ХҮНИЙ БИЕИЙН ЦАГ
Бие махбодь хэдэн, цагт юу хүсдэг вэ?
Заримдаа хоногийн 24 цаг хомс мэт санагдаж хоол идэх ч завгүй болчихдог. Дутуу нойртой явж кофегоор сэтгэлээ хуурах нь ч олон. Бидний амьдралын энэхүү “марафонд” бие махбодь маань захирагдах гэж заримдаа зүдэрдэг байна. Иймээс бие махбодь хэдэн, цагт юу хүсэж байдгийг мэдээд аваарай.
06 цаг
Гормонуудын сэргэлтийн цаг. Хэрвээ та энэ цагт сэрж чадаад бие чинь тааламжтай байдалд байвал бүхэл өдөржингөө цовоо сэргэлэн, эрч хүчтэй байна. Харин ямар нэгэн гармон агуулсан эм, бэлдмэл хэрэглэдэг бол орой 18-аас өглөө 06 цагийн хооронд уугаарай.
07 цаг
Энэ цагт өглөөний цайгаа уудаггүй юмаа гэхэд ядаж нэг стакан ус уу. Өглөөний 07 цагт ходоодон дахь хоолны боловсруулалт маш идэвхтэй байдаг тул ходоодоо хоосон хонгинуулаад байж болохгүй. Тиймээс л “өглөөний цайг өөртөө” гэдэг үг гарсан байж таарна. Энэ үед нүүрс-усууд эрчимтэйгээр задран энерги болон хувирч гэдэс өглөөний цэвэрлэгээгээ хийдэг.
08.00 цаг
Бие махбодийн био эрчим идэвхтэй хэвээр үргэлжилсээр байдаг ба сэтгэл санаа таатай байх үе. Ихэнх хүмүүсийн артерийн даралт энэ цагт өсдөг. Энэ энергиэ өдрийн турш хадгалахын тулд намуухан хөгжим, сайхан дуу сонсож болно.
09. 00 цаг
Энэ цагт уураг тархи маш идэвхтэй ажилладаг. Хамгийн хүнд хэцүү зүйлийг ч тогтооход бэлэн байдаг. Энэ хугацаанд тогтоогдсон зүйл хамгийн удаан мартагддаг. Өглөөний 09 цагт шинэ үг, утасны дугаар зэргийг цээжилвэл үр дүнтэй. 09-10 цагийн хооронд элэгний үйл ажиллагаа буурдаг тул спиртийн найрлагатай зүйл уух нь зохисгүй.
10.00 -11.00 цаг
Хэрвээ та сэрдэг цагтаа сэрж бас босч чадсан бол энэ үед оюун сэтгэхүй, бие организм болоод сэтгэл санааны байдал харьцангуй тогтвортой байх болно. Энэ үедээ хэцүү гэрээ байгуулах, хүнд үүрэг даалгавруудыг биелүүлэхэд тохиромжтой.
12.00-13.00 цаг
Энэ бол бие организм агаарыг шаарддаг үе. Мөн ходоодны хүчил ихээр ялгарч хоол нэхэж эхэлнэ. Ажлын ачааллаа бууруулан үдийн хоолоо яаралгүй идэх нь зөв. Үдээс хойш бие махбодио ядраахгүй хэвийн байлгах үндэс нь энэ цагт хооллох юм.
14.00 цаг
Биеийн эрчим түр хугацаанд буурна. Цусан дахь адреналин буурч амарч тайвшрах хүсэл төрдөг. Тэгэхээр хоолны дараа бага зэргийн завсарлага авахад гэмгүй. Хамгийн нарийн няхуур, тооцооны болон гарын ур дүй, сэтгэхүй шаардсан ажлыг энэ цагт гүйцэтгэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Нэмж хэлэхэд 13-15 цагийн хооронд хүний бие өвдөлтийг хамгийн бага мэдэрдэг тул энэ үед шүдний эмчид айлтгүй очоорой.
15.00 цаг
Биеийн идэвхтэй байдал дундаж хэмжээнд байна. Энэ үед хүний ширүүн догшин зан авир, уур уцаар хүрэх нь бага байдаг тул ажил хэргийн уулзалт хийвэл тохиромжтой. Таарамжгүй ажил хэргийн холбоотонтойгоо хэлэлцэж тохироогүй асуудал дээрээ дахин ярилцаж болох юм.
