Жимс түүх болоод худалдан авахынхаа өмнө үүнийг уншаарай
-Хэлбэр дүрсээ алдаагүй, улаан ягаан өнгөтэй, орой дээрх цэцэг нь унаагүй гүзээлзгэнэ худалдан аваарай-
Хүн бүхэн л байгалиасаа хишиг горилон жимс түүж, түүгээр ч барахгүй амжиргааныхаа үүсвэрийг залгуулан ил задгай талбайд худалдах болсон.
Чанарын шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй жимс жимсгэнийг худалдан авах болоод түүхдээ иргэд юун дээр анхаарч, болзошгүй эрсдэлээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах болон муудаж чанараа алдсан байгалийн жимсийг хэрхэн таних талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал хорио цээрийн хяналтын хэлтсийн Ахлах байцаагч Ц.Булгантай уулзаж ярилцлаа.
Ц.БУЛГАН: НЭРСИЙГ НАЙМДУГААР САРЫН 5-НААС, ҮХРИЙН НҮДИЙГ МӨН САРЫН 15-НААС ТҮҮХИЙГ ЗӨВШӨӨРДӨГ
-Сүүлийн үед иргэд байгалийн жимсийг ихээр түүх боллоо. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас үүнд ямар хяналт тавьдаг вэ?
-Мэргэжлийн хяналтын байгууллага бол хүний хүнсэнд хэрэглэж байгаа бүх бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг хийдэг. Манай Ургамал хамгаалал хорио цээрийн хяналтын хэлтэс бол ургамлын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн сав баглаа боодол, тэдгээрийг худалдан борлуулах, тээвэрлэх, тариалах бүх үе шатанд хяналт тавьдаг. Байгалийн дагалдах нөөц, баялгийг иргэд ашиглахыг хуулиараа зөвшөөрсөн байдаг. Гэхдээ Байгалийн ургамлын тухай хуулийн 16-ийн нэгд заасны дагуу иргэд түүх боломжтой хугацаанд нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах ёстой.
-Жимс түүх зөвшөөрөгдсөн хугацаа хэдийд байдаг вэ?
- Нэрсийг наймдугаар сарын 5-наас,
- Үхрийн нүдийг наймдугаар сарын 15-наас,
- Мөөг зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-н хүртэл
- Гүзээлзгэнийг долдугаар сарын 15-наас наймдугаар сарын 15 хүртэл түүхийг зөвшөөрдөг бол
- Хусны шүүсийг тавдугаар сарын 10-наас зургаадугаар сарын 15 хүртэл авахыг заасан байдаг.
-Жимс түүх зөвшөөрлийг хаанаас авдаг бол?
-Иргэн тухайн дагалдах баялагт харьяалагдах нутгийн засаг даргаас зөвшөөрөл авч, тодорхой хэмжээний төлбөрийг төлнө. Зөвшөөрөл олгохдоо жимс жимсгэний нөөцийн 60 хувийг үлдээж 40 хувийг нь түүх зарчмыг баримтална.
-Нэг иргэнд худалдах зорилгоор хэчнээн хэмжээний жимс түүхийг зөвшөөрдөг вэ?
-Жимс түүх хэмжээг тухайн бүс нутгийн баялгаас хамаараад 100-800 кг байх эсэхийг засаг дарга тогтооно. Харин тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн түүхийг хориглосон байдаг. Жимс түүх стандартууд байна. Тухайлбал, Үхрийн нүд жимсний МNC1920 2014 гэх стандарт зааснаар түүж байгаа 100 кг жимсэнд агуулагдах хэмжээний 2 кг-аас дээшгүй хувь нь дутуу болцтой жимс байхыг хориглодог. Мөн хэт болцтой жимс түүхийг хориглодог. Хэт болцтой жимс түргэн муудах магадлал ихтэй. Учир нь дарагдаж, шүүс гоожсоноор амархан исдэг. Стандартаа мөрдөж, тээвэрлэлт хадгалалтаа сайтар баривал байгалийн баялаг гэдэг утгаараа хүний биед ашигтай амин дэм болно. Хамгийн гол нь хадгалалт, тээвэрлэлт зэрэг нарийн горимуудаа л мөрдөж, стандартын шаардлагыг хангах ёстой. Жишээ нь нэрсийг нэг саванд 50 кг-аас дээш хэмжээгээр хийхэд доод талдаа дарагдан шүүс гоожсон байдаг шүү дээ. Ингэснээр муудах орчин бүрддэг.
