Хөдөө аж ахуйг инновацижуулна

2016 оны 3 сарын 25

Мэдлэг шингэсэн, дэлхийд өрсөлдөхүйц хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

Хүнс, хөдөө аж ахуйн инновацийн эмхтгэл нэртэй зузаан ном өмнө минь байна. Ногоон хавтас, олон хуудастай энэ номонд үйлдвэрлэхэд бэлэн 500 шинэ санаа жагсаажээ.

Гэвч эдгээрийн дотроос үйлдвэрлэлд нэвтэрсэн нь нэн ховор. Ихэнх нь цаасан дээр буусан төдий. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх 500 санаачилга биеллээ ололгүй, ердөө санаа хэвээр үлдэж буй нь энэ.

Бас манай нийт эрдэмтэн, судлаачдын 30 хувь нь зөвхөн хүнс, хөдөө аж ахуйн салбарынх. Энэ нь тус салбар хэр хэмжээний мэдлэгийн нөөцтэйг илтгэнэ. Дээр өгүүлсэн өнөөх зузаан ном ч үүний нэг баталгаа. Өөрөөр хэлбэл, монголчуудын хэдэн зууны турш эрхэлсэн, уламжлалт салбарт инноваци нэвтрүүлэх шинэ санаачлагчдын “арми” хангалттай байна.

Хүнс, хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий 18 хувийг бүрдүүлдэг

Тиймээс шинжилгээ, судалгааны ажлууд чамгүй хийжээ. Мал аж ахуйн салбарт л гэхэд монгол эрдэмтэд 20 гаруй үүлдрийг өлгийдөн авсан. Энэ дунд ноолуурын чиглэлийн ямааны таван үүлдэр байна.

Тэрчлэн оны эхээр гэхэд Дархад үүлдрийн хонийг албан ёсоор бүртгэжээ. Дархад үүлдрийн ноос нь хивсний үйлдвэрлэлд нэн тохиромжтой аж. Улмаар мал аж ахуйн чиглэлд шинжлэх ухааны 52, инновацийн 26, цөм технологийн нэг төсөл хэрэгжиж байна.

Мөн инновацийн гарааны компаниуд ч байгуулсан. Тухайлбал, тэжээлийн ургамлын “Арвин ургацын ундраа” компани шинэ сортын ургамлыг нутагшуулж байна. Ер нь ганц мал аж ахуй гэлтгүй газар тариалан, хүнсний салбарт ч инноваци нэвтэрчээ.

Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл сүүлийн таван жилд хүнс, хөдөө аж ахуйн салбарын 40 гаруй төсөлд гурван тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ дэмжлэгийн үр дүнд шууд үйлдвэрлэхэд бэлэн 200 гаруй бүтээгдэхүүн бий болжээ. Энэ бүгдээс үзэхэд манай хөдөө аж ахуйн салбарт шинэ санаачилга, шинжлэх ухааны дэвшлийн боломж байна.

Дээрээс нь энэ салбар түүхий эдээр гачигдах зовлонгүй. Үргэлж л өсөж үржин, урган цэцэглэж байдаг. Өнгөрсөн оны байдлаар таван хошуу малын тоо толгой нь түүхэн дээд түвшиндээ хүрсэн. Ингэхээр хүн хүч болоод түүхий эдийн нөөц хүнс, хөдөө аж ахуйн салбарт байна. Гэвч мэдлэг шингэсэн, дэлхийд өрсөлдөхөөр бүтээгдэхүүн алга.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх инновацийн хөтөлбөр баталлаа

Хүнс, хөдөө аж ахуйн салбар манай ДНБ-ий 18 хувийг бүрдүүлдэг. Бас нийт ажиллах хүчний 38 хувь нь энэ салбарт бий. Гэхдээ эдийн засагт үзүүлэх нөлөө үүнээс ч илүү байх боломжтой гэж салбарынхан үзэж байна.

Үүний тулд өнөө технологийн дэвшлээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинжлэх ухааны ололтыг ашиглах шаардлагатай аж. Бас цаг уурын өөрчлөлт ч уламжлалт арга барилаа засахыг давхар шаардаж буй. Илүү бүтээмжтэй, илүү өгөөжтэй үйлдвэрлийн эрэлд.

Нөгөө талаас энэ үйлдвэрлэлээ төрөөс дэмжинэ гэж салбарын сайд мэдэгдлээ. Юун түрүүнд “Хөрс хамгаалахад дотоодын бүтээгдэхүүнийг ашиглахаар төлөвлөж байна. Үүний тулд тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар судалж байна. Төр үндэсний үйлдвэрлэлийн хамгийн том худалдан авагч ёстой гэж” Хүнс, хөдөө аж ахуй сайд Р.Бурмаа хэллээ.

  •  Монголын эрдэмтдийн 30 хувь нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажилладаг.
  •  Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл хүнс, хөдөө аж ахуйн салбарт 40 гурван тэрбум төгрөг зарцуулжээ.
  •  Эрдэмтэд, үйлдвэрлэгчтэй түншилнэ.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улс шиг хязгаарлагдмал хүний нөөцтэй, эрдэм шинжилгээний байгууллагын чадавх сул, хувийн хөрөнгө оруулалтын тогтолцоо бүрдээгүй нөхцөлд түргэн өсөх чадвартай салбаруудыг тодорхойлж эдийн засгийн өсөлтөө түргэтгэнэ” гэж мэдэгджээ.

Тиймээс ч хөгжлөө түргэтгэхийн тулд шинийг санаачлагчийг үйлдвэрлэгчтэй түншүүлэхээр ажиллаж байна. Үүний эхлэл болгож эрдэмтэд, үйлдвэрлэгчдийг нэгэн дээвэр доор нэгтгэсэн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн үндэсний чуулган зохион байгууллаа.

Мөн Засгийн газраас Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх инновацийн хөтөлбөр баталжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30656
0 эможи
keyboard_arrow_up