Өдрийн турш үзэсгэлэнтэй харагдах 7 арга
Үс, нүүр будалтандаа цаг гарга
Миний хувьд тухайн өдөр сайхан харагдахыг хүсвэл үс болон нүүр будалтандаа цаг гаргахыг хичээдэг. Энэ хоёрыг сэтгэлдээ хүртэл хийчихвэл тэр өдөртөө л сэтгэл татам, сайхан байгаагаа улам ихээр мэдэрдэг шүү. Та маш завгүй хүн байж болно л доо. Эсвэл нялх хүүхэдтэй, толинд ч харах цаггүй ч байж мэдэх юм. Гэхдээ л үсээ самнаад, нүүрэндээ тос энгэсэг түрхэхэд хэдхэн минут л шаардлагатайг битгий мартаарай. Та самаа ил гаргаад, нүүрэндээ тосоо түрхэхэд л хамаг ажил амжчихна. Та үсээ өмнөхөөсөө арай өөрөөр боож эсвэл задгай тавьчихсан байхад илүү үзэсгэлэнтэй болоход хангалттай шүү дээ. 15-хан минутыг үсэндээ, арьсандаа зарцуулсны дараа та өөртөө ч гайхах болно гэдэгт итгэлтэй байна.
Биед эвтэйхэн, таатай хувцсаа өмс
Илүү үзэсгэлэнтэй харагдахад тань туслах дараагийн зөвлөмж бол биед эвтэйхэн бөгөөд загварлаг хувцас өмсөх явдал юм. Мэдээж, та дургүй хувцсаа өмсчихөөд өөрийгөө сайхан харагдаж байна гэдэгтээ итгэхгүй. Хувцсаа өмсөж туршиж үзэхээс бүү залхуур. Хүссэн, бас гоё харагдах хувцсаа олтлоо эрлээ үргэлжлүүл. Танд таалагдах, таныг үзэсгэлэнтэй харагдуулах хувцас шүүгээнд тань байхгүй бол яг одоо дэлгүүр хэсч яагаад болохгүй гэж, танд мөнгө байгаа бол шүү дээ.
Өөдрөг бай
Өнөөдрийг хамгийн сайхан өдөр болгох гол хүч нь танд бий гэдгийг бүү мартаарай. Өөрийгөө эерэг сайхан энергээр цэнэглэ. Өөртөө сайхан үг хэл. Толиныхоо өмнө зогсч байгаад ”Чи өнөөдөр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна” гэж итгэлтэйгээр хэлээрэй. Энэ бол өдрийг гайхамшгаар дүүрэн өнгөрөөх шалгарсан аргуудын нэг юм шүү. Бас ”Төгс хүн гэж байдаггүй” гэдгийг өөртөө үргэлж сануулж яваарай. Бүх л эмэгтэйчүүдэд ямар нэгэн дутагдал байдаг. Хамгийн гол нь тэр дутагдлаа хүлээн зөвшөөрч, түүнийгээ аз жаргалын түлхүүр болгож чадвал хамгийн үзэсгэлэнтэй нь байж чадах юм шүү.
Дасгал
Би дасгал хөдөлгөөн сайн хийдэг хүн биш л дээ. Гэхдээ дасгал сургуулилт хийсний дараа ямар ч хүн маш сайхан мэдрэмжийг авдаг гэдгийг үгүйсгэж чадахгүй. Олон ч судалгаанаас харахад дасгал сургуулилт бүхэн амжилтад хөтөлдөг. Тиймээс ч дасгал хөдөлгөөн үүнээс ялгаагүйгээр хүний бие махбод болоод эрүүл мэндэд ихээхэн нөлөөтэй гэдэгт эргэлздэггүй. Та хэн ч байлаа гэсэн дасгал хөдөлгөөн таны гоо сайхан, эрүүл мэндэд санаанд багтамгүй сайхан өөрчлөлтийг авчирна гэдэгт итгэлтэй байна.
Биеийн тань аль хэсэг таалагддагийг олж нээ
Ихэнх бүсгүйчүүд өөрийнхөө бие галбиртаа сэтгэл дундуур байдаг. Гэвч бид биеийнхээ дургүй хэсэгт анхаарлаа хандуулах биш оронд нь өөрт таалагддаг хэсэгтээ анхаарлаа хандуулах хэрэгтэй юм шиг санагддаг. Та биеийнхээ аль хэсгийг хараад эрч хүч, гоо үзэсгэлэнг мэдэрдэг вэ. Таны бусдаас ялгарах гол онцлог юу юм бэ. Энэ асуултын хариултууд таныг бүхэл өдрийн турш үзэсгэлэнтэй байлгаж чадна гэдэгт бүү эргэлзээрэй.
Бяцхан судалгаа хий
Бяцхан санал асуулга хийхэд гэмгүй. Та нөхөр, эсвэл найз залуугаасаа хэдхэн асуултанд хариулт авахыг хичээгээрэй. Хэрэв танд эр хүн байхгүй бол гэр бүлийнхнээсээ ч асууж болох юм. ”Миний хамгийн сайн зан чанарыг нэрлээч” гээд тэднээс асуугаад үз. Тэдний эерэг хариултууд таныг өдрийн турш өөдрөг үзлээр цэнэглэх болно. Харин дайсагнасан хүмүүс, өмнө хамт ажиллаж байсан хүмүүсээс энэ асуултыг асуух хэрэггүй л болов уу. Учир нь тэд танд сайхан үг хэлэхээс цааргалж мэдэх л юм.
Биедээ тохирсон даашинзыг судал
Та хэд хэдэн удаа даашинз авсан ч олигтой үзэмжтэй харагдахгүй л байна уу. Ингэлээ гээд та өөртөө сэтгэл дундуур үлдэж болохгүй шүү. Үүний оронд ямар хэлбэрийн даашинз таны биеийг илүү сэтгэл татам харагдуулахыг судлаад үз. Хэрэв судалж чадахгүй бол Google-ээс хай. Тэнд даашинзны түм буман төрөл, бас түүний зохицлыг олоход ядах юмгүй шүү дээ. Магадгүй, таны сайн найз таны чадварлаг стилист ч болж мэдэх л юм.
Хамгийн чухал нь юу гэвэл, та өөрийгөө мэдрэх хэрэгтэй шүү. Та өөрийгөө үзэсгэлэнтэйгээр мэдрэхгүй байгаа бол ямар ч эр хүн таныг сайхан нүдээр харахгүй нь лавтай.