Зодоонч хүүхдийг зөөллөх энгийн арга
Хүн зоддог, тоглоом булаадаг, найзыгаа түлхэж унагаачихдаг хүүхдүүдээ бид загнаж, хурдан уучлалт гуй гэж хүчээр хэдэн үг хэлүүлдэг. Энэ маш буруу, хүүхдээ улам л эвдэж байгаа үйлдэл гэнэ шүү эцэг эхчүүдээ.
Үүний оронд хүүхэд чинь найзыгаа гомдоож уйлуулсан тохиолдолд “Эвий, Батаа уйлчихлаа. Батааг яаж аргадах вэ? Яаж тусладаг юм билээ?” гэх зэргээр хүүхдээсээ асуу. Энэ үед хүүхэд найздаа тоглоомыг нь эргүүлж өгөх юм уу аргадана. Ийм маягаар харьцвал хүүхэд өөрийгөө сайн, энэрэнгүй хүн гэдэгт итгэж, өөрийнхөө хийсэн муу зүйлийг эргүүлж засах, сайжруулах эрмэлзэлтэй болно. За ингээд таны хүүхдийн гомдоосон жаал уйлахаа болилоо. Энэ тохиолдолд ээж аавын дараагийн үйлдэл эхэлнэ. Та Батаад ойртож очоод /таниас айж эмээхгүй тохиолдолд/ “Тэмүүжин /таны хүүхэд/ чамайг гомдоосонд/ өвтгөсөнд/ түлхсэнд/ цохисонд уучлаарай. Тэр өөрөө ингэж хэлэх ёстойгоо мартсан бололтой. Чамайг уйлахаа больсонд/ гомдохоо больсонд баяртай байна” гэж хэлнэ. Уйлсан хүүхдэд таатай санагдахаас гадна тэр хүүхдийн ээжид ч энэ таалагдана гэдэгт итгэлтэй байна. Дараа нь өөрийнхөө хүүхдийг жаахан холдуулвал болж өнгөрсөн зүйлийг бодож эргэцүүлэхэд нь тустай.
Хүүхдэдээ уучлалт гуйхыг хэзээ ч тулгаж болохгүй. Үр хүүхдээ үгийн утга учир ойлгохгүйгээр хэлдэг, буруу юм хийснийхээ дараа энэ хоёр үгээр хаацайлаад өнгөрдөг хүн болгохыг хэн хүсэх билээ. Харин нөхцөл байдлыг дээрдүүлэхийн тулд уучлалт гуйх сонголт хийхэд нь л эцэг эхчүүд бид туслах учиртай.