Гоо сайхны үнэтэй салоноор явж цагаа гарздах хэрэггүй
Эмэгтэй та өндөр үнэтэй гоо сайхны салонуудаар явж цаг мөнгөө гарздалгүйгээр гэрийн нөхцөлд өөрийнхөө арьсыг арчлах бүрэн боломжтой юм. Гэхдээ арьсан дахь гоо сайхны засал нь зөвхөн гаднаасаа бус дотроосоо ч эмчлэгдэх ёстойг санаарай. Шороотой хавар, халуун зуны улиралд танд нүүр харлах, сэвхтэж батгаших, арьсан доор хөхрөх зэрэг элдвийн бэрхшээл тулгарсаар байдаг. Тиймээс витамин С-тэй хоол унд түлхүү хэрэглээд үзээрэй. Витамин С ихээр агуулдаг нимбэгний шүүсийг өндөгний шартай хольж долоо хоногт /2-3/ удаа нүүрэндээ бигнүүр /маск/ тавьж байвал сайн үр дүнтэй байдаг юм шүү. Энэ мэт гэрийн нөхцөлд нүүрний арьсаа хэрхэн арчилж, хамгаалж болох талаархи зөвлөгөөг хүргэе.
Хүний арьс 7-45 хоногт бүрэн гууждаг
Монгол хүн 30-аас дээш насандаа ихэвчлэн тослог эсвэл холимог арьстай болдог байна. Энэ нь идэж ууж буй зүйлтэй шууд холбоотой байдаг аж. Тос, өөхтэй зүйл их идсэнээс арьс тослогжин, шар үсний нүх нь томордог. Энгийн арьстай хүнийх ч зундаа холимог болж, өвөл хуурайшдаг. Хэрэв сайхан арьстай байхыг хүсч байгаа бол өөх тостой зүйл бага идээрэй. Аль болох жимс, жимсгэнэ, цагаан идээ их идэж өглөө, орой хүнд хоолноос татгалз. Долоо хоногийн нэг өдрийг цагаан хоолтой болгож ч болно шүү дээ. Дашрамд сонирхуулахад хүний арьс 7-45 хоногт бүрэн гууждаг юм байна. Аливаа химийн гаралтай бүтээгдэхүүн /гоо сайхны тос крем/ нь сөрөг нөлөөтэй тул хэчнээн үнэтэй сайн тос байсан ч үргэлж түрхэх, унтахдаа арилгаж угаахгүй бол нүүрний арьс амархан хөгширдөг. Гэр орондоо байх, ойр зуур гарахад нүүрний тос энэгэсэг хэрэглэхгүй байх нь зөв. Хүний нүүр бас амрах ёстой.
SPF гэсэн бичигтэй тосыг байнга
хэрэглэж бай
Хуурай цаг агаар, хүйтэн хоёр арьсны хамгийн хэцүү “дайснуудын” нэг нь. Хуурай нөхцөлд арьсны бүтэц алдагдан үрчлээ, сэвх, толбо үүсч, нүүрний арьс өөр өөр өнгөтэй болдог. Нэг ёсондоо арьс чийггүй болон хагарч говийн хатсан хөрс мэт болдог. Энэ үед нь тосон биш чийгшилттэй тос сонгохыг зөвлөж байна. Тос арьсанд чийг өгч чаддаггүй аж. Манайхан зөвхөн зун л нарны хэт ягаан туяанаас хамгаалах тос хэрэглэдэг нь буруу гэнэ. Манай оронд жилийн дөрвөн улиралд нарны хэт ягаан туяаны үйлчлэл буурахгүй хэвээр байдаг болохоор SPF гэсэн бичигтэй тосыг байнга хэрэглэж байх ёстой аж.