НЭРСИЙГ ТҮҮСЭН ӨДРӨӨСӨӨ 12 ЦАГ ЕРДИЙН НӨХЦӨЛД, ҮҮНЭЭС ХОЙШ 2-4 ХЭМД 14 ХОНОГ ХАДГАЛДАГ
-Тэгвэл хувийн хэрэгцээнд?
-Хувийн хэрэгцээнд самар 80 кг, жимс 100 кг түүх боломжтойг заасан байдаг.
-Байгалийн жимсийн хадгалалт ямар байх ёстой вэ. Яаж хадгалсан тохиолдолд ашигтай чанараа хадгалах бол?
-Нэрс жимсийг түүсэн өдрөөсөө 12 цаг ердийн нөхцөл, үүнээс хойш 2-4 хэмд 14 хоног хадгалах хэрэгтэй. Харин түүнээс цааш хатаах технологиор хугацааг нь уртасгана. Бусад жимсний хувьд ч адилхан.
-Тэгвэл мөөгийг муудахаас хэрхэн сэргийлэх вэ?
-Мөөгийг зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэл түүхийг зөвшөөрдөг талаар дээр дурдсан. Манай орны хөрсөнд ургадаг хүнсэнд хэрэглэж болох дөрвөн төрлийн мөөгөнд стандарт мөрддөг. Тэнд хэрхэн түүхийг хүртэл зааж өгсөн байдаг. Мөөгний малгайг 2-4 см болсон үеэс түүхийг зөвшөөрнө. Түүнээс бус хэт жижигхэн байхад нь түүхийг хориглодог. Хэрэв зайлшгүй түүхээр бол малгайнаас доош нэг см ташуу огтолно. Шинэ байдлыг нь хадгалахын тулд хүйтэн усанд сойж болно. Мөн 2-4 хэм вакум орчинд байлгах юм уу хатаадаг. Ингэсэн тохиолдолд хадгалалтын явцад бохирдол үүсэхгүй, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй.
-Гар дээрээс гүзээлзгэнэ ихээр зарах боллоо. Нялцгай шүүслэг жимс болохоор амархан мууддаг байх?
-Гүзээлзгэнийг таван кг-аас илүү хэмжээгээр тээвэрлэж болохгүй гэсэн заалттай. Долдугаар сарын 15-наас наймдугаар сарын 15 хүртэл түүхийг зөвшөөрсөн байдаг. Одоо бол түүх хугацаа нь болсон гэсэн үг. Харин 100 кг жимсний 2 кг-аас дээш хувь нь дутуу болцтой жимс байхыг хориглоно. Энд нэг зүйлийг огт зөвшөөрдөггүй. Хорхой шавьжид идэгдсэн жимсийг түүж худалдаалахыг хориглодог.
ЖИМС ШУУД НАРНЫ ТУСГАЛД НАЙМАН ЦАГИЙН ДОТОР МУУДАЖ ЭХЭЛДЭГ
-Ямар шаардлага хангасан тохиолдолд жимсийг ил задгайгаар худалдаалахыг зөвшөөрдөг вэ?
-Ил задгай худалдаалах зөвшөөрлийг дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтэс олгодог. Хяналтыг харьяа дүүргийн цагдаа, мэргэжилтнүүд хийдэг. Харин бидний хувьд ил задгай худалдаа нэмэгдэх үед болон иргэдийн гомдлын дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг явуулна. Жимс худалдаалах хүнд дараах шаардлагыг тавина.
