ХООЛНЫ ЖОР: Шинэ жилийн баярын ширээнд тань зориулав
Шинэ жилийн уур амьсгал хэдийнээ орсон энэ үед гэртээ зочид урихаас эхлээд баярын ширээгээ хэрхэн чимэглэх зэрэг ямар гэрийн эзэгтэй вэ гэдгээ шалгуулах цаг иржээ. Улиг болсон хоол хүнс, амттануудыг энэ жил өөрчилж, баярын хоолны цэсэндээ шинэчлэлт хийх цаг нь болжээ. Өмнө нь баярын бялуу болон ширээгээ шинэ жилийн уур амьсгал оруулах жигнэмгүүдийг санал болгосон бол энэ удаа бүтэн тахиаг хэрхэн амттай шарах тухай оруулж байна. Бас болоогүй хачирлан идэх шинэхэн ногооны салатны жорыг ч бас хавсаргасан учир баяраар ямар хоол хийх вэ гэдэгт санаа зоволгүйгээр гэр бүл, урьсан олноо сэтгэл дүүрэн дайлаарай.
Шарсан бүтэн тахиа
ОРЦ
1 ш бүтэн тахиа
Соус бүхий уусмалд:
2 л ус
½ аяга давс
¼ аяга бор элсэн чихэр
1 салаа розмарин
1 ш бөөрөнхий сонгино
1-2 х/х үрлэн хар перец
Саримстай цөцгийн тосонд:
4 х/х цөцгийн тос
3 хумс саримс
1 салаа розмарин
Мөөгтэй хольцонд:
1 аяга жижиг шоо дөрвөлжин хэрчсэн талх
250 гр мөөг
4 ш урт бэкон
1 аяга жууцай
1 салаа яншуй
¼ аяга цагаан дарс
¼ аяга тахианы шөл
1 х/х оливын тос
ХИЙХ ДАРААЛАЛ
1. Тахиагаа илүү сайхан амттай болгохын тулд нэг өдрийн өмнө соус бүхий уусмалд хийн хонуулах хэрэгтэй. 2 л усандаа давс, бор элсэн чихрээ хийн гал дээр тавьж, уустал нь буцалгана. Үүн дээрээ розмарин, сонгино зэргээ том хэрчиж, дээр нь үрлэн хар перецээ хийн хутгаж халуун усаа хөргөнө. Хөргөсний дараа үүн дээрээ тахиагаа бүхлээр нь хийгээд сэрүүвтэр газар тавьж, нэг хонуулна. Дулаан газар бактери үржих гол нөхцөл болдог учраас заавал сэрүүн газар тавих хэрэгтэй.
2. Тахиагаа бүрэх цөцгийн тосоо бэлдэхийн тулд саримс болон розмаринаа жижиглэн хэрчээд цөцгийн тос дээрээ тавина. Тахиагаа бүрэх хүртэл уг цөцгийн тос өрөөний хэмд хайлан бэлэн болно.
3. Тахиа дотроо хийх хольцоо бэлтгэхдээ орцуудаа угааж цэвэрлэж, жижгэвтэр хэрчиж бэлтгэнэ. Шоо дөрвөлжин хэрчсэн талхаа хатаахын тулд шарах шүүгээнд 5-7 минут хэртэй шарна. Бага зэргийн оливын тосонд хэрчиж бэлтгэсэн бэконоо шарж авна.
4. Уг хайруулын тавгаа угаалгүйгээр жууцай, яншуйтайгаа мөөгөө хуурна. Дээрээс нь тахианы шөлөө хийн ширгэтэл нь хуурсны дараа цагаан дарсаа хийн шараад авна.
5. Ингээд бэкон, хатсан талх, шарсан мөөг зэргээ хийгээд сайтар холино. Энэ хооронд шарах шүүгээгээ урьдчилан халаана.
6. Тахиагаа сайтар угааж бэлтгэнэ. Үүний дараа бэлтгэсэн хольцоо тахианыхаа дотор талд сайтар чихэж хийгээд хоёр мөчийг нь уяагаар уяж бэхлэхдээ хольц хийсэн хэсгээ таглаж битүүлнэ.
7. Ингээд тахианы гадна хэсэгт саримстай цөцгийгөө нэг бүрчлэн түрхээд шарах шүүгээндээ хийн, ойролцоогоор 2 цаг хэртэй шарна. 1 цаг 40 минут шарсны дараа шалгаж үзээрэй. Ингээд бэлэн болсон тахиагаа идэхийн өмнө 20 минут хэртэй амраагаарай.