iPhone-ын батарейг муутгах шалтгаан нь хэрэглэгч өөрөө
Таны утасны батарей цаг өнгөрөх тусам цэнэгээ муу барьдаг болсоныг анзаарсан уу? Батарей муудах хэд хэдэн шалтгаан байдгаас доор дурдах таван шалтгаанд тавууланд нь та буруутай. Тиймээс бид хэрхэн сэргийлэх аргыг нь зааж өгье.
Буруу үйлдэл#1: Хэтэрхий хүнд нөхцөлд ашигладаг
Та утсаа өвлийн улиралд гадуур явахдаа ашигладаг л биз дээ. Тэгвэл ихэнх ухаалаг утасны ашиглах тохиромжтой нөхцөл нь 0-25 градус байдаг аж. Тэр нь юу гэхээр өвлийн -20 градусын хүйтэнд утсаараа байнга зураг аваад байна гэдэг хамгийн тохиромжгүй үйлдэл гэсэн үг. Түүнчлэн аливаа утасны батарей жилийн турш +30 градусын нөхцөлд ашиглахад нийт нөөцийнхөө 20 хувийг алддаг гэжээ. Тэгэхээр хэт халуун болон хэт хүйтэн нөхцөлд утсаа ашиглах нь таны батарейг муутгадаг хүчин зүйл аж.
Буруу үйлдэл#2: Үргэлж утасныхаа цэнэгийг дуусгаж байгаад цэнэглэдэг явдал
Утасныхаа цэнэгийг үргэлж 50-80 хувийн хооронд барихыг хичээж байгаарай. Учир нь таны утасны батарей бүтэн цэнэглэх тодорхой хязгаартай байдаг. Ойр ойрхон дүүртэл нь цэнэглэснээр та батарейныхаа бүтэн цэнэглэх тоог багасгаж байна гэсэн үг.
Ингээд тэр цэнэглэх нь тоо нь дуусмагц батарей нөөцөө алдаж эхэлдэг. Бага багаар алдсаар нэг мэдэхэд бүтэн өдөр цэнэгээ барьдаг байсан таны утас хагас өдөр хүрэхгүй улаан гэрлээр анивчих нь бий.
Буруу үйлдэл#3: Утсаа үргэлж асаалттай байлгадаг
Утсаа шаардлагагүй үед унтрааж байх нь хамгийн зөв үйлдэл. Тасралтгүй хэрэглэнэ гэдэг угаасаа л батарей муутгах үндсэн шалтгаан болдог. Харин шаардлагагүй үедээ унтрааж байх нь утасны батарейг муутхаас хамгаалахаас гадна утасны RAM-ыг шинэчилж байдаг давуу талтай.
Буруу үйлдэл#4: Үргэлж Wi-Fi, Bluetooth-ээ асаалттай явдаг
Интернет сүлжээнд, эсвэл ямар нэгэн Bluetooth дэмждэг төхөөрөмжтэй утсаа холбоогүй л бол энэ хоёрыг байнга унтрааж байгаарай. Учир нь энэ хоёр асаалттай байх үедээ хаана холбогдож болохыг “судалсаар” байгаад таны батарейг иддэг.
iPhone-ын хувьд ердөө л дэлгэцийнхээ доод талаас хуруугаараа чирэхийн төдийд хэд хэдэн үйлдэл гараад ирнэ. Тэдний дундаас өнөөх хоёр “гайхлыг” шаардлагагүй үедээ дарчхаж байхад таны батарей танд баярлана.
Буруу үйлдэл#5: Дэлгэцийнхээ гэрлийг 100 хувь байлгадаг
Settings > Display & Brightness гэж ороод Auto-Brightness-ийг асаахын төдийд л таны утасны батарей үнэмлэхүй удаан ажилладаг болох нь анзаарагдана.
Учир нь утасны дэлгэц нийт батарейны 80 орчим хувийг ашигладаг бөгөөд таны нүдэнд нь л зохицож байвал гэрлийнх нь хэмжээ бага байхад батарей хэмнэнэ, бас нүдэнд муу нөлөө үзүүлэх нь багасна.