Нүүр будалтыг хялбарчлах 17 арга

2016 оны 5 сарын 13

Эмэгтэй хүн бүр эдгээрийг мэддэг байсан бол хүссэн будалтаа хийнэ гэдэг санаснаас хэд дахин амархан байх байлаа. Гэрэл сүүдрийг зөв тавих, муурын нүдэн хүрээг төгс зурах, сормуусаа илүү өтгөн, дэрвэгэр болгоход иймхэн нэмэлт ажиллагаанууд хэрэгтэй.

1. Харандаан хүрээлэгчийг гелэн рүү шилжүүл
Нүдний харандааны чинь үзүүр хэтэрхий нарийхан, хатуу санагдаад байвал шүдэнз юм уу асаагуурын галын дор 15 секунд бариад дараа нь түрхээрэй. Шинээр “зохион бүтээсэн” гелэн хүрээлэгч чинь түрхэхэд хүртэл илүү зөөлөн, гулгамтгай, хялбар байх болно.

2. Зовхио цагаан өнгийн харандаагаар хүрээлж, нүднийхээ будалтын ялгарлыг нэмэгдүүл
Тунгалаг, нимгэн түрхэгддэг нүдний будгийг тодруулахын тулд дээд зовхио тэр чигт нь цагаанаар хүрээлээд үзээрэй. Өнгөний эрс тэс байдал нь ямар ч будалтыг арьснаас чинь ялгаруулж анхаарал татам харагдуулах болно.

3. Муурын нүдэн контур тавих хялбар арга
Эхэлж муурын нүдэн будалтынхаа гаднах хүрээг зурчихаад түүнийгээ дүүргэх арга нь контур тавьж дөнгөж сурч байгаа бүсгүйчүүдэд илүү хялбар байх болно.

4. Хэрвээ гаднах хүрээг нь ч гэсэн зурахад хүндрэлтэй байвал...
Халбаганы ишийг нүднийхээ гадна талд ташуулдуулж барьж байгаад муурын нүдэн будалтынхаа суурь зураасыг зураарай. Дараа нь халбагаа нөгөө тийш нь харуулж бариад дугариг ирмэгийнх нь дагуу дээд зураасаа зур. Одоо харин гүйцээж будан, дүүргэх л үлдлээ.

5. Шуурхай смоки будалт
Зовхиныхоо гадна буланд ташуу хэрээс зураад түүнийгээ багсаараа уусгачих. 2-хон минутын смоки будалт бэлэн боллоо.

6. Нөгөө халбагаа ашиглан сормуусны будагнаасаа зовхио хамгаал
Халбагаа дотогш нь харуулж зовхин дээрээ бариад сормуусаа будвал дараа нь эргэн тойронд бууж, шүргэсэн будгийг арилгахын тулд цаг алдах шаардлагагүй.

7. Өтгөрсөн сормуусны будгийг шингэлэх арга
Нэг сормуусны будгийг гурваас дээш сар хэрэглэж болохгүй. Учир нь ийм удаан хугацаанд хэрэглэвэл будганд бактериуд цугларч, үрэвсэл үүсгэх аюултай. Гэхдээ хэрвээ чиний будаг энэ хугацаанаас ч өмнө өтгөрчихсөн бол дээр нь линз цэвэрлэдэг давстай уусмал (saline solution) нэг дусал дусаагаад хэрэглээрэй.

8. Сормуус дэрвийлгэгчээ үсний сэнсэнд жаахан халааж байгаад хэрэглэ
Яг л халсан үсний хайчаар үсээ ороовол хурдан буржийж, хэлбэрээ удаан барьдаг шиг сормуус дэрвийлгэгчээ халааж байгаад хэрэглэвэл нүд чинь өдөржингөө тормолзох болно. Дэрвийлгэгчээ сэнснийхээ өмнө барьж байгаад сайтар халаасны дараа бүрэн бүлээстэл нь хөргөж хавчаарай.

9. Нүднийхээ дээхнэ хэсэгт тальк түрх
Тэгснийхээ дараа сормуусны будгаа түрхвэл ширхэг хоорондын зайг нэмэгдүүлж, хооронд нь барьцалдуулдаг учраас илүү өтгөн, тод сормуустай харагдах болно. Ямар ч өтгөрүүлэгчтэй будаг таалагддаггүй бол заавал туршаад үзээрэй. Харин нүд рүүгээ оруулахаас л болгоомжлох хэрэгтэй.

