Нэг БУУЗ ойролцоогоор 200 ККАЛ агуулдаг
Сар шинийн баярын гол зоогуудын илчлэгийг тооцон бодвол дунд зэргийн бууз ойролцоогоор 200 хүртэл ккал[1], нэг жижиг таваг нийслэл салат 260 ккал, 50 грамм цагаан архи 115 ккал, 200 мл хийжүүлсэн ундаа 84 ккал[2] гэж тооцогдож байна. Монголчууд золголт хийж явахдаа өдөрт хамгийн багадаа гурван айлаар орж, айл болгонд 3-5 бууз, нэг таваг салат идэн гурван хундага архи тогтоож, нэг стакан ундаа уухад тэр өдөртөө хамгийн багадаа 4000 ккалори илчлэгийг хоол хүнсээрээ авна гэсэн үг юм.
Гэтэл эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр эрүүл чийрэг дундаж насны эрэгтэй хүний хоногт дунджаар авах илчлэгийн хэмжээ 2500ккал, эмэгтэй хүнийх 2000ккал байдаг. Тэгэхээр дээр тооцсон илчлэгийн хэмжээг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжтэй харьцуулбал хоёр дахин их хэмжээ гарч байна. Мэдээж, дээрхи тооцооллоос олон айлд орж, олон бууз, амттан идэх хүн бишгүй бий. Тиймээс үүнээс ч их илчлэгийг хуримтлуулах боломжтой юм.
Монголын хүн амын дунд илүүдэл жин, таргалалт сүүлийн жилүүдэд эрчтэй нэмэгдэж, 54.4% хүрчээ. Шатаагдаагүй 3500 калори болгон 420 гр-аар жинг (өөх) нэмэгдүүлдэг. Хүн биеийн жингээ тогтмол барихын тулд өдөрт хамгийн багадаа 250 калори илчлэг шатаах хэрэгтэй. Энэ нь дунджаар 30 минут алхсантай тэнцэхүйц хөдөлгөөн юм.
Нас, хүйс, биеийн өндөр, жинд нь тохируулан хэрэгцээт илчлэгийг тооцон гаргадаг.
Үндсэн илчлэгийн хэрэгцээ нь тухайн хүний нас, хүйс, биеийн жин, өндөр зэргээс хамаарч хувь хүн бүрт харилцан адилгүй байдаг. Үндсэн илчлэгийн хэрэгцээг стресс хүчин зүйлээр (1.5-2.0) үржүүлэн хоногийн хэрэгцээт илчлэгийн хэмжээг тооцон гаргадаг. Стресс хүчин зүйл нь хүн эрүүл бол 1.5-тай тэнцүү, өвчтэй бол 2.0 хүртэл байх юм.
Эрэгтэй хүнд ҮИХ болон ХХИ-ийг тооцохдоо:
66.5 + (13.75 x кг) + (5.003 x см) - (6.775 x нас) х стресс хүчин зүйл
Эмэгтэй хүнд ҮИХ болон ХХИ-ийг тооцохдоо:
655.1 + (9.563 x кг) + (1.850 x см) - (4.676 x нас) х стресс хүчин зүйл
Жишээ:
63кг жинтэй, 164см өндөртэй, 43 настай, стресс хүчин зүйл бага эрүүл эрэгтэй хүн 2150ккал илчлэгийг өдөрт хоолоор авах ёстой.
69кг жинтэй, 165см өндөртэй, 49 настай, стресс хүчин зүйл бага эрүүл эмэгтэй хүн өдөрт 1700ккал илчлэгийг хоол тэжээлээр авах ёстой.
[1] ккал = Килокалори
[2] Кока кола ундаагаар жишээ авлаа