16.00-17.00 цаг
Хэрвээ та үдэд цагтаа хооллож чадсан бол биеийн био энерги өсөж эхэлдэг үе. Өдрийн хоёрдугаар хагасын төгсгөл хүртэл энэ байдал хэвийн үргэлжилнэ. Энэ цагт спортоор хичээллэх болон биеийн хүчний ажил хийвэл тохиромжтой. Нүдний хараа энэ цагуудад хамгийн хурц байдаг бөгөөд өөртөө нүдний шил тааруулахад гэмгүй.
18.00 цаг
Бие махбодийн болон оюун ухааны идэвхтэй байдал бага багаар буурч эхэлдэг бөгөөд биеийн дотоод урвалуудын хурд ч буурна. Энэ цагт биеийн халуун хамгийн өндөр байдаг ба халуун бууруулах болон өвчин намдаах эмийг хэрэглэхэд өвдөлт амархан намдана.
19.00 цаг
Хоол боловсруулах эрхтэнүүд дахин идэвхтэй ажиллаж эхэлнэ. Бие махбодийн болон оюун санааны эрчим энэ цагт буурсаар байна. Оройн 19 цаг бол оройн хоол идэх хамгийн тохиромжтой үе.
20.00 цаг
Бие махбодийн идэвх өсөж танаас “эрх чөлөөг” хүснэ. Харин оюун санааны идэвх тийм ч их сэргэдэггүй. Энэ үед найз нөхөдтэйгээ уулзалт зохиож, баяр хөөртэйгөөр болзоонд явахад тохиромжтой.
21.00 цаг
Хоол боловсруулах эрхтэн тайвширч чимээгүйхэн “ажлаа” хийж байгаа тул та нэмж юм идэх хэрэггүй. Хэрвээ та эм ууж байгаа бол энэ цаг тохиромжтой. Харин жимсний шүүс болон жимс жимсгэнийг бага зэрэг хэрэглэж болно.
22.00 цаг
Унтаж амархад хамгийн тохиромжтой цаг. Та энэ цагт амжиж унтвал хамгийн эрүүл зүүдийг зүүдэлж чадна. Түүнээс хойшхи цагт унтвал та битгий хэл, өөр хэн нэгэн ч ойлгохгүй, мөн хар дарсан зүүд зүүдлэх магадлал өндөр.
23.00-24.00 цаг
Маш их эмоцитой цаг. Бэлгийн дуршил дээд цэгтээ хүрдэг. Мөн энэ үед ямар нэгэн уран бүтээл туурвивал амжилттай байна. Тиймээс олон уран бүтээлчид энэ үед онгодтой байж, шаргуу ажилладаг.
01-02.00 цаг
Бие, оюун санааны эрчим доод цэгтээ хүрэх цаг. Сэтгэл санааны байдал тавгүй байгаа хэн нэгэн энэ цагт буруу алхам хийхээс болгоомжлоорой. Энэ цагт ажилладаг хүмүүс алдаа гаргах нь элбэг тохиолддог.
03.00 цаг
Дуг нойрны цаг. Хүний биеийн халуун хамгийн доод түвшиндээ хүрнэ. Ихэнх хүмүүс ялангуяа чихрийн өвчтэй хүмүүсийн хувьд цусан дахь глюкозын хэмжээ буурах байдал ажиглагддаг.
04.00-05.00 цаг
Бие махбодь аажим аажмаар өдрийн ачаалалд бэлтгэгдэж эхэлнэ. Төрөх эмэгтэйчүүдийн ихэнх нь энэ цагт амарждаг. Мөн өвчнөөр нас барагчид ч энд хамаарна. Энэ цаг бол хоногийн хамгийн хүнд үе бөгөөд агаарт агуулагдах хуурай тоосны хэмжээ хамгийн их болж биологийн идэвхтэй бодисуудын хэлбэлзэл өсдөг. Астам, уушгиний бронхит, хамрын ханиад, харшлын өвчнүүд энэ цагт ихээр сэдэрдэг. Өглөөний таван цагаас эхлэн хүний биеийн цусан дахь глюкозын хэмжээ тасралтгүй өссөөр 7-8 цаг болоход дээд хэмжээндээ хүрдэг.