Усны уур уушгинд тустай
Гадаа идэр есийн хүйтэн тачигнаж байна. Хүйтний эрчийг дагаад хорт утаа ихэсдэг зовлон бий. Үүнээс хэрхэн өөрийгөө болон уушгиа хамгаалах тухай “Анагаах ухаан” төвийн зөвлөх эмч Х.Сарантуяагийн зөвлөгөөг хүргэж байна.
УСНЫ УУРАНД 15 МИНУТ УТ
Өвлийн улиралд бид агаарын бохирдлоос зугтаж, аль болох агаарт гарахыг хүсдэг. Гэвч тэр бүр хөдөөг зорьж, цэвэр агаар амьсгалах нь ховор. Үүнээс гадна зөвхөн агаарын бохирдол, хорт утаанаас гадна бидний уушгийг машины утаа ихээр хордуулж байна. Машины утаанаас хүний уушгинд шууд нөлөөлдөг бодис ялгардаг аж. Тиймээс эдгээр аюулаас өөрийгөө хамгаалж, өдөр хордсон уушгиа гэрийн нөхцөлд цэвэршүүлэх хамгийн үр дүнтэй арга нь буцалсан усны уур гэж Х.Сарантуяа эмч зөвлөж байна. Үүний тулд эхлээд усаа шүүж, цэвэрлэх хэрэгтэй аж. Цэвэршүүлсэн усаа буцалгаж, халуун ууранд нь 15 минут өөрийгөө утахад таны уушгинд хуримтлагдсан утааны 90 хувь нь цэвэршдэг юм байна. Уураар утах үедээ амьсгалаа нэгэн хэмээр татаж, гаргахдаа арай удаан, тайван гадагшлуулахад үр дүн нь илүү сайн аж.
САРМИСТАЙ УСНЫ НУУЦ
Нүүрсний утаа, тортогоос болж гэрт үүссэн агаарын бохирдлыг ууршуулж, өөртөө шингээх увидас сармисанд нуугддаг аж. Гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд анхаарч, гэртээ цэвэр агаар бэлэглэхийг хүсвэл 300 граммын аяганд ус дүүргэж, 7-8 хумс сармис хэрчиж хийгээд цонхныхоо дэргэд тавихад хангалттай юм байна.
Ус аяндаа ногоон болох нь агаарын бохирдлыг шингээж байна гэсэн үг. Ингэж бэлдсэн уусмалаа бага насны хүүхдээсээ хол тавихыг анхааруулж байна. Сармистай усыг өдөр болгон солих шаардлагатай бөгөөд гэрт нян их, ханиадтай хүн олон байвал сармис ногоорч, амархан усандаа живдэг аж.