Илүү сайн суралцахад туслах 6 дүрэм

2014 оны 5 сарын 17

1. Зорилгоо тодорхойл

Энэ сургалтанд явж дууссаны дараа, эсвэл магистрынхаа хичээлийн жилийн төгсгөлд юуг чаддаг, ямар үр дүнд хүрсэн байх, өөртөө ямар дэвшил хийсэн байхаа дэвтэрнийхээ урд талд юм уу, цаасан дээр бичээд ширээнийхээ дээр наагаарай. Ажил хийж үзсэнийхээ дараа суралцахын сайхан нь хичээлээсээ өөртөө юуг “наах”-аа тодорхой мэддэг болчихсонд байдаг юм.

2. Хичээлийн төлөвлөгөө гарга
Багш нар л сургалтын төлөвлөгөө гаргах ёстой юм биш шүү. Шинэ зүйлд шамдан суралцаж буй чамд ч гэсэн үүнийг хийх зайлшгүй шаардлага бий. Долоо хоног эсвэл сарын хугацаанд өөрийн юу сурч, мэдэхийг хүсэж буй, мөн хаана хичээллэж, ямар ном хэрэглэх зэрэг тодорхой зүйлүүдийг бичсэн төлөвлөгөөгөө гаргаарай. Ингэх нь хичээлээ “бөөндөж” хийхээс сэргийлэх бөгөөд толгойн доторх олон бодлоос чинь нэгийг ч гэсэн цаасан дээр гаргаж, чамайг амраана шүү дээ.

3. Тодруулагч, наалддаг цаас гэх мэт хэрэгслүүдтэй нөхөрлө
Заавал цээжлэх ёстой зүйлийнхээ доогуур нь зурж тэмдэглэдэг байсан бол одооноос тодруулагч хэрэглэж заншаарай. Хүний тархи доогуур нь зурсан, тодруулсан хоёр текстийн тодруулсныг нь илүү амархан цээжилдэг болохыг эрдэмтэд олж тогтоосон байна. Наалддаг цаас, ягаан, ногоон өнгийн тодруулагчид бол чиний сайн түншүүд л гэсэн үг. Зөвхөн ангид л сууж байхдаа авсан мэдээлэл бүрэн мэдлэг болж хэзээ ч чаддаггүй. Ялангуяа шинээр хэл сурч байгаа үед үргэлж шинэ үг, хэлц үг хайж, цээжилж байж л төгс мэдлэгтэй болдог шүү дээ. Тиймээс наалддаг цаастай “наалдмаар” сайн найзууд болоорой. Өнгө өнгийн наалддаг цаас нь жирийн цаасыг бодвол олон үг багтаахгүй ч гэлээ хүний сонирхлыг өдөөж, хаана ч гэсэн шилжин “явахад” амрын дээр үг автоматаар тогтоолгохдоо гаргууд сайн.

4. “Нэг суувал сайн сууна!”
Хичээлээ хийхээр ширээнд суухынхаа өмнө өөртөө хэрэгтэй бүх зүйлсээ ойрхон байрлуулаарай. Ус, толь бичиг, чихэвчний хөгжим, баллуур, шугам, багахан жигнэмэг гээд чамайг босгож, ийш тийш явуулахад хүргэдэг зүйлсийг суухаасаа өмнө л нэг мөсөн цуглуулах хэрэгтэй. Тэгээд нэг суухаараа маш сайн сууж хичээлээ хийгээрэй. Одоо зөвхөн хичээлээ л хийдэг байсан оюутан үе шигээ аажуу тайвнаар давтаж болохгүй. Учир нь сурсан зүйлээ тэр дор нь хэрэгжүүлэх ажлын байр чинь чамайг өглөө бүр хүлээж байгаа.

5. Орой эрт унтаж, өглөө эрт сэрнэ
Сурч байгаа хүмүүсийн түгээмэл алдаа нь шөнөжингөө хичээлээ хийх явдал юм. Эцсийн мөчид бие даалтаа хураалгах “амттай” ч гэлээ чи биеэ оронд нь зольж байгаа гэдгээ ухаарах хэрэгтэй. Эрүүл байхын гол үндэс бол хоолоо тогтмол цагт идэж, орой эрт унтаж, өглөө эрт сэрэх. Тиймээс цагаа зөв зохицуулж, өдөр бүр жигд ачаалалтай ажиллаж сураарай.

6. Хичээллэх тухтай орчин бүрдүүлэх
Хичээл хийхэд тухтай орчин гэдэг нь заавал өндөр ширээ, түүнд таарсан модон сандал байх албагүй. Хүн хүний тухтай, тохиромжтой орчин өөр өөр байдаг. Намайг бага байхад ээж маань хэлний ангид оройгоор сурч байхдаа аав, дүү, бид гурвыг “унтуулчихаад” орон дээрээ ном дэвтрээ дэлгэн чимээгүйхэн хичээлээ хийдэг байж билээ. Шөнө хааяа сэрэхэд ээж эгээ л үгээ цээжилчихсэн, ханзаа бичээд сууж байна. Сандал ширээнд сууж 90 градусын хэмийг барьж хичээллээгүй ч гэсэн ээжийн маань хувьд үр бүтээлтэй суралцахад хамгийн тохиромжтой байрлал, орчин нь тэр л байсан гэдэгт одоо ч би итгэдэг. Харин зарим хүмүүс бол ор, хөнжил, дэргэд нь хурхиран унтах гэрийнхнээ хараад шууд л нам унтана гэдэгт ч бас итгэлтэй байна. Тиймээс өөрт яг л хичээл хиймээр санагддаг тэр орчноо олж хичээллээрэй. Илүү сайн амжилт гаргахын гол түлхүүр нь суралцахад тохитой орчин шүү дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3130
3 эможи
keyboard_arrow_up