Зуун настын шүүс сэвх арилгана
Тасалгааны ургамал зуун настын шүүсийг эрүүл мэндэд төдийгүй гоо сайханд хэрэглэдэг байна. Хэрэв нүүр тань харлаад, сэвхтэх шинж орсон бол дараахь аргыг хэрэглээд үзээрэй. Нэгдүгээрт, тал аяга зуун настын шүүсэнд нимбэгний шүүс дусаагаад уг бэлдмэлээр унтахын өмнө нүүрээ арч. Хөвөн эсвэл даавуунд шингээж арчихаа мартуузай. Сайтар арчсаны дараа өглөө нь нүүрээ угаагаарай. Долоо хоног арчихад арьс тань мэдэгдэхүйц цайрч, өнгөлөг болсон байна. Хоёрдугаарт, дутуу чанасан өндөгний нялцгай шард зуун настын шүүс дусаагаад маск маягаар нүүрэндээ тавина. Ийм маскийг долоо хоногт гурваас дөрвөн удаа тавьж заншвал нүүр тань ямагт цагаан, цэвэрхэн байх болно.
Уруулын дасгал үрчлээ үүсэхээс сэргийлнэ
Уруулын эргэн тойронд байгаа булчинг идэвхжүүлэх нь сэтгэл санаа сэргээх, ой тогтоолтыг сайжруулах, шүд бэхжүүлэх, уруулын эргэн тойронд үрчлээ үүсэхээс сэргийлэх гэх мэт олон талын ач холбогдолтой байдаг байна. Тийм учраас хэд хэдэн хялбархан дасгалыг хийж болдог байна. Үүнд,
1. Уруулаа цорвойн лаа үлээх гэж байгаа мэт үйлдлийг 30-40 удаа хийнэ.
2. Гүнзгий амьсгаа авч хацраа түмбийлгэ. Амьсгаагаа аажмаар гаргах явцдаа огцом үлээ.
3. А, Э, И, О, У, Ө, Ү гэсэн авиа үсгүүдийг олон удаа давтан хэл.
4. Хүчтэй тургих үйлдлийг 15-20 удаа давтаж, дараа нь амандаа ус зайлж байгаа мэт хөдөлгөөн хийнэ. Эцэст нь уруулаа жимийн мушийх байдлаар хоёр тийш хэд хэдэн удаа болгоорой.
Нүүрний арьсаа өдөр бүр арчлах үндсэн дөрвөн үе шат
Нэгдүгээр үе бол цэвэрлэх: Ердийн ба хуурай арьсыг найрлагадаа хөөс үүсгэгч агуулаагүй сүүн шингэнээр цэвэрлэдэг. Сүүн шингэн нь чийгшүүлэгч бодис агуулсан байдаг тул нүүрний арьсыг хуурайшихаас хамгаалж, гадны бохирдол, будгийг маш сайн цэвэрлэхийн зэрэгцээ арьсыг зөөлрүүлж, уян болгодог. Үүний дараа арьсыг зөөлрүүлсэн бүлээн усаар угаах юм уу эсвэл чийгтэй салфеткаар арч.
Хоёрдугаар үе шат бол сэргээх: Сэргээх үе шат нь цэвэрлэх үе шатны төгсгөл болдог. Ердийн ба хуурай арьсыг сэргээхдээ хөвөнд шингээсэн тоникоор арчиж өгдөг. Ингэснээр арьсны гадаргуу дахь бохирдлын үлдэгдлийг цэвэрлэж, арьсыг чийгшүүлэн, тайвшруулж сэргээнэ. Тоникийн найрлагад агуулагдах биологийн идэвхт бодисууд нь бусад төрлийн гоо сайхны бүтээгдэхүүний үйлчилгээг эрчимжүүлнэ. Харин тослог, холимог арьсыг лосьоноор арчиж сэргээнэ.
Гуравдугаар үе шат бол хамгаалах, чийгшүүлэх: Энэ шатанд өдрийн тос хэрэглээрэй. Өдрийн тос нь хүрээлэн буй орчин, нар салхины таагүй нөлөөнөөс арьсыг хамгаалж, арьсанд тэжээл өгч шаардлагатай чийгийг бүх л өдрийн турш хадгалж байх үүрэгтэй.
Дөрөвдүгээр үе шат бол тэжээл өгөх: Хүний биологийн хөгшрөлт 25 наснаас эхлэн явагддаг тул шөнийн тосыг энэ үеэс эхлэн заавал хэрэглэх шаардлагатай. Өдрийн алжаалыг тайлж, арьсыг тайвшруулах зорилгоор шөнийн тос хэрэглэнэ. Шөнийн тэжээлийн тосыг унтахаас 40 минутын өмнө түрхэнэ. Нэг ба хоёрдугаар үе шатны дараа орой бүр үүнийг хийж байгаарай.
