Эхлээд хүндэл харин дараа нь хүндлүүл
Хэн нэгнийг, ямар нэг зүйлийг хайрлахын тулд эхлээд заавал хүндэтгэх хэрэгтэй. Үүний тулд эхлээд өөрийгөө хүндэлж сурах нь зүйтэй. Өөрийгөө хүндлэхгүй бол өөрийгөө хайрлаж чадахгүй. Тэгэхээр юуны түрүүнд би өөрийгөө хүндэлж, хайрлаж байна уу, гэж өөрөөсөө асууж, өөрийгөө хүндлэх сэтгэлийг бий болгох, төлөвшүүлэх аргыг байнга хэрэглэж сур. Би өөрийнхөө юуг хүндэлдэг вэ гэж асуухад ухаан санаа тань хүмүүсийн танд таалагддаггүй талууд дээр нь биш хүндэлмээр тал дээр нь төвлөрч эхэлнэ. Үүний дүнд та хүмүүст агуу хайраар хандах болно. Хүн гээч амьтан өөртөө, бусдад, амьдралд хүндэтгэлгүй хандсанаас хорвоогийн хайр энэрлийг үгүй болгодог. Иймээс та эхлээд өөрийгөө ойлгож, хүндэлвэл хайр аяндаа танаас ундран гарах болно.
Өөрөө түрүүлж өг
Та хэн нэгэн рүү инээмсэглэхэд тэр хүн тань руу хариу инээмсэглэдгийн адилаар сайхан сэтгэлийн үг, утасны яриа, захидал гэх мэт хүний төлөө анхаарал тавьж буй бүхэн тань буцаж ирдэг. Хэн нэгэн түрүүлж алхам хийхийг бүү хүлээ. Хөгжимчин хүн хүмүүс бүжиглэвэл би хөгжимдөнө гэдэггүй шүү дээ. Жинхэнэ хайр хариу нэхдэггүйг санаарай.Хэрэв та жинхэнэ хайрыг мэдрэхийг хүсвэл хайрыг ямар ч болзолгүйгээр хариуд нь юу ч шаардахгүйгээр бусдад өгөхөд бэлэн байх ёстой. Түүнээс гадна хоёр хүний харилцаанд тэр миний төлөө юу хийж чадах вэ гэж асууж байвал тэр харилцаа хамтын амьдралд насан туршийн хайрыг бий болгодог гэдгийг санаарай.
Нөхөрлөлийг хай
Францын их зохиолч Антуан де Сент-Экзюпери “Хайрлана гэдэг нь өөд өөдөөсөө харахыг биш нэгэн зүгт харахыг хэлнэ” гэж хэлсэн байдаг. Нэг итгэл үнэмшил, бишрэл иь насан туршийн жинхэнэ хайрын үндэс юм. Олон хүмүүс бие махбодийн сонирхлоос хайр үүсдэг гаж ташаа ойлгодог нь харамсалтай. Гэтэл гоо үзэмж мөнх биш, өдрөөс өдөрт гундаж байдаг зүйл. Нэгдмэл санаа, зорилго, сонирхол, хүндлэл, нөхөрлөлөөс үүссэн хайр өдрөөс өдөрт бэхжиж байдаг юм. Үүний баталгаа болох нэгэн судалгаа танд сонин байж болох юм. 50-иас дээш жил хамтдаа аз жаргалтай амьдарсан хосуудаас энэ амжилтынх нь нууц юунд байгааг асуухад нөхөрлөл гол үүрэгтэй гэж хариулсан гэж Америкийн их сургуулийн хэсэг социологчид судалгаандаа бичжээ. Тэгэхээр харилцаандаа хайр бий болгохыг хүсвэл та эхлээд нөхөрлөлийг олоорой.
Бусдад эрх чөлөө олго
Тагтаа тэжээж тэднээрээ бахархан хайрладаг хэрнээ далавчаа ч дэлгэн нисэх боломж өгөлгүй торонд барьдаг хүнийг та юу гэж дүгнэх бол. Хайрлахыг албадаж болохгүй. Эс тэгвэл дээрх тагтаа тэжээгчээс ялгарах юмгүй болно. Бусдыг хайрлаж л байвал түүнийг эрх чөлөөтэй байхыг хүлээн зөвшөөрөх ёстой.
Итгэж сур
Урьд нь хэн нэгэнд итгэдэггүй байсан бол одоо өөрийгөө өөрчилж, хүнд итгэж сур. Таны амьдрал итгэлийн хүчээр цоо шинээр эхлэх болно. Хэн нэгэнд итгэхгүй л бол түүнийг хайрлаж чадахгүй. Учир нь итгэл байхгүй бол та амгалан тайван бус, хартай, сэжиглэмтгий болж нөгөө хүндээ хууртахаас байнга айдаг болно. Амьдралын олон бэрхшээлийг шийдэж болох арга зам нь өөртөө, бусдад, амьдралд итгэж сурах явдал гэдгийг зүрхний тарни болгож аваарай.