Багадаа ном их уншвал хожим цалин их авах нь
Багадаа ном их уншвал том болоод бусдаас өндөр цалин авч, амжилттай ажилладаг тухай судалгаа “Экономик журнал”-д хэвлэгджээ. Италийн Падуа хотын их сургуулийн эдийн засагч Жоржио Брюнелло, Кристоф Уейс нар өнгөрсөн зууны дунд үед Европын есөн оронд төрсөн 6000 эрийн амьдралын түүхийг судалсан аж. Ийн тэднийг 10-аас бага болон 100-гаас дээш ном уншсан гэх зэргээр ангилсан байна. 10 насандаа олон ба цөөн ном уншсан, хөдөө болон хотод өссөн нь хүний боловсролд нөлөөлдөг гэж тэд дүгнэжээ.
Өөрөөр хэлбэл, хөдөө өссөн хүүхдүүдийн уншсан номнууд нь хотын багачуудынхаас илүү нөлөөлдөг гэнэ. Эрчүүд дээд боловсрол эзэмшвэл насан туршийн дундаж орлого их байх магадлал есөн хувиар нэмэгддэг байна. Олон жил сурсан ч унших дургүй байсан бол орлого их байх магадлал тав, дээд боловсролтойн дээр олон ном шимтэн үзсэн хүнийх 21 хувь аж.