БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХЭД УТСАН ХАРИЛЦААГ ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ ВЭ?

2015 оны 12 сарын 24

Өнөө цагт бизнес эхлүүлэх гэж байгаа болон бизнесээ өргөжүүлэхийг хүсэж буй хэн бүхэнд утас, имэйл, сошиал медиа харилцаанд онцгой анхаарал хандуулах шаардлага тулгарч буй. Эдгээрийн дундаас хүмүүс хоорондоо харилцсаар байсан цагт хэзээ ч хуучрахгүй, маш чухал хэвээрээ байсаар байх утсан харилцааны талаар бизнес эрхлэгчид, компаниудад Unread зөвлөж байна:

1. ДУУДЛАГА ХИЙХ ХҮСЛИЙГ ТӨРҮҮЛ

Онлайн гутлын дэлгүүр болох Zappos.com гойд сайн хэрэглэгч-төвтэй үйлчилгээгээрээ алдартай. Тэд авсан барааг 365 хоног дотор буцаах эрхийг олгодог төдийгүй буцаалт үнэгүй хийдгээрээ олны сайшаалыг хүлээж, 2009 онд онлайн худалдааны гигант Амазонд 1.2 тэрбум доллараар зарагдсан юм. Заппосын энэ амжилтын нэг хүчин зүйл нь тэдний дуудлагын төвийн хурдтай харилцаа, чанартай үйлчилгээ байв. Заппос утасны дугаараа сайтынхаа толгойд бахархалтай нь аргагүй залж, дуудлагаар орж ирсэн хэрэглэгчдийн хүсэлтийг утсаа тавилгүйгээр шийддэг нь ижил төрлийн бизнесүүдээс тэднийг товойлгож чадсан юм. 

Ийм жишээ Монголд цөөн ч вэбсайтад нь зочилмогц дуудлага хийлгэх хүсэл төрүүлэхээр компаниуд бол бий. Жишээ нь, Besta.mn сайтынхаа оройд утасны дугаараа маш тод бөгөөд томоор, мөн “Ажлын хуваарь - Өдөр бүр” гэж хадсан байдаг. Та эдгээр сайтууд руу ороод үзээрэй. Санаа авах зүйл байгаа ч юм билүү? 

2. ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВАХ

Танайх руу бүтээгдэхүүн, үйлчилгээг тань сонирхон залгаж байвал тэр хүн маш том алхам хийж байгаа хэрэг. Дуудлага хийх хүслийг нь төрүүлж чадсан бол одоо анхны сэтгэгдлийг аятай таатай болгох талаас нь бодох хэрэгтэй. Анхны сэтгэгдэл гэдэг бизнест нэн чухал болохоор боломжийг алдалгүй нөгөө хүнээ утасны цаанаас сайхнаар хүлээж авбал цааш бүтээгдэхүүн, үйлчилгээг тань лавшруулан асуух буюу борлуулалт хийх үүд нээгдэх болно. Дээр дурдсан үл хөдлөх зуучлалын компанид ажилд орсон анхны өдөр хүний нөөцийн менежер нь надад “Шинэ ажилтны удирдамж” танилцуулж билээ. Бичгийн цаасны ар өврийг дүүргэсэн тэрхүү удирдамж дотор хэд хэдэн зүйл бүхий “Утсан харилцаа” гэсэн бүлэг байсан бөгөөд бүр “Утасны цаанаас харагдахгүй болохоор хамаагүй гэж бодохгүй, заавал биеэ цэх байлгаж, ажил хэрэгч, идэвхтэй байдлаар харилцах” гэсэн өгүүлбэр байсныг тодхон санаж байна. 

Ер нь утсан харилцаа бизнесийг хөгжүүлэх, өргөжүүлэхэд чухал гэдгээс гадна утсаар зөв сайхан ярих нь орчин цагийн хүний яах аргагүй нэг том соёл билээ.

3. ЦЭЭЖЛЭХЭД ХЯЛБАР УТАСНЫ ДУГААР

Цээжлэхэд хялбар дугаарын ашиг тус их. Ялангуяа танайх руу дахин залгах, дахин үйлчлүүлэх магадлалыг мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдүүлэх хүчин зүйл юм. Жишээ нь би сүүлийн үед 1199 лавлахыг цээжилчихээд, хэрэг болбол эндээс мэдээлэл авдаг болоод байгаа. Өөр нэг жишээ гэвэл, нэг найз маань “Цэцэгт мэндчилгээ” компанийн 8070 6000 дугаарыг цээжилчихээд, үе үе залгаж эхнэр болон эгч нартаа сюрприз барьдаг болчихсон байна лээ.

Анзаараад байхад, Монголд цээжлэхэд амар дугаарыг хувь хүмүүс их барих дуртай. Баруунд хувь хүмүүс “гоё”дугаарыг нэг их тоодоггүй бол бизнесүүд нь харин нэн чухалчилж, бүр alpha numbersгэх нь бий. Ийм жишээ үй түм бөгөөд ганц хоёрыг дурдвал, Pizza Pizza-гийн Торонто дахь салбар нь 967-1111 дугаарыг брэнд болгож, Super 8 Motels хэмээх зочид буудлын сүлжээ 1-800-800-8000 дугаараараа гангардаг байх жишээтэй. Цөөн тоог агуулсан, давхардал олонтой, бүлэглэж дуудахад хялбар иймэрхүү дугаарыг реклам сурталчилгаанд ашиглахад ч урамтай бөгөөд маркетингийн үр ашиг дор хаяж 25 хувьтай байдаг гэсэн судалгааны дүн бий. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27202
0 эможи
keyboard_arrow_up