Хямралын үед хямгатай эзэгтэй байх дүрмүүд

2016 оны 3 сарын 14
Ийм үед хүүхдээ хараад гэртээ суудаг, эсвэл жирэмсний амралтаа дөнгөж аваад байгаа эзэгтэй нараас ихээхэн ухаан шаардана.
 

Эдийн засгийн хямрал гэгч зүйл айл гэрийн амьдралд хэдийнэ нөлөөлөөд эхэлжээ. Сүү, талх, хүүхдийн живх, нарийн боов, гурил, будаа гээд бүхий л хүнс, барааны үнэ жилийн өмнөхөөсөө дор хаяж 300 төгрөгөөр нэмэгдсэн байна. Ийм үед хүүхдээ хараад гэртээ суудаг, эсвэл жирэмсний амралтаа дөнгөж аваад байгаа эзэгтэй нараас ихээхэн ухаан шаардана. Ганц нөхрийнхөө цалингаа амьдралаа зохицуулж, хүүхдүүдээ өлсгөхгүй, өвтгөхгүй байхын тулд эмэгтэйчүүд бид юуг мэдсэн байх ёстой вэ?

 

Хүүхдээ живхнээс гарга

Би 2 хүүхдээ хараад гэртээ суудаг энгийн л эзэгтэй нарын нэг л дээ. Бага хүү маань хэдхэн сарын дараа 2 нас хүрэх боловч одоо хэр нь живхнээс гараагүй байсан юм. Манайх гэдэг айл зөвхөн бага хүүгийнхээ живхэнд сард 50-70 мянган төгрөг үрдэг байлаа. Гэвч сүүлийн хоёр сард хүүгээ живхнээс гаргахаар шийдээд байна. Живхэнд үрдэг байсан мөнгөөрөө хүүхдүүддээ каш, сүүг нь авъя гэж боддог болсон.

Хүүхдийг ер нь 2 сартайгаас нь эхлэн тосож болдог юм байна лээ. Жаахан л хичээчихвэл анхнаас нь живхэнд мөнгө үрэлгүй хүүхдээ өсгөх боломж бидэнд байгаа. Харин миний хувьд өдий хүртэл живх хэрэглэчихсэн болохоор хөтөвчинд суулгаж сургах гэж овоо ажил орсон.

Тиймээс ээжүүддээ захиж хэлэхэд, залхууралгүйгээр хүүхдээ живхнээс гаргаарай. Ингэж чадвал хангалттай мөнгө хэмнэх юм байна шүү.

 

Мөнгө үрэлгүйгээр нөөц бололцоогоо ашигла

Өмнө нь би дэлгүүрээс л нарийн боов худалдан авч хүүхдүүддээ идүүлэхийг боддог байлаа. Гэртээ нарийн боов хийх, боов хайрах талаар бараг л боддоггүй байж. Гэтэл дэлгүүрийн нарийн боов хамгийн хямддаа 3000 төгрөг. Тэгээд тэр нь ямар хурдан дуусна гээч. Ингээд л мөнгөө үрээд байдаг байлаа.

Харин сүүлийн нэг сарын хугацаанд гэртээ нарийн боов хийдэг болсон. Исгэгч, гурил, жаахан элсэн чихэр, давс, ус, болбол жаахан масло байхад л хангалттай. Зуурсан гурилаа 2-3 цаг исгээд шарах шүүгээндээ нарийн боовоо жигнээд л гаргаад ирдэг болсон. Тос үрэхгүй, мөнгө үрэхгүй. Шарах шүүгээгүй бол өөхөн тосонд нь боов хайрсан болно шүү дээ. Бидний багад ээж маань тэгж л амны зугаа хийж өгдөг байсныг бид мартаагүй л яваа. Ийм боовонд хүүхдүүд ч их дуртай байдаг.

 

Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнээс татгалз

Өмнө нь би нөхрөө надад үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн авч өгсөнгүй гэж уурладаг байлаа. Бөөн юм болж авсан үнэтэй энгэсгийг сар ч хүрэлгүй дуусгадаг гэхээр харамсалтай байгаа биз. Одоо бол би Монголынхоо “Биомон”, “Мандухай” зэрэг брэндийн тос, энгэсгийг авдаг болсон. Түрхээд байхаар аяндаа арьсанд шингээд дасчихдаг. Тэгээд ч хүн өөрөө л ус хангалттай ууж, хангалттай амарч, хоол ундаа тохируулж чадвал заавал хэдэн зуун мянган төгрөгийн үнэтэй гоо сайхны брэндтэй брэндгүй сайхан л харагдана даа.

Гадуур үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн ганц нүүр чийгшүүлэгч нь гэхэд 20000 төгрөгөөс буудаггүй бол “Биомон”-ых 6000-8000 төгрөг байх жишээтэй. Бас их арвитай байдаг юм шүү.

 

Автобусаар зорчиж, ойрхон газар алхаж бай

,

Яг үнэндээ би алхах дургүй, ойрхон газар байсан ч таксидчих гээд байдаг муу зуршилтай байсан. Харин саяхны нэг өдөр аавынх руугаа явах хэрэг гарахад халаасанд маань автобусны тасалбарын картнаас өөр зүйл байсангүй. Гэрээс гардаггүй хүнд өөр юу ч байхав. Ингээд л автобусаар явж, үлдсэн газарт нь алхчихсан. Тэгэхэд бие сэргээд л нэг л гоё болдог юм билээ. Үнэхээр бид хөдөлгөөний дутагдлаасаа гаръя гэвэл, эрүүл байя гэвэл илүү энгийн амьдрах ёстой юм шиг ээ.


Мөнгөө хуримтлуул

Ер нь хүн хэчнээн төгрөг олж байгаагаасаа үл хамааран хуримтлалтай болох боломжтой юм билээ. Тиймгүйсэн бол ээж аавууд маань биднийг ардчилал дөнгөж эхэлж байсан тэр хэцүү цагт төсвийн ажилтнуудын цөөхөн хэдэн төгрөгөөр хэрхэн өдий зэрэгтэй өсгөсөн байх вэ. Тэгэхээр хэдийг олж байгаа нь чухал биш харин хэрхэн зарцуулж буй нь илүү чухал юм шүү.

500 ч бай, 5000 ч бай мөнгө олдвол үрэхээсээ өмнө цааш хийж сур. Заавал хадгаламж нээлгэнэ гэж байхын оронд өөрөө л мэдэх нууц газар нээгээд гэртээ мөнгөө бага багаар хуримтлуулж яагаад болохгүй гэж. Тэр мөнгөө хэсэгтээ л мартчих. Эсвэл хүнээс зээлсэн мөнгөө өгөх гэж байна гэж бодсон ч яадаг юм...

Миний хувьд хямралыг давах гарцуудаа ийнхүү тодорхойлоод байна. Харин бусад ээжүүдэд маань үүнээс ч илүү мэргэн санаа байгаа гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн тэр бүхнийгээ бидэнтэй хуваалцаарай.

 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30075
0 эможи
keyboard_arrow_up