Эмэгтэйчүүдийн дургүйг хүргэдэг эрчүүдийн 10 зан
Эрчүүд хэрүүл маргаан дэгдээсний дараа бүхнийг эмэгтэйнхээ төлөө хийсэн гэж олон удаа хэлдэг байх. Сэтгүүлийн нүүрэнд гардаг бүсгүйчүүд шиг харагдуулахыг шаардах, аяга таваг угаах, хоол хийх зэргийг эрчүүдээс шаардах нь эмэгтэйчүүдийн хувьд боломжгүй зүйлсийн нэг гэж үзэж болох юм. Саяхан явуулсан судалгаагаар эзэгтэй нарын дургүйг хүргэдэг гэрийн эздийн 10 занг тодорхойлжээ. Эрчүүдийн дургүй хүргэдэг занг танилцуулбал:
1. Хувиа хичээх зан
Эрчүүдийн хувьд гаргадаг хамгийн гол алдааны нэг нь хувиа хичээсэн зан билээ. Тэд эмэгтэйнхээ юу хүсч байгаа болон хүсэхгүй байгааг төдийлөн анзаардаггүй. Гэвч үнэндээ энэ нь тийм ч муу зан биш аж. Эрчүүд хувиа хичээдэг ч энэ дутагдлаа ойлгодог байна. Тэд хүүхэд төрүүлж чаддаггүй учир бусдад мэдэгдэхгүй ч гэлээ ганцаардлыг ихээр мэдэрдэг аж. Гэхдээ эрчүүд эзэгтэй таны төлөө ямар нэг зүйл хийж байгаагаа батлан харуулах нь тийм хялбар зүйл биш шүү.
2. Эхнэрийн гэр бүлтэй үл ойлголцох
Эрчүүд үргэлж л өөрийн бий болгосон гэр бүлээ асрахыг илүүд үздэг. Гэвч тэрбээр энэ талаараа таны ээж, эгч, найз нарт ярихыг тэр бүр хүсдэггүй. Учир нь таны гэр бүлийн амьдралыг сайн мэдэхгүй тул элдэв зүйл ярихаасаа эмээн дотроо хадгалан бухимдсаар л байдаг аж. Тиймээс та хамаатнууддаа ойлгуулахыг хичээх нь зүйтэй. Гэхдээ бүсгүйчүүд ганцхан зүйлээс л эмээх хэрэггүй. Та эр нөхөртөө гэр бүлийн гишүүдээ өөртэй нь адил гэдгийг хэлж, тэд бол миний амьдралын нэг хэсэг, миний хайртай хүмүүс гэдгийг ойлгуулахдаа огт эмзэглэх ёсгүй. Хэрэв нөхөр тань эмээгийн тань төрсөн өдөрт очихыг хүсэхгүй бол та түүнийг хүчлэх хэрэггүй, та түүнгүйгээр гэр бүлийнхэнтэйгээ хөгжилдөж болно шүү дээ.
3. Бохир аяга, таваг
Хосуудын дунд аяга угаах нь үл ойлголцлын нэг асуудал болдог билээ. Нөхөр тань тусдаа гарахаас өмнө гэрийн бүх аяга, тавгийг ээж нь угаадаг байсан байж болох юм. Тиймээс нөхөр тань таниас бас ийм л зүйл хүсэх байх. Хэрэв та долоо хоногийн таван өдөр ажилладаг бол түүний ээж шиг байх албагүй, аяга угаахыг үзэн яд. Хоол идсэний дараа нөхрийнхөө бохир тавгийг угаалгүй орхи, хэзээ нэг цагт тэрбээр үүнийг ажиглан аягаа угаах л болно.
4. Байнга хөл бөмбөг үзэх
22 эрэгтэй хоорондоо бөмбөг дамжуулдаг хөл бөмбөг эрчүүдийн хувьд гайхалтай тоглоом юм. Эрчүүдийн хувьд хөл бөмбөг эхнэртэйгээ эвтэй байх, хүүхдүүдийн нойрыг хулжаахаас илүү чухал зүйл. Харин эхнэрээ кино үзэж байхад нөхөр нь таван минут тутамд сонирхолгүй асуулт тавьдаг байна. Асуудлаа шийдвэрлэхийн тулд та гэртээ хоёр зурагт тавих хэрэгтэй. Энэ үед та хүссэн киногоо тааваараа үзэж эсвэл хаалгаа хааж тайван унтаж чадна.
