Ганц бие ээжүүдэд өгөх зөвлөгөө
Ганц бие ээжүүд амьдралын хүнд бүхнийг нуруун дээрээ ганцаараа үүрээд явдаг. Гэвч та бусад шиг хайрлаж, дурлаж, болзох эрхтэй! гэдгийг ttp://www.yourtango.com/ сайт онцоллоо.
Хэдийгээр та хүүхэдтэй ч, тэд таны хайр дурлал, болзоонд саад болохгүй. Харин ч танд олон давуу талыг бий болгосон. Та бол амьдралын их босгоны наана яахаа мэдэхгүй зогсож байгаа гэнэхэн охин биш, харин аль хэдийн тэр “том хаалгаар” нь ороод, дотор нь зогсож байгаа туршлагатай, өөртөө итгэлтэй бүсгүй.
Гэхдээ дараах 7 зүйл дээр анхаарлаа хандуулаарай.
1. Асрагч таныг орлохгүй!
Таны хувьд хамгийн эрхэм нандин зүйл бол та өөрөө ч, таны болзоот залуу ч биш, харин таны хүүхэд юм. Тиймээс хичнээн дурлалаар жигүүрлэгдэж, “тэнгэрт хөөрсөн” байлаа ч, та хүүхдийнхээ төлөө ойр ойрхон “газарт бууж” байгаарай. Хичнээн сайн асрагч хөлсөлсөн байлаа ч, та олон шөнийг хайртынхаа гэрт өнгөрүүлж болохгүй. Хэн ч тэдний хувьд таныг орлохгүй юм.
2. Болгоомжтой бай
Хачин сонин эрчүүд хаа сайгүй. Тэдний дунд “юмтай”, эсвэл бүр “юмгүй” хүмүүс ч бий. Ганц бие ээжүүд өөрөөсөө гадна бас хүүхдүүдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх шаардлагатай тул сайн мэдэхгүй хүнээ гэртээ уриад хэрэггүй. Гэрээ зааж өгөхөөсөө ч өмнө цаадахаа бага зэрэг судлаарай. Та далдыг хардаггүй учраас, ямар арьсны цаана хэн байгааг мэдэхгүй. Гэхдээ сэрэмжтэй байна гэдэг, хүнд итгэхгүй байхаас өөр зүйл гэдгийг сана.
3. “Аав”-ыг бага дурс!
Ядаж эхний үед. “Энэ миний охины шинэ аав”, гэх юм уу, “Хүүгийн маань эцэг бид хоёр анх…” гэсэн яриаг цухуйлгаад хэрэггүй л болов уу? Хүүхдийнхээ дэргэд ч аавыг нь санан үгүйлж байгаагаа, эсвэл үзэн ядаж байгаагаа харуулах хэрэггүй. Та хүүхдээ аавдаа дургүй болоосой гэж хүсэхгүй байгаа биз дээ. Тиймээс сөрөг энерги авчирдаг бодлуудаа холдуулаад, шинэ амьдралаасаа таашаал ав!
4. Одоохондоо хүүхэдтэйгээ бүү танилцуул!
Үнэнтэй нүүр тулцгаая. Та өөртөө болон хүүхдүүддээ тохирох сайн эрийг олохын тулд өмнө нь хэд хэдэн таарамжгүй эрчүүдтэй учрах байх. Тиймээс үнэхээр бат бөх харилцаатай болохоосоо өмнө хүүхэддээ болзож байгаа эрээ танилцуулах хэрэггүй. Тэд түүнийг магадгүй шинэ аавыгаа гэж ойлгох болно. Харин дараа нь ямар нэг шалтгааны улмаас салах болчихвол түүнд бүр л хүндээр тусна.
5. Мөнгөө хямгад
Эх хүнд аавуудаас илүү төсөв хэрэгтэй болдог. Хүүгийн хөлбөмбөг, охины баллетын төлбөр, нялхын памперс гээд л. Эрэгтэй хүнээр бүхнийг даалгах нь нас биенд хүрсэн бүсгүй хүний хувьд эвгүй байж болох ч түүнийг өөрөө төлье гэхэд нь битгий дургүйц. Танд мөнгөө үрэх хангалттай олон зүйл бий шүү дээ.
6. Өөрийгөө бүү гол
Бага зэрэг унжсан хөх, сул гэдэс таныг өөртөө итгэлгүй болгож чадахгүй. Та өөрийгөө өмнөхөөсөө тачаангуй байхаа больсон гэж бодож байж магадгүй гэхдээ таны төлөө санаа тавьдаг эр хүнд тийм жижиг зүйл хамаагүй байдаг. Надад итгэ. Мөн эрүүл хооллож, эрүүл амьдралын хэв маягийг баримтлан идэвхтэй хөдлөөд байвал засрахгүй зүйл гэж үгүй шүү дээ. Тэгээд бас хөхнийхөө хэмжээнд яг тохирсон даруулга зүүчихэд л та улам дур булаам харагдаж болно.
Харсан уу. Ганц бие ээжүүд дурлаж болохгүй гэсэн заалт хаана ч байхгүй байгаа биз.