Хөмсөг хоорондох үрчлээ бөөр өвдвөл
улам тодордог
Арьс хүний хамгийн эмзэг эрхтэн тул та нүүрээ арчихдаа ч зөөлөн алчуураар дарж арчих хэрэгтэй юм. Нүүрэн дээр юм туурах, үрчлээ зэрэг нь таны дотор эрхтэнтэй холбоотой тул та дотор эрхтнээ эмчлүүлснээр энэ бүгдээс бүрэн ангижирч чадах болно. Үрчлээнээс хамгаалах хамгийн энгийн арга бол өглөө бүр хоёр алгаа халуу оргитол үрж, нүүрээ халуун алгаараа илэх явдал гэж эрдэмтэд нотолж байна.
ДУХАН ДЭЭРХ ҮРЧЛЭЭ
Ийм үрчлээ гүнзгий байж болно. Эсвэл бүдэг, бүр өөр хэлбэртэй ч байж болно. Ер нь, энэхүү үрчлээ нь таны гуниг зовлон, гомдол гутрал¬тай холбоотой. Тиймээс таны дотоод сэтгэ¬лийн гуниг зовлон бусдад тодорхой харагдах учиргүй гэдгийг санах нь зүйтэй болов уу. Өглөө бүр гараа¬раа духаа хойш илэх нь духанд үрчлээ суулгахгүй байх хамгийн сайн арга төдийгүй нас ахих цагт үс ч цагаарч унах нь багасдаг гэнэ.
ХӨМСӨГ ХООРОНДОХ ҮРЧЛЭЭ
Энэ үрчлээ агшин зуур тодорвол таны нүдний хараа¬тай холбоотой. Таны хараа муудаад хөмсөг зангидах тусам хараа тань улам мууддаг байна. Мөн аливаа зүйлд уцаарлах, нарны шилгүй явах болон бөөр, шээсний сувгийн үйл ажил-лагаа тань муудахад энэ үрчлээ улам тодордог аж.
ДЭЭД ЗОВХИНЫ ҮРЧЛЭЭ
Магадгүй та үүнийг анзаардаггүй байх. Зовхин дээр үрчлээ гарах нь таныг хөгшин, маш их ядарч туйлдсан харагдуулдаг. Ер нь, энэхүү үрчлээ нь олон жил шил зүүснээс үүсдэг. Иймээс та аль болох хөнгөн рамтай шил зүүх хэрэгтэй. Мөн зүрхний үйл ажилла¬гаатай холбоотой учир та эмчид үзүүлэх нь зүйтэй.
ДООД ЗОВХИНЫ ҮРЧЛЭЭ
Өөртөө анхаарал тавих цаг болжээ. Энэ үрчлээ нь хэт их ажиллаж ядарснаас үүсдэг. Тиймээс та ажил амралтаа зөв зохицуулж, нойроо бүтэн авах нь чухал. Энэ үрчлээ нь хамгийн амархан арилдаг юм шүү.
ХАЦАР ДЭЭРХ ҮРЧЛЭЭ
Архи тамхи хэтрүүлэн хэрэглэдэг хүнд илүү их тогтдог. Тиймээс та муу зуршлаа юуны өмнө хаях нь чухал. Мөн зүрх судасны үйл ажиллагаа муудсантай холбоотой.
ХҮЗҮҮНИЙ ҮРЧЛЭЭ
Нүүрээ арчлаад зөнд нь орхисноос, дэр дэрлэж унтдаггүй зэргээс ихэвчлэн үүсдэг. Тиймээс нүүрэндээ тавьж байгаа анхаарлаа хүзүүндээ нэг тавиад үзээ¬рэй. Мөн таны биеэ авч яваа байдал алхаа, гишгээ, хараа зэргээс шалтгаална. Хараа дээгүүр, нуруу цэх явах нь таны гоо сайханд чухал нөлөө үзүүлнэ.