- Жимс худалдаалагч эрүүл мэндийн үзлэгт орж халдварт өвчний нян тээгч бусыг баталсан эрүүл мэндийн дэвтэртэй байх
- Ажлын байрны нөхцөлийг хангасан байх
- Дүрэмт хувцас өмссөн байх
- Жин хэмжүүр нь шаардлага хангасан байх ёстой. Энэ шаардлагуудыг хангасан тохиолдолд жимс ил задгай зарах зөвшөөрлийг өгдөг.
-Хуульд заагаагүй хугацаанд жимс их хэмжээгээр түүсэн тохиолдолд иргэдэд ямар хариуцлага тооцдог вэ?
-Зөрчлийн тухай хууль, Ургамал хамгааллын тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулиудад зааснаар 10-50 мянган төгрөг эсвэл хөдөлмөр хөлсний доод хэмжээг 5-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгуул ногдуулдаг.
-Халууны улиралд ил задгай худалдаалж буй жимс жимсгэнэ нарны тусгалд хэдий хэрийн хугацаанд исэлдэж чанараа алддаг бол?
-Ургамлын гаралтай бүтээгдэхүүн нь өөртөө их хэмжээний ус агуулдаг учраас шууд нарны тусгалд найман цагийн дотор исэлдэн муудаж эхэлдэг. Бидний нүдэнд харагдахгүй төрөл бүрийн химийн процесс тэнд явагдаж байгаа шүү дээ. Түүнээс гадна ил задгай худалдааны дэргэдүүр машины хөдөлгөөн ихтэй учраас үргэлж шороонд дарагдаж байдаг. Тиймээс авсан жимсээ заавал угааж идэх шаардлагатай.
ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГАСАН БАЙГАЛИЙН ЖИМСИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?
Жимс жимсгэнэ буюу ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг муудсан эсэхийг харааны баримжаагаараа мэдэх боломжтой. Иймд байгалийн жимс худалдан авахдаа сайтар ажиглан Нийслэлийн мэргэжлийн хяналтаас гаргасан дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй.
- Жимс авахдаа юун түрүүнд шинэлэг байдлыг нь харах хэрэгтэй.
- Үхрийн нүд, нэрсийг хэт дарагдсан, шүүс нь гоожсон байвал худалдан авах хэрэггүй. Учир нь шинэлэг байдлаа алдсан гэсэн үг.
- Шинэхэн үхрийн нүд хөх ягаан өнгөтэй, сайтар ажиглавал ногоон туяатай байдаг.
- Халуун нөхцөлд шүүс ихтэй жимс амархан исдэг. Иймд жимснээс исгэлэн үнэр үнэртвэл авахаас татгалзаарай. Учир нь хадгалалт, аюулгүй байдалд өөрчлөлт орсон байна гэсэн үг юм.
- Иссэн жимс идсэн хүүхэд хэт эмзэг бол гүйлгэх аюултай. Том хүн элсэн чихэр хийж идэж болох хэдий ч исэлт нэгэнт явагдсан бол эргээд хэвийн байдалд оруулах боломжгүй. Тиймээс иссэн жимсийг заавал авах гээд байх шаардлагагүй.
- Бөөрөнхий хэлбэрээ алдаагүй, шүүс гараагүйг сонгоорой.
- Болц гүйцээгүй жимсийг авах хэрэггүй.
- Хэзээ түүж ямар горимд хадгалсан нь тодорхойгүй жимсийг гар дээрээс худалдан авахаас зайлсхийгээрэй. Өөрөөр хэлбэл худалдааны төвүүдээс буюу хаяг шошготой, мэдээлэл нь бүрэн, буух эзэнтэй хүнс сонгохыг зөвлөж байна.
- Гүзээлзгэний хувьд хэлбэр дүрсээ алдаагүй, улаан ягаан өнгөтэй, орой дээрх цэцэг нь унаагүй байвал шинээрээ байна гэж ойлгож болно.
