АМРАЛТЫН ӨДРӨӨ ГЭР БҮЛДЭЭ ЗОРИУЛ

2016 оны 2 сарын 12

“Форд Мотор” компанид 32 жил зүтгээд гэнэт ажлаасаа халагдсан тэрээр хэдхэн өдрийн дараа “Крайслер” компанийг дампуурлаас аврахаар зүтгэсэн гэдэг. Италиас АНУ-руу нүүдэллэн суурьшсан цагаачийн хүү “Форд Мотор” компанийн ерөнхийлөгч болсон нь зүгээр ч нэг жирийн зүйл биш юм. Түүнийг домогт Ли Якокка гэдэг. Энэ урд зүгийн ч гэмээр нэрийг та өмнө нь сонссон байж магадгүй л юм. Хэрвээ сонссон бол түүний бичсэн “Менежерийн замнал” номыг уншсан байх учиртай. Угтаа бол энэ ном их зузаан боловч манайхан товчлоод орчуулчихсан юм. Хэрвээ та “Форд” компанийн “Мустанг” брэндийн машиныг унах дуртай бол түүнийг чинь энэ аугаа бүтээлч босс бүтээсэн билээ.  Гэхдээ “Сайнаас аугаа руу” хэмээх номыг бичсэн зохиолч Ли Якоккагын менежерийн замналыг сайны биш муугийн жишээ болгон тайлбарласан байдаг. Хүн бүрийн харах өнцөг өөр учраас хэн ч хэнийг ч өөрөө өөрийнхөөрөө дүгнэх эрхтэй билээ. “Форд” компанийг шилдэгээр удирдсан тэрээр “Крайслер” компанийг дампуурлаас аварч чадсан. Тиймээс тэр аугаа менежер. Тэр эзэн биш менежер юм шүү дээ. Ли Якокка “Албан ажлаар ийш тийш явахаас бусад үед амралтын өдрөө би гэр бүлдээ зориулдаг. Ням гарагийн үдэш болохоос нааш цүнхтэй бичиг цаасандаа хүрдэггүй. Гагцхүү бүтэн сайны үдэш л номын сандаа сууж албаны чухал бичиг баримттай танилцаж, ирэх долоо хоногийн төлөвлөгөөгөө гаргадаг. Даваа гарагийн өглөө гэхэд би ажил үйлсдээ шамдан ороход хэдийнэ бэлэн байдаг юм. Ямар ч удирдагч, ажил хэрэгч хүн гэр бүлдээ цаг, зав заавал гаргах ёстой. Хэрвээ та тийм биш бол юуны төлөө ажиллаж байгаа вэ гэдгээ ухаараагүй байна гэсэн үг. Тиймээс л амралтын өдрөө гэр бүлдээ зориулж байгаарай” хэмээн бидэнд зөвлөжээ. Та ч гэсэн даваа гарагаас баасан гараг хүртэл ажиллаад, амралтын хоёр өдрөө яаж өнгөрүүлдэгээ бодоорой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28805
0 эможи
keyboard_arrow_up