Ажлын байрны стрессээ удирдах долоон зөвлөмж
Эдийн засаг сайн, муу ямар ч үед ажлын байран дээр хүнд хэцүү нөхцөл гарч байдаг. Гэхдээ эдийн засаг муу үед тэрхүү нөхцөл байдал улам хүндэрдэг. Гэрт гарсан асуудал ажлын байрны асуудалд шууд нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү? Та удирдагч хүнийхээ хувьд танай багийн гишүүдийн ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж болохуйц ажлаас гадуурх стресс үүсгэгч хүчин зүйлс байгаа эсэхийг мэдэж байх нь чухал. Таны ажлын үүрэг бол стрессийг багасгаж, энгэйжмэнтийг бий болгохуйц орчин бүрдүүлэх билээ.
Стрессгүй ажлын орчинд ажилчид хамгийн дээд хэмжээний бүтээмжтэй болж тэр хэмжээгээрээ ч ажлын үр дүн илүү өндөр байх хандлагатай байдаг. Хэцүү нөхцөл байдалд та болон танай багийнхан стрессээ удирдаж болох 7 зөвлөмжийг доор орууллаа:
Нэг өдрийн амьдралыг, нөгөөгөөс тусгаарлах
Мэргэжлийн борлуулагч ирээдүйн харилцаанд ямарваа нэг сөрөг үр дагавар үүсгэхгүйн тулд хэрэглэгч бүртэй үүсгэсэн харилцаагаа хооронд нь тусгаарладаг.
Таны өнгөрсөн хугацаанд гаргасан ямарваа нэг алдаа оноо болон ирээдүйд гаргаж болохуйц алдаа оноо нь яг одоо хийж буй ажилд тань нөлөөлж болохгүй. Хэрэглэгчийн үйлчилгээтэй холбоотой ажил эрхэлдэг бол одоо цагт л амьдрах хэрэгтэй.
Аар саар асуудалд санаа бүү зов
Таны амьдралын бусад чухал зүйлстэй харьцуулахад “аар саар асуудал” бол өчүүхэн төдий зүйл л байдаг. Та үүнд хэт төвлөрөх аваас зүг чигээ алдаж эхэлдэг. Оюун санаандаа том зүйлсийг зурагла. Та ингэж чадвал чухал асуудал болон аар саар зүйлсийг хооронд нь амархан ялгах болно. Аар саар зүйлс хэт олон болсноор энэ нь дааж давшгүй их стрэсстэй байгаа мэт санагддаг.
Аргагүй нөхцөл байдалтай эвлэр
Хэрвээ та аргагүй нөхцөл байдалд орсон бол түүнээс зугтаах бус харин ч шийдвэрлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Та яах ч аргагүй нөхцөл байдлыг таниад сурчихвал тухайн нөхцөл байдалд хандах сэтгэл санаагаа удирдах боломжтой болно. Та аргагүй нөхцөл байдалд яах ёстой талаар ухаалаг шийдвэр гаргахын тулд үр дүнг тооцоолох хэрэгтэй. Танаас хамааралгүй үнэхээр шийдэж чадахгүй асуудлыг бодох шаардлагагүй.
Бусдад аз жаргал бэлэглэ
Таны цаашдын үйл хэрэгт энэхүү зарчим хэрэг болох болно. Та ямар нэгэн сайн үйл хийж байхдаа эсвэл хэн нэгэнд туслахдаа сөрөг хандлагатай байхгүй л болов уу. Зүгээр л бусдад тустай зүйл хийвэл таны сэтгэл санаа сайжрах болно. 7 хоногт эсвэл бүр сард нэг удаа өөрийн цагаасаа ямар нэгэн сайн үйлс бүтээхэд зориул энэ нь таныг стрессээс хол байлгахад туслах болно.
Хүмүүсээс талархал заавал бүү хүлээ
Ажил дээрээ та бусдад туслах үе олонтаа тохиолдоно. Та өөрийн мэдэлгүй үүнийхээ хариуд бусдаас талархал хүлээдэг. Гэхдээ таны хүлээлт биеллээ олох тохиолдол тун цөөн. Хэрвээ та хэн нэгнээс чин сэтгэлийн талархал авч чадвал, өөрийгөө азтайд тооц. Та хэчнээн их зүйл хийсэн байсан ч ихэнх хүмүүс талархал илэрхийлж сураагүй байдаг. Бусад хүмүүс танд талархал илэрхийлээгүйгээс болоод та тэдэнд чин сэтгэлээсээ туслахаа больж болохгүй. Учир нь чин сэтгэлийн тус хэзээд хариу нэхдэггүй тус байдаг.
Ажилдаа хүсэл тэмүүлэлтэй бай
Таныг зорилгын төлөө хөтөлж байдаг эерэг эрч хүч бол урам зориг юм. Ажилдаа сэтгэл хангалуун байх, гадаад болон дотоод харилцагчидтайгаа хамтран ажиллахад эерэг хандлагатай байх шийдвэр гаргах нь чухал. Хийж байгаа ажил бүрээсээ урам зориг авах нэг арга бол ажлаа жагсааж ажлын дараа өнөөдөр хийснээ дүгнэх юм.
Хийж буй ажлаа хамгийн сайнаар хий
Аливаа шүүмжлэл танд тохироогүй эсвэл таны өөрийгөө үнэлэх үнэлэмжид муугаар нөлөөлж байх үед тэрхүү шүүмжлэлийг хүлээж авахад тун хэцүү байдаг. Та өөрийн мэддэг, чаддаг зүйлээ хамгийн сайнаараа хийж байгаа үгүйгээ өөрөөсөө асуувал дараа нь шүүмжлэлийг шийдвэрлэхэд амархан байх болно. Хэрвээ та хамгийн сайнаараа хийж байгаа л бол тухайн шүүмжлэлийг өөр дээрээ хүндээр тусгаж авах хэрэггүй.
Та өөрийгөө илүү сайжрах хэрэгтэй гэж бодож байвал тэрхүү шүүмжлэлийг арай өөр өнцгөөс хүлээн аваад хийж байгаа ажлаа илүү сайжруулж болох юм. "Шүүмжлэл бол дүрээ хувиргасан магтаал юм." гэж Дэйл Карнеги хэлсэн байдаг. Таны ажил, бүтээмжид санаа зовсон хүн л шүүмжлэл хэлнэ.
Стрессийг өөрөөсөө холдуулах зарчим бүхий алтан ном татаж авах бол эндээс татаж аваарай. Танд амжилт хүсье.