БАЙГАЛИЙН ЖИМС ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ЯМАР АШИГТАЙ ВЭ?
Хүмүүсийн нийтлэг түүдэг, манай оронд ургадаг жимснүүдийн мэдээллийг хүргэж байна.
ҮХРИЙН НҮД нь P, C, B1, B2 амин дэм агуулдаг хүний эрүүл мэндэд маш тустай жимс юм.Уг жимс манай орны Дорнод, Хэнтий, Завхан, Увс, Өвөрхангай, Говь-Алтай, Төв, Хөвсгөл, Ховд аймгуудад нутгийн шинэсэн гацуур, шинэсэн ба хусан ой, тэдгээрийн зах, ойн цоорхой, гол горхийн эрэг, нуранги, хад асгатай газар ургана.
Үхрийн нүд нь ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, хоолны дуршил сайжруулж, гэдэс өвдөлтийг зогсоохын сацуу биеийг тэнхрүүлж цус багадалтыг зогсоодог. Шүүсээр нь хоолойн өвчин, хөхүүлэн ханиалгахыг эмчилдэг бөгөөд навч нь бөөрний үйл ажиллагааг тордон идэвхжүүлж, туулайтах өвчний үед тустай байдаг аж.
ГҮЗЭЭЛЗГЭНЭ нь Хан хөхийн нурууны их ар, Шажингийн даваа, Дээд улаан энгэр, Хужирт, Хар цагаан усны эх, Улаан энгэр зэрэг газруудад элбэг тохиолдоно. Гүзээлзгэнийг өглөө шүүдэр унасны дараа, эсвэл үдэш шүүдэр унахаас өмнө түүдэг. Найрлагад нь магни, төмөр, фосфор, кальц, С аминдэм ихээр агуулагддаг. Шүүсийг боловсорч гүйцсэн жимс, эсвэл навчнаас нь бэлдэж болно. Цус багадалт, цэр ховхлох, шархны эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор шүүсийг нь цайны халбагаар өдөрт гурван удаа ууж болно. Идээ шүүстэй шархан дээр шүүсээр нь шавшлага хийх, гоо сайхны эмчилгээнд сэвх толбо арилгахад хэрэглэдэг байна. Жимсээр нь чанамал, кисель, ундаа шүүс, мөхөөлдөс, сүмс, чихрийн чөмөг, дарс зэрэг бүтээгдэхүүн хийж хүнсэнд ашиглана.
НЭРС нь маргенцаар баялаг бөгөөд амин дэм C, B, B2, каротин, хөвсийлгөх бодис, пектин, чихэр, алимны, янтарын, сүүний хүчил агуулдаг. Хоолойн үрэвсэлтэй хүн хар нэрсний өтгөн хандаар ам, хоолойгоо зайлах нь тустай бөгөөд ингэхийн тулд 100г хуурай үрийг 0.5л усанд буцалган 300мл болтол ширгээж хандалдаг. Мөн нүдний хараанд тустайн сацуу ходоодны хүчил багадсан өнгөц үрэвсэл, ялангуяа суулгах, элэгний үрэвсэл, үе мөчний хэрэх, бөөрний чулуу, арьсны өвчнүүдийн үед сайн эм болдог байна. Мөн гүйлгэх, гэдэс ходоодны өвчинд аньс, нэрсийг хэрэглэдэг. Ингэхдээ аяга усанд 1-2 халбага жимс хийгээд идээшүүлэн өдөрт 50г хоолны өмнө ууна. Мөн өтгөн хаталтыг зогсоодог байна.
АНЬСны навчийг ханиад томууг анагаахад өргөн хэрэглэдэг. Аньс нь хүйтэнд ногооноороо байдаг маш тэсвэртэй ургамал бөгөөд -40 ба түүнээс илүү градусын хүйтэнд ч тэсвэрлэдэг байна. Аньс нь олон төрлийн витаминууд аминхүчлүүд агуулдаг учир эрт үеэс олон оронд эмчилгээний зориулалтаар ашиглаж иржээ.