Сармисыг нимбэгтэй хольбол гайхамшиг бий болно
Сармисыг нимбэгний шүүсэнд дарж өвлийн цагаар хэрэглэх нь эрүүл мэндэд маш сайн, Төвдүүд уг хандыг бүр хүнийг залуужуулах ид шидтэй гэж үздэг ажээ. Сармис өөртөө олон төрлийн эрдэс бодис агуулдаг төдийгүй зарим төрлийн сөрөг бактерийг устгах чадвартай байдаг. Даралт бууруулах, цус шингэлэх, цусны судасны ханан дахь өөх тосыг цэвэрлэх, цусан дахь холестролыг бууруулах зэрэг олон талын үйлчилгээтэй.
Сармисны хувьд мэдээж экологийн цэвэр бүтээгдэхүүн болох монгол сармисаа авах нь зөв гээд ягаан өнгийн хальстай монгол сармис есөн толгойг авсан нь 470 гр болов. Ханд хийхэд бол би зургаан толгойг л хэрэглэсэн. Хандыг бэлтгэхдээ 300 гр сармисыг хальснаас нь салган цэвэрлээд жижиглэн татаж хэрчинэ.
Ингээд 300 гр сармисанд 500 мл нимбэгний шүүс орохоор тооцож ойролцоогоор 12 нимбэг авч бэлтгээрэй. Нимбэгнийхээ шүүсийг шахахдээ зориулалтын хэрэгсэл ашиглавал их хялбархан байдаг. Нимбэг шахаад нимбэгний шүүстэй ус хийж уухад хэрэг болдог юм. Нимбэгээ шахахдаа хальстай нь яг голоор нь хоёр тэнцүү огтолж хуваагаад огтолсон талаар нь нимбэгний шүүс шахагчид тулган дарж аажим эргүүлснээр хаягдал маш багатайтайгаар шүүсийг нь авчихна.
Нимбэгний шүүсээ шилэн саванд (эсвэл шаазан вааран сав) хийгээд дээрээс нь татсан сармисаа хийж хутгана. Савыг битүүлэн таглахгүй орхих бөгөөд тоос шорооноос хамгаалж дээгүүр нь агаар нэвтрэх даавуугаар бүтээж хуурай сэрүүн газарт (гэхдээ хөргөгчинд биш шүү) буюу хэт халуун, хуурай бус тасалгааны температурт 21 хоног байлгана. Нимбэгний шүүсэнд сармис бүрэн шингэж өтгөн зуурмаг болох үед хэрэглэж эхэлнэ. Өдөр бүр нэг цайны халбагаар халуун бүлээн усанд хутган ууж хэрэглэнэ. Нимбэг нь сармисны эвгүй үнэрийг шингээж үгүй болгох тул таны амнаас сармисны хурц үнэр үнэртэхгүй нь өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой.
Анхааруулга: Бага насны хүүхдүүд ба жирэмсэн эхчүүд сармисыг их хэмжээгээр хэрэглэх нь тохиромжгүй, мөн бөөрний эмгэг, цөсний чулуу, цус багадалт, ходоод, гэдэсний шархтай, мэс засалд орох гэж буй хүмүүс сармис ихээр хэрэглэхдээ болгоомжтой байх, эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.