Том байхын тулд жижиг байж сур
Өлсгөлөн байдал хувийн бизнесээ амжилттай өргөжүүлэх зөв арга хэмээн Рави Мату өгүүлж байна.
Компани байгуулна гэдэг амаргүй. Бизнес төлөвлөгөө боловсруулж, хөрөнгө оруулалт хайж, бичиг баримтаа хууль журмын дагуу бүрдүүлж, дараа нь танд ашиг өгөх хангалттай тооны хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй болох ёстой. Энэ бол зөвхөн эхлэл.
Харин компани өсөж, томрох тусам ямар асуудлууд гарч ирдэг вэ? Илүү нарийн зохион байгуулалт, дэс дараа шаардагдаж, шинэлэг, хурдтай байдлыг хадгалахад бэрхшээлтэй болж эхэлдэг. Энэ бол интернетийн эрин үед тохиолддог асуудал. Компаниуд хурдтайгаар өсөж томрохын хэрээр удирдах үйл явц амаргүй болж ирнэ.
Стэнфордын их сургуулийн профессорууд болох Роберт Сютон, Хагги Рао нарын “Бизнесээ амжилттай өргөжүүл” номд компани өсөж томрох явцад тохиолддог саад бэрхшээл бүрт тохирох нэг янзын шийдэл байдаггүйг онцолжээ.
Гэсэн ч, шинжээчид соёлын хүчин зүйлийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Олон улсын консалтингийн “Ideo” фирмийн бизнес дизайн хариуцсан тэргүүн Вини Гупта компанийн шинэлэг байдлыг хадгалахад соёлын хүчин зүйл чухал үүрэгтэйг онцолсон. Тэрбээр “Сониуч занг дэмжих, эрх мэдлийг олгох, нээлттэй байх нь компани томрох тусам шинэлэг байдлыг хадгалахад дэм болдог хамгийн үнэ цэнэтэй тогтолцоо” хэмээн тайлбарлав. Түүнийхээр компани тэлэх тусам уян хатан байдлаа алдаж, шинэ санаанд нээлттэй ханддаг байдал нь арилдаг гэнэ. Тодруулбал, өөрчлөлт шинэчлэлд илүү их цаг хугацаа шаарддаг аж.
Магадгүй бага зэрэг логикгүй ч байж болно. Гэхдээ компани чинь тэлэхийн хэрээр дотоод бүтцээ чадах чинээгээрээ жижиг байлгахыг хичээ. Эл хандлага бол хүний зан төлөвийн дасан зохицох тусгалын илрэл юм. Үүнийг сэтгэл судлаач Робин Дунбарын эволюцийн судалгааны ажил тайлбарлана. Оксфордын их сургуулийн профессор тэрбээр бид хэрхэн хүрээллээ бий болгодог тухай судалжээ. Бидний ихэнх нь ямар нэг байдлаар утга учиртай 150 гаруй харилцаанд оролцдог байна. Харин үүний цаана, бидний тархи их “зовдог” аж.
“Дунбарын тоо” гэгдэх энэ ойлголтыг маш хурдтайгаар өсөж томорсон “Facebook” зэрэг технологийн компаниудын туршлага баталж буй төдийгүй бусдад нь ч гэсэн хөтөч болох боломжтой загвар юм. Тухайлбал, ус нэвтрүүлдэггүй, чийгтдэггүй технологи ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Америкийн “WL Gore” байгууллагынхаа аль нэг тасгийг 150-иас дээш хүнтэй болонгуут татан буулгадаг байна.
Харин зах зээлийн үнэлгээ нь 1.4 тэрбум еврогоор үнэлэгдэх Францын автомашины хол замд ээлжийн жолоочийн үйлчилгээ үзүүлдэг “BlaBlaCar” компани өөрийн гэсэн хувилбартай. 2009 онд байгуулагдсан тус компани онлайнаар захиалга авдаг бөгөөд Их Британи, Германаас эхлээд Мексик, Турк, Энэтхэг зэрэг 12 орны зах зээлд 400 ажилтан нь ажилладаг. “BlaBlaCar” ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компани, боловсон хүчнийг худалдан авах замаар зах зээлээ өргөжүүлдэг.
Тус компанийн үүсгэн байгуулагчдын нэг, ажилчдын асуудал хариуцсан мэргэжилтэн Никола Брюссон компани аливаа олон нийт, хамт олны талаар тогтмол, шуурхай мэдээлэлтэй байж, маш хурдан хариу үйлдэл үзүүлдэг. “Нэг жил хагас, хоёр жилийн хугацаанд байр сууриа олж чадсан орнуудын ухаантай, сэргэлэн залуусын ачаар манай компани ашиг олдог” хэмээн тэрбээр ярив.
Брюссоны компанийн нэгж хэсэг бүрт 10-15 хүнээс илүүгүй бүрэлдэхүүнтэй баг ажилладаг байна. Учир нь, ийм бүтэц зорилгодоо хүрэхийн тулд хурдтай, өлсгөлөн ажиллах боломж олгодог байна.Түүний хэлснээр “BlaBlaCar”-ын амжилтын нууц бол удирдах бус хамтран зохицуулах замаар ажиллах явдал. Компанийн бусад оронд байдаг салбарын удирдлагууд шинэ санаагаа хэрэгжүүлэх хангалттай эрх дархтай байдаг аж.
Соёлын хүчин зүйлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, шинэлэг санаагаа түгээх, шалгарсан арга барилыг хэрэгжүүлэхийн тулд “BlaBlaCar”-ын удирдлага нүүр нүүрээ харсан харилцааг илүүд үздэг. Өөрөөр хэлбэл, харилцаа холбооны хэрэгслээр бие биетэйгээ харьцах бус ажилчдадаа урт аяллыг туулж, нэг нэгэнтэйгээ нүүр тулан уулзах боломжийг олгодог байна.
Гадаад дахь салбарын менежерүүд жилд найман удаа Парис дахь төв байрандаа цуглаж, компанийн шинэ хөтөлбөрийн тухай ухаанаа уралдуулдаг. Мөн ажилчин бүр өөр нэг улсын салбарт нэг долоо хоног ажиллах боломжтой байдаг гэнэ. “Скайп, эсвэл өөр нэг технологи ашиглан сайхан харилцаа тогтоож, ажлаа явуулж болно. Гэхдээ үүнийгээ нүүр нүүрээ хараад хийе л дээ. Нэг баг болохын тулд бие биетэйгээ кофе уу, хоол ид” хэмээн ноён Брюссон ярив.
Ноён Брюссоны хувьд Оксфордын их сургуулийн профессоруудын хариултгүй зөвлөгөөнөөс олж авсан хамгийн гол зүйл нь, нөхцөл байдал шаардаж л байгаа бол өөрчлөлтийг тогтмол хийх хэрэгтэй гэнэ. Харин өөрчлөлт хийхгүй байх тухай асуудал хамгийн сүүлийнх нь болдог аж. “Чи жил бүр компанидаа өөрчлөлт хийж таарна. Танай ажилтнууд 100-аас 200, 400-аас 800 хүрэхэд дахин бүтцийн зохион байгуулалт хийх хэрэгтэй. Гэхдээ нэг өөрчлөлтөөс нөгөө өөрчлөлтийн хоорондох хугацаа 12-18 сар байх нь зохистой. Үүний дараа дахиад л багаа задла” хэмээн тэр зөвлөв.
Рави Матту