэ?
9. ЮУНААС ЭРЧ ХҮЧ, УРАМ ЗОРИГ АВДГАА ҮНЭНЭЭР НЬ ХЭЛ
Энэ тухай асуулт энгийн мэт боловч зөв хариулахад ярвигтай. Та гайхалтай хариулт хэлэхийг хүснэ, тэгсэн мөртлөө худал хуурмаг сонсогдохыг мэдээж хүсэхгүй. Гол арга нь энэ асуултын хариуг хэтрүүлэн бодохгүй байх явдал юм. Хамгийн зохимжит хариулт нь үнэн сэтгэлийн, өөдрөг хариулт. Ярилцлагадаа орохын өмнө хариултаа тунгаан бодоорой.
10. ДАРААГИЙН ХИЙХ АЛХМУУДАА АСУУ
Их сандардаг эсвэл ажлын ярилцлагад орж байсан туршлага багатай хүн дараагийн алхмуудаа асуухдаа санаа зовж болох юм. Гэсэн ч дараагийнхаа хийх зүйлсийг асууснаар тухайн хүн ярилцлага авч буй хүнд өөрийгөө прагматик, тус ажилд нухацтай хандаж байгааг харуулдаг. Нэмж хэлэхэд, хэрвээ ярилцагч таны хариултыг сонирхон сонсож байвал ярилцлага амжилттай болсон гэсэн үг хэмээн Business Insider-ийн Натали Уолтеср зөвлөж байна.
11. ТАЛАРХЛЫН ИМЭЙЛ ИЛГЭЭ
Таны ярилцлага амжилттай болж өнгөрлөө гэж бодъё. Харин санаа чинь амраад нэгэн чухал алхмыг мартчих гээд байдаг тал бий шүү. Тийм ээ, талархлаа илэрхийсэн имэйл явуулснаар та тухайн ажилд сэтгэлээсээ хандаж байгаагаа харуулж байгаа юм. Зарим тохиолдолд энэ бяцхан үйлдэл таны ажилд орох орохгүйг ч шийдвэрлэнэ. Ажлын ярилцлагад орсныхоо дараа 24 цагийн дотор ярилцлага авсан хүндээ талархлын үгтэй имэйл явуулаарай.