Эерэгээр бодохын эрүүл мэндийн АЧ ТУС
Эерэгээр бодно гэдэг нь элсэнд толгойгоо шургуулчихаад амьдралын бараан төвөгтэй нөхцөл байдлуудыг анхааралгүй орхино гэсэн үг биш юм. Эерэгээр бодох гэдэг нь та таагүй нөхцөл байдалтай илүү эерэг, үр дүнтэй аргаар хандахыг хэлнэ. Та мууг биш сайн зүйл, сайн үр дүн гарна гэдэгт итгэнэ.
Эерэгээр бодох нь гол төлөв өөртэйгээ ярилцахаас эхлэдэг. Өөртэйгээ ярилцана гэдэг нь таны толгойд эргэлдэх төгсгөлгүй олон бодлууд юм. Эдгээр автомат бодлууд нь эерэг аль эсвэл сөрөг байж болно. Зарим бодлууд нь логик учир шалтгаанаас ч үүссэн байж болно. Зарим нь мэдээлэл дутуугаас болж таны үүсгэсэн буруу төсөөллүүдээс магадгүй бий болно.
Хэрвээ таны толгойд эргэлдэх бодлуудын ихэнхи нь сөрөг бол таны амьдралд хандах хандлага тань гутранги тал руугаа байна. Хэрвээ бодлууд ихэнхдээ эерэг бол та өөдрөг хүн, эерэгээр бодох зуршилаар хичээллэдэг хүн байх нь.
Судлаачид эерэгээр бодох болон өөдрөг үзлийн эрүүл мэндийн нөлөөллийг судалсаар байна. Эерэгээр бодохтой холбоотойгоор эрүүл мэндэд гарах боломжтой ач тус нь:
- Нас уртасгана
- Депресст орохыг бууруулна
- Шаналалыг бууруулна
- Ханиад хүрэхээс сайн эсэргүүцнэ
- Сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд илүү сайн байна
- Зүрх судасны өвчний улмаас нас барах эрсдлийг багасгана.
- Хэцүү цаг үе, стресст орсон үед тэмцэх чадварыг сайжруулна
Яагаад эерэгээр бодох дадалтай хүмүүст дээрх эрүүл мэндийн эерэг нөлөөлөл байдаг нь тодорхой болоогүй байгаа юм. Нэг онол бол эерэг хандлага нь стресстэй нөхцөл байдалтай илүү сайн тэмцэх боломжтой болгодог тул стрессээс болж биед үүсэх сөрөг нөлөөллүүдийг бууруулдаг гэж үздэг.