Ажлын цагтаа амжиж суръя

2016 оны 8 сарын 06

Товч агуулга:

    Хүмүүсийн 17-хон хувь нь ажлын цагаа үр дүнтэй ашигладаг
    Хоёр минутын дүрэм
    Их ажлын дундуурх бага амралт

Олон хүмүүс ажлын цагаа үр дүнгүй өнгөрүүлснээс болж оройн цагаар ажиллах болдог. Ажлын үеэр биднийг сатааруулах зүйлс олон. Хамт ажилладаг хүмүүсийн яриа чих дэлсэх, фейсбүүкээр тэнэх, цай кофе эргүүлэх, байн байн утас дуугарах, уулзалтад оролцох гэх мэт. Эдгээр чухал болон чухал бус зүйлээс болж хөнгөхөн хийчих ажилтай оройжин зууралддаг. Зууралдаад ч гараас гарахгүй байх үе зөндөө. Тиймээс ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд хэрэг болохуйц хэдэн зүйл хуваалцъя.
Ажлын цагаа үр дүнтэй өнгөрүүлж байгаа эсэхдээ дүгнэлт хийх

Цагаа зөв зарцуулж сурахын тулд өдөрт ажил дээрээ хэдэн цаг байдгаа тоол. Тоолоод үзэхэд хэдэн цагийг ажил дээрээ өнгөрүүлж байна вэ?. Хэт олон цаг байгаа юм биш биз. Тийм бол ажлын цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд суралцах хэрэгтэй болжээ. Хүмүүсийн 17-хон хувь нь ажлын цагаа үр дүнтэй ашигладаг гэсэн судалгаа байдаг. Тэгвэл үлдсэн 83 хувь нь цагаа зөв ашиглаж чаддаггүй байх нь. Чи тэдний тоонд ормооргүй л байгаа биз дээ.
Хоногийн 24 цагийг хэсэгчлэн хуваа

Их ажлын дундуур багахан хугацаанд амраад ав. Энэ бол маш үр дүнтэй арга гэж судлаачид үздэг. Ажлыг сунжруулах нь байдлыг бүр дордуулдаг. Урьдаас төлөвлөж, хэсэг хугацаанд амарч байх хэрэгтэй.  Биеийн хөнгөхөн дасгал хийж, гадаа алхаж боломжтой бол фитнест явбал бүр сайн.
Хоёр минутын дүрмийг мөрд

Судлаач Steve Olenski  хоёр минутын дүрэм үр дүнтэй болохыг баталдаг. Энэхүү дүрэм маш энгийн. Аливаа ажлыг хойшлуулахгүйгээр шууд хий. Хоёр минутад хийж болох ажлыг хойш тавьснаар хэд дахин их цаг зарцуулах болдог.
Үр дүнгүй хурал, уулзалтыг цуцал

Өдөр тутмын хурал, уулзалтууд нь ажлын цагийг дэмий үрдэг. Австралийн Atlassian-аас хийсэн судалгаагаар хүн нэг сарын ажлын цаг буюу 160 цагаас 31 цагийг үр дүнгүй хуралд сууж өнгөрүүлдэг гэжээ. Цагаа дэмий үрэхээс гадна, үүнээс болж ажлаа алддаг гэж гомдоллодог байна. Ажлаас гадуур уулзалтад явах гэж байгаа бол хэр чухал вэ гэдгийг бодоорой. Онцын шаардлагагүй санагдвал цуцалчих. Уулзалт хийх газар руу явахад хэчнээн минут зарцуулах вэ, нэмээд замын түгжрэлд орно гээд л хайран цаг хугацаа алдана.
Нэг минутыг ч дэмий өнгөрөөх хэрэггүй

Таксинд сууж явахдаа ч үр бүтээлтэй бай гэсэн санаа. Ихэнх хүмүүс гэртээ харих, ажилдаа ирэх замдаа утсаараа фейсбүүкдэж, тоглоом тоглодог. Үүний оронд ажил хэргийн холбоотой хүнтэй утсаар ярих, имэйл явуулах, хийх ажлынхаа жагсаалт гаргах гээд олон зүйл хийж болно. Ажлынхаа үр дүнг цэгнэж, эргэцүүлж явсан ч болно шүү дээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35156
0 эможи
keyboard_arrow_up