Намхан биетэй бүсгүйчүүд яаж хувцаслах ёстой вэ?
1. Нэг өнгөөр дагна.- Толгойноосоо хөл хүртлээ нэг өнгөөр дагнаж хувцаслах нь биеийг уртасгаж харагдуулахад нөлөөлдөг. Энэ нь илүү өндөр болгож харагдуулдаг ид шидтэй. Хэт олон өнгийн хувцас нэг дор өмсөх нь жижиг биетэй бүсгүйчүүдэд тун тохиромжгүй. Учир нь энэ нь олон блок давхарлаж өрсөн юм шиг харагдуулна.
2. Өндөр суудалтай өмд юбка өмс. Цээж, хөлний пропорцоо өөрчилснөөр илүү өндөр харагдах боломжтой. Өндөр суудалтай өмд, шорт нь “харааны хууралт”-ыг бий болгож, хөлийг уртасгана.
3. Макси юбканаас бүү ай. Намхан бүсгүйчүүд урт бошинз өмсвөл илүү жижигхэн харагдана гэж эмээдэг. Гэхдээ дэрвэгэр биш, шулуун баганан стильтэй юбка харин ч хөлийг чинь урт харагдуулах болно гэдгийг сана. Энгийн майкыг дотуур нь хийж, резинийг нь бүсэлхийнийхээ дээхнэ хавьд хүртэл татаж өмсөөрэй.
4. Богино өмднөөс зайлсхий. Гуталны яг дээхнэ шуумагтай өмд нь илүү өргөн, богино хөлтэй харагдуулна. Харин гуталныхаа ихэнх хэсгийг далдалсан өмд өмсвөл хөл чинь арай урт харагдана. Мөн өргөн, трапецан өмднөөс татгалзаарай.
5. Өөртөө яг таарсан, бариувтар хувцас өмс. Жаахан л сул, дэрвэгэр, өргөн загвартай хувцас биеийн чинь хэмжээг томсгож, өндрийг багасгана.
6. Нарийхан бүс сонго. Бүс бол их бие, болон биеийн доод хэсэг хоёрыг зааглаж өгдөг акссесуар. Тиймээс өргөн бүс зүүвэл цээж чинь урт, хөл чинь богино харагдах магадлалтай. Нарийхан бүс зүүвэл хувцаслалт чинь цэмцгэр болно.
7. Том хэмжээтэй гар цүнх авах хэрэггүй. Зөвхөн цүнх, бүс ч биш, ямар ч акссесуарны хувьд том хэмжээнээс зайлсхийгээрэй.
8. Босоо шугамтай нөхөрлө. Өргөн зураас тарган харагдуулж, босоо зураас өндөр нарийхан харагдуулдаг гэдгийг өөрийнхөө галбирт зохицуулж хувцасладаг бүсгүйчүүд сайн мэдэж байгаа. Гэхдээ нэг дор хэд хэдэн босоо шугамтай хувцас өмсөхийн оронд зөвхөн зураастай өмд, эсвэл юбка сонгох нь дээр юм.
9. Хээгээ зөв сонго. Жижиг биетэй бүсгүйчүүд том том хээнээс татгалзах хэрэгтэй. Үүний оронд жижиг, босоовтор замтай хээг сонго.
10. Шовх үзүүртэй гутал өмс. Ийм гутал нь хөлийг хэвийн хэмжээнээс арай урт харагдуулдаг. Ялангуяа өсгийтэй гутал өмсөж чаддаггүй намхан бүсгүйчүүдэд сүүлийн үед моодонд ороод байгаа гурвалжин хоншоортой баллерина авахыг зөвлөж байна.
11. Бүслүүртэй гутал бүү өмс. Ийм гутал нь хөлийг илүү бүдүүн, богинохон харагдуулдаг тул бидний зорилгод нийцэхгүй.