Ашигтай ч хортой, амттай ч аюултай
Хиам,зайдас,гахайн утсан махнаас эхлээд нөөшилсэн болон ямар нэгэн химийн нэмэлтээр боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэхэд нөлөөлдөг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн жил анхааруулсан. Эрүүл ахуйн хяналт шалгалт, стандарт, норм нарийн баримтлан ажилладаг олон жилийн түүхтэй үйлдвэрүүд үүнтэй санал нийлэлгүй, ДЭМБ-ын анхааруулгыг сөргөөр хүлээж авсан нь мэдээж.
Гурван жилийн өмнө нитритийн хордлогоор 14 хүн ХӨСҮТ-д нэг дор эмчлүүлж байсныг санаж байна. Гахайн тагалцагт нитритийн давс хийж чанаж идээд тийн хордсон гэдэг. Монгол Улсын хэмжээнд хиам, хиаман бүтээгдэхүүний үйлдвэрлэлд амт, өнгө оруулах зориулалтаар нитритийн давсыг (E249 E240) өргөнөөр хэрэглэж байгаа. Гэхдээ МХЕГ-аас жилд нэг удаа, тогтсон хуваарийн дагуу үйлдвэрүүдэд шалгалт хийж, хянадаг учраас байгууллагуудын дотоод хяналтад найдахаас өөр арга байхгүй. Олон жилийн түүхтэй, хүнсний манлай үйлдвэрүүдийн хувьд дэргэдээ лабораторитай, мэргэжилтнүүд нь туршлагатай, дотоод хяналт сайтай байдаг тул илүү итгэл үнэмшил төрүүлдэг.
Ходоодны өвчлөл ихтэй манай улсын хувьд хоёр жилийн өмнө хиамны 40 үйлдвэр, бөөний төвд шалгалт хийхэд нийт хиаман бүтээгдэхүүний 23 хувь нь нян, 4.4 хувь нь нитритийн хэмжээ ихтэй байсан нь илэрчээ.
Нитрит нь эрүүл мэндэд хортой хэдий ч хиамны үйлдвэрлэлд зайлшгүй ашиглах шаардлагатай хэмээн судлаачид үздэг. Нитрит хортой ч ашигтай. Нянтай махны аюулаас тэр биднийг хамгаалдаг. Харин хиам амттай ч аюултай. Стандартын шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн сонгож, зохистой хэрэглэхгүй бол хавдар болон ходоодны өвчлөлийн эрсдэлтэй нүүр тулна. Мэдээж архи, тамхины хортой харьцуулахад үзүүлэх нөлөө, өвчний шалтгаан ялгаатай ч өдөр бүр 50 гр боловсруулсан махан бүтээгдэхүүн хэрэглэхэд хавдрын эрсдэл 18 хувиар нэмэгддэг хэмээн ДЭМБ-ын илтгэлд дурдагдсан байна. Махыг боловсруулах явцад ашиглаж буй химийн бодис эрүүл мэндэд хортойгоос гадна хамгийн гол нь өндөр темпаратурт болгох үед маханд карсиноген хэмээх хорт хавдар үүсгэгч бий болдог аж.