10. Цэвэрхэн невидимка хавчаараар хиймэл сормуусныхаа цавууг түрх
Хиймэл сормуусныхаа ирмэгт цавуугаа жигд, сайн түрхэхийн тулд нарийхан хавчаар ашиглаарай. Цавуугаа түрхээд хэдэн секунд байлгасныхаа дараа наавал илүү сайн тогтох болно.

11. Уруулын будгаа удаан тогтоох арга
Уруулаа будсаныхаа дараа наахна нь сальфетка барьж байгаад будалтын багс ашиглан дээрээс нь бага зэрэг тальк түрхэж өгөөрэй. Тальк нь будалтыг чинь илүү тод, гүн болгохоос гадна тогтоцыг нь сайжруулна. Өглөө түрхээд л дахин шалгах шаардлагагүй.

12. Нунтаг тенийг уруулын будаг руу хувирга
Нүднийхээ будгийг уруулын будаг байсан ч болоосой гэж боддог уу? Халбаган дээр бага зэрэг вазелин түрхэж байгаад дээр нь будгаа цацаж багсаар холиод л болох нь тэр. Чиний “нээсэн” шинэ уруулын будаг.

13. Дээд уруулынхаа ирмэгийг тодруул
Уруулынхаа хэлбэрт сэтгэл дундуур явдаг бол шивүүлэхээсээ өмнө энэ аргыг хэрэглээд үзээрэй. Дээд уруулынхаа голд уруул хүрээлэгчээр X зурж байгаад дээрээс нь будаарай.

14. Хар хүрээ, нүдний бүлцэнг зөв далдла
Хэрэгтэй хэсэгтээ цэглэж түрхээд уусгах нь чамд амар санагддаг байх л даа. Гэхдээ өө дарагчийг хэрэглэх хамгийн зөв арга бол доод сормуусынхаа хүрээнээс эхлүүлээд уруугаа харсан гурвалжин хэлбэрээр түрхэх юм. Энэ хэлбэр нь нүдний доорх бүх улайлт, өө сэвийг дарахаас гадна царайг чинь илүү өргөгдсөн, залуу, тэнэгэр харагдуулах болно. Учир нь чиний нүдний доод хэсэгт хамгийн их гэрэл ойно шүү дээ.

15. Гэрэл сүүдэр тавих шугамаа зөв тодорхойлох хялбархан арга
Хүн бүрийн царай өөр хэлбэртэй. Тиймээс чиний сайн найзын будгаа түрхэж байгаа цэг чиний царайнд тохирохгүй ч байж мэднэ. Боронз буюу сүүдэртүүлэгчээ түрхэх шугамыг олохын тулд харандаа юм уу үзгийг хацарныхаа дагуу өнхрүүлээд ясандаа тулгаж бариарай. Олсон шугамынхаа дагуу боронзоо түрхээд багсаараа уусгахад л хангалттай.

16. Гелэн хөмсөгний харандааг сүүдэртүүлэхэд ашигла
Нүүрнийхээ хэлбэрийг илүү зөв харагдуулахын тулд чиний сүүдэртүүлэх ёстой цэгүүд бол хацрын яснуудын доор, үсний уг, эрүү, хамарны хоёр тал, үзүүр, нүдний хонхор юм. Яг тэр хэсгүүдээ гүн өнгөтэй хөмсөгний харандаагаар тэмдэглээд уусгаарай. Ийм харандаа нь өнгөний өндөр нягтаршилтай мөртлөө уусгалт сайн авдаг, будаг нь нүүдэггүй учраас сүүдэртүүлэхэд маш тохиромжтой байдаг. Дараа нь гэрэлтүүлэгч ашиглан хацрын ясны дээд хэсэг, духны гол, хамарны ясын дагуу, хацрын төв, уруулынхаа дээд хэсэгт гэрэл ойлгох хэрэгтэй.

17. Жорлонгийн суултуурын цаасаар нүүрээ арч
Анх сонсоход заваан л санагдаж байгаа байх. Гэхдээ тос шингээгч цаас, суултуурын дээр тавьдаг нэг удаагийн цаас хоёр ижилхэн материалаар хийгддэг нь үнэн. Тиймээс найзуудтайгаа уулзаж суугаад 00-ийн өрөө орж будгаа сэргээхдээ эднээс нэгийг авч нүүрэн дээрээ дарах маягаар илүүдэл тосыг нь шингээж аваад гараарай.
Зурагны эх сурвалж: MarieClaire.com

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33220
0 эможи
keyboard_arrow_up