Халтиргаа гулгаанаас өөрийгөө хамгаалах аргууд
Ням гарагт орсон цасны улмаас гадуур зам халтиргаа гулгаатай болсон байна. Дөнгөж орсон цас нь хайлаад оройн сэрүү орохоор буцаж хөлдөөд юу ч болоод байгаа юм бүү мэд. Өглөө уг нь өвлийн резинэн ултай гутлаа гаргаж өмсөөд, өөртөө итгэлтэй гэгч нь гараад нэг алхаад савж унах гэж байх жишээний. Манайх шиг дор бүр нь цас мөсөө цэвэрлээд байдаггүй ийм улсад хүн гэрээсээ гарсан л бол унахаас өөр аргагүй болчихоод байгаа юм. Иймээс ирэх 7 хоног хүртэл цаг агаар хүйтэн байх тул цас мөсөн дээр хэрхэн хальтрахгүй (ер нь тэгээд хэрхэн зөв) явах талаар зөвлөгөө оруулъя гэж бодлоо.
“Хэрэв та хүндийн төвөө алхаж буй хөл рүүгээ шилжүүлвэл тэр бүр хальтрахгүй байх боломжтой. Хүн энгийн үед алхахдаа биеийн хүндийн төв буюу гол ачааллыг хоёр хөлдөө ижил хувиарлаж явдаг ба алхах явцад хоёр хөлийн хооронд өнцөг үүсч байдаг. Ийм байдлаар явахын тулд та хөлөө гишгэж буй мөсөн гадаргатай перпиндикуляр буюу 90 градус үүсгэж даралт өгч алхах шаардлагатай юм. Энэхүү аргыг оцон шувууд хэрэглэдэг байна.”
Бусад зөвлөгөө:
- Хэрэв таны явахаар төлөвлөж буй газар явган хүний зам бахгүй бол таны эсрэг чиглэсэн урсгал зам хэр халтиргаа гулгаатай эсэхийг сайтар анзаарч яваарай.
- Та явган хүний замаар явсан ч сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Тохиромжтой (голдуу резинен, арзгар ултай) гутал өмсөж, шаардлагатай үед тулж явах зүйл эсвэл таяг авч яваарай.
- Хөдөлгөөн ихтэй машин замаар (явган хүний замгүй тохиолдолд) битгий яваарай гэж зөвлөх байна. Учир нь машины дугуй гулгаж улмаар танд ямар нэг ноцтой эрүүл мэндийн хохирол учруулах боломжтой юм. Дээр нь та нүдэнд шууд өртөхүйц, тод өнгийн хувцас өмсөх нь жолоо барьж буй хүн таныг түргэн анзаарч харахад тус болно.
- Мөн та өөрийн харах орчинд саад болохооргүй хувцас өмсөх хэрэгтэй. Дулаан явах нь зөв ч гэлээ малгаатай цамц, битүү ороолт зэрэг нь таны харах орчинг багасгаж гол нь хөл доор тань буй халтиргааг олж харахад саад болохоос гадна хажуу талаас ирж буй жолоогоо алдсан тээврийн хэрэгслийг харахгүй байх эрсдэлийг бий болгоно.
- Зам битүү цас мөстэй үед та нэг халтирсан л бол сандрал болон гулгаанаас болж тухайн автомашин гулссан чигтээ очиж улмаар таныг бэртээх аюултай учир явган хүний гарцаар болон тэр дундаа дөрвөн замын уулзвараар гарахдаа болгоомжтой байх хэрэгтэй.
- Мөс нь цасаар хучигдсан (нуугдсан) байх тохиолдол элбэг тул танд мөс харагдахгүй байлаа гээд тэнд мөс байхгүй гэсэн үг биш шүү.
- Хэрэв үнэхээр тойрч гарах аргагүй бол бага зэрэг өвдөг нугалаад ойр ойрхон жижиг алхам хийж явах нь халтиргаанаас сэргийлэх сонгодог аргуудын нэг юм.
- Хэрэв та хэн нэгнийх рүү эсвэл гэр рүүгээ явж байгаад шатаар буух хэрэг гарвал хөлөө бага зэрэг хажуулдуулан тавиад нэг нэг шатаар буух хэрэгтэй.
- За эцэст нь хүн тэр бүр анхаараад байдаггүй зүйлийн талаар дурьдахад зөвхөн доошоо биш дээшээ бас харж яваарай. Яагаад гэвэл богино хугацаанд гэсч эргээд хөлдөж байгаа цасны хувьд хөлдүүс болж таны дээрээс унах магадлалтай юм.