Угаалгын машин дахь нян бактерийг хэрхэн устгах вэ?
Угаалгын машин нь нян бактер үржих нэн таатай орчин болохыг та мэдэх үү? Учир нь угаалгын машинд бохир хувцас, ор дэрний даавуу зэрэг зүйлсийг угаахаас гадна угаалга хийсний дараа дулаан, чийгтэй орчин бүрддэг юм. Иймд нян бактер үржих нөхцлөөс урьдчилан сэргийлэх үүднээс угаалгын машинаа тогтмол цэвэрлэж байх нь маш чухал.
Хувцсаа боломжтой бол хамгийн халуун хэмд тохируулан угааж байгаарай. Хүйтэн эсвэл бүлээн усанд угаах нь цахилгаан хэмнэх хэдий ч тэр болгон нян бактерийг устгадаггүй. Нөгөөтэйгүүр хувцсаа угаахаасаа өмнө заавал хэдэн хэмийн усанд угаах зааварчилгааг нь шалгаж нягталж байх хэрэгтэй. Учир нь зарим материалаар хийсэн хувцсыг хэт халуун усанд угаах нь хувцас агших, өнгө нь цайрахад хүргэдэг.
Нян бактерийг устгах зорилгоор зарим угаалгын машинд суурилагдсан ариутгах тохиргоог ажиллуулаарай. Энэ нь ор дэрний даавуу, цагаан хэрэгсэл угаахад хамгийн тохиромжтой горим юм. Хэрвээ угаалгын машинд тань ариутгах тохиргоо байхгүй бол сард нэг удаа хамгийн халуун усанд угаах тохиргоог тохируулаад цайруулагч агуулсан угаалгын нунтаг нэмж угаалгын машинаа дангаар нь ажиллуулаарай.
Шинээр угаалгын машин авахдаа silver-sterilization system буюу мөнгөн ариутгалын системтэйг сонгоорой. Энэхүү нано технологи бүхий мөнгөөр бүрсэн бүрхүүл нь нян бактерийг маш сайн устгадаг. Хэрвээ таны угаалгын машин silver sterilization system-тэй бол угаалга хийх усны хэмээ бага дээр тохируулж угаалга хийж болно.
Хажуу талдаа хаалгатай угаалгын машинд хагас аяга хлор агуулсан цайруулагч, харин хаалга нь дээрээ байрладаг бол нэг аяга хлор агуулсан цайруулагч хийгээрэй. Учир нь хлор агуулсан цайруулагч нь нян бактерийг идэвхитэй устгадаг. Харин ноос, торго эсвэл спандекс материалаар хийсэн хувцсыг угааж байгаа тохиолдолд дээрх бодисыг ашиглаж болохгүй.
Угаалгын машин зогсосноос хойш 30 минутын дотор хувцсаа гаргаж хатаах хэрэгтэй. Дээрх хугацаанаас илүү хугацаанд байлгавал нян бактер үржих таатай орчин бүрдэнэ.
Дотуур хувцсаа заавал тусад нь угаах хэрэгтэй. Дотуур хувцсанд байнга нян бактер агуулагдаж байдаг бөгөөд бусад хувцастайгаа хольж угаах нь түүнийг тарах, үржих нөхцлийг бүрдүүлнэ.
Хүүхдийн хувцсыг мөн тусад нь угааж байгаарай. Учир нь хүүхдийн дархлаа насанд хүрсэн хүнийхтэй харьцуулбал хамаагүй сул бөгөөд томчуудын хувьд аюулгүй хэдий ч хүүхдэд хортой нян бактер тархахаас болгоомжлох хэрэгтэй.