Хүүхдээ тогтмол хөхүүлэх нь өндгөвч, хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулна
Монгол Улсын хэмжээнд хүүхдийг эхийн сүүгээр хооллох үзүүлэлтүүд жил ирэх тусам буурсаар байгаа бөгөөд 2010 онд нийт нялхсын 66 хувь нь төрснөөс хойш эхний зургаан сарын турш зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд уг үзүүлэлт 47 хувь болж буурсан байна.
Харин Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар батлагдсан “Эх, бага насны хүүхдийн хооллолтыг дэмжих стратеги”-ийн хүрээнд 2020 он гэхэд эхийн сүүгээр дагнан хооллолтыг 70 хувьд хүргэх зорилт дэвшүүлжээ.
Үүнтэй холбоотойгоор Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс “Бүүвэйн дуугаар хүүхдээ өсгөе, Эхийн сүүгээр хүүхдээ хооллоё” уриалгыг дэвшүүлж байгаа ажээ.
Эхийн сүүгээр хооллоогүй хүүхэд халдварт өвчин болон хоол тэжээлийн дуталд өртөх, оюун ухааны чадавх сулрах, халдварт бус өвчинд өртөх эрсдэл өндөртэй байдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.
Эхийн сүү нь хүүхдэд зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодисуудыг агуулдаг бөгөөд түргэн боловсорч, хүүхдийн биед бүрэн шимэгддэг, хүүхдийг халдвараас хамгаалж, орчны халуунд шингэрч, хүйтэнд илчлэг чанар нь ихэсч, харшил үүсгэхгүй, үргэлж шинэхэн, гашлахгүй, исэж муудахгүй, шууд хүүхдийн аманд ордог учир өвчин үүсгэгчдээр бохирдоогүй байдаг зэрэг олон талын ач холбогдолтой аж.
Түүнчлэн хүүхдээ тогтмол хөхүүлснээр эхийн өндгөвч болон хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг байна.