5. Гэрийн ажилд туслахгүй байх
Эрчүүд заримдаа гэрийн эд зүйл хаана байгааг эхнэрээсээ илүү сайн мэддэг. Гэвч тэд яарч сандарсан үедээ өөрийн эд зүйлээ эхнэрээсээ л хайдаг. Үүнээс гадна эрчүүд ямар өнгийн оймс өмсөхөө хүртэл эхнэрээсээ асуудаг байна. Тиймээс эзэгтэй нар нөхөртөө хамааралтай эд зүйлийг хийх тусгай шургуулгатай байх нь асуудлыг хялбар болгоно. Энэ үед хэрэв нөхөр тань ямар нэг зүйлээ олохгүй бол тэр таны асуудал биш, учир нь та бүх зүйлийг нь бэлдээд өгсөн байхад өөрийнхөө юмыг хаана байгааг мэдэж байхад л хангалттай.
6. Ажил хамгийн чухал зүйл гэсэн ойлголт
Энэ бол эрчүүдийн хамгийн түрүүнд гаргадаг алдааны нэг. Хэрэв эрчүүд бизнесээс илүү чухал зүйлийн талаар яривал энэ нь түүний ертөнцийг нураана гэж үздэг байна. Харин эхнэрүүд энэ байдалд анхаарлаа хандуулах хэрэггүй. Учир нь та нөхрийнхөө хувьд хамгийн чухал хүн гэдгээ мэдэж байгаа.
7. Эмэгтэйчүүд хамгийн муу жолооч гэсэн ойлголт
Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол биеийн ямар нэг хөдөлгөөнд богино хугацаанд хариу үзүүлдэг. Харин эмэгтэйчүүдийн хувьд илүү дадлага, сургуулилт шаардлагатай байдаг. Гэвч замын хөдөлгөөнд оролцож байхад бардам зан сайнаар нөлөөлөхгүй гэдгийг таны гэргий хэзээ нэг цагт мэдэх болно.
8. Бусдын өмнө эвгүй байдалд оруулах
Эхнэр, нөхөр хоёр бусдын өмнө бие биенээ шүүмжлэхэд нөхрүүд үргэлж эвгүй байдалд ордог байна. Хэрэв нөхөр нь таныг ганцаараа байхад өөр ааш гаргадаг бөгөөд асуудлыг таны бодсоноос нааштайгаар шийдвэрлэхийг оролддог бол түүнтэй сайн ярилцах нь зүйтэй. Харин таныг улам шүүмжилж, хамт гадагш гарахаас цааргалдаг бол энэ зөрүүд эр цаашид байнга өөрийнхөөрөө л зүтгэх болно.
9. Эхнэрээ томилолтоор явахад гэрийн ажил сайн хийдэг ч ирэхэд нь буцаад л залхуу болох
Эзэгтэй та аяллаас эргэн ирснийхээ дараа нөхрийнхөө авьяас, ажилсаг байдлыг магтан түүнийг цаашид ч гэрийн ажлаа хийж чадна гэсэн итгэлийг бий болгох хэрэгтэй. Жинхэнэ эр хүн аяга тавгаа ч угаадаг гэсэн сэтгэлгээг төрүүлэх нь чухал. Гэхдээ та бүх ажлаа нөхөртөө үлдээх хэрэггүй, Харин гэрийн ажлыг эрх тэгш хуваан авах нь зүйтэй. Та энэ талаар эхнээсээ буруу ажилласан бол магтаалын үгээ үргэлжлүүлэн багаар ч гэсэн ажилд сургах хэрэгтэй.
10. Хуруу нэмэхийн оронд хошуу нэмэх
Эрчүүд өөрт оноосон ажлаа хийхээс зайлсхийхийн тулд эхнэртээ өмнө тохиолдсон сонирхолтой зүйлээ ярихыг оролддог. Тиймээс үүнд бүү авт. Та нөхрийнхөө ярьсан зүйлийг хүндэтгэлтэй сонссоны дараа нөхрөөс тань өөр ажил хийх хүн байхгүй, танд туслалцаа хэрэгтэй байгаа гэдгээ хэлж, өөрт оногдсон ажлаа хийх хэрэгтэй гэдгийг эелдгээр ойлгуулах нь зүйтэй. Хэрэв нөхөр тань ажлаа хийхээс татгалзвал та ч бас ажлаад хэрэггүй.
Үүнээс гадна түүнд зориулан хоол хийх, хувцас угаахаа ч больж болох юм. Эцэст нь хэлэхэд та энэ зөвлөгөөг аль болох том асуудалд хүргэлгүй хоёр талд харилцан үр өгөөжтэй байдлаар хэрэгжүүлээрэй.