Шинэ оюутны мэдэж авахад илүүдэхгүй зүйлс

2015 оны 8 сарын 06

Амьдралын их далайд анхны алхмаа хийхийг их сургуульд элсэн орж оюутан хэмээх нэр зүүхтэй адилтгаж болно. Тиймдээ ч оюутан ахуйн цаг хүний амьдралын салшгүй нэг хэсэг болдог.

Энэ л үеэс хүн аливаа зүйлийг эргэцүүлэх чадвартай болж бие даан шийдвэр гарган бие хүн болон төлөвшиж нэг үгээр эрдэм ном сурахаас гадна амьдрах ухаанд суралцдаг билээ. Их сургуульд элсэж шинэ оюутан болж буй хэн бүхэн мэдэж авахад илүүдэхгүй хэдэн зүйлийг сануулъя.

1. Хэрэгтэй зүйлсээ эртхэн бэлд
Үзэг бал, цүнх дэвтэр гээд өөрт хэрэгтэй зүйлээ цагийг нь тулгалгүй эртхэн бэлд. Эртхэн бэлд гэдгийн учир нь сонголт арвинтай буюу жишээ нь яг чиний хүсэж байсан цүнх байж байх магадлал өндөр гэсэн үг. Хичээлдээ явахдаа үзэг балаа нөөцөлж нэгээс илүүг аваад явахад илүүдэхгүй. Учир нь бал чинь гарахгүй бол хичээлийн анхны өдөр хэн нэгнээс бал гуйж эвгүй байдалд орохгүй.

2. Найз нөхөдтэй бол
Мэдээж бие биеэ танихгүй хүмүүс нэг дор цуглахаар биесээсээ хэсэг бишүүрхцгээдэг. Гэхдээ энэ бол түр зуурынх гэдгийг сана. Гэхдээ чи хэт даруу царайлж бүрэг байх гэсний хэрэггүй. Нэг ангид багагүй хугацаанд хамт сурч нэгэнт л найзууд болохоос хойш хэн нэгэнтэй яриа өдөж найзууд болж цаашлаад мэдэхгүй зүйлсээ бие биедээ зааж өгч, өдрийн хоол хамт идэх ханьтай болоход чамд л хэрэгтэй шүү дээ.



3. Дээд курсийн ангиас танилтай бол
Сурч буй чиглэлийнхээ дээд курсийн ангиас танилтай болох нь хэтдээ чамд хэрэгтэй. Учир нь өмнөх жилийнх нь хичээлийн дэвтрийг түр хэрэглэж, суралцах зүйлсээ чи урьдчилж мэдчихэж болно. Мөн ямар багш илүү сайн заадаг гэдгийг тэр мэддэг учир багш болон хичээлийн хуваарийн сонголтод чинь тусалж чадна. Түүнчлэн мэдэхгүй, чадахгүй зүйлээ асуучихдаг байх хэрэгтэй.

4. Сургуулийнхаа анги танхимын байрлалыг эртхэн мэд
Хичээлийн эхний өдөр тараад сургууль дотуураа хэсэг яван анги танхим, цайны газар, номын сан, спортын заал гэх мэт газрууд тус тус хаана байрлалтайг тогтооход гэмгүй. Учир нь дараа нь ангиа хайж цаг алдахгүй юм.



5. Чи одооноос хүүхэд байхаа больсон гэдгээ сана
Бие даах чадвараа сайн хөгжүүл. Оюутан болох нь амьдралын их далайд анхны алхмаа хийж байгаагаас өөрцгүй бөгөөд энэ л үеэс чи өөрөө өөртөө эзэн болох хэрэгтэй. Дунд сургуульд байдаг шиг багш нар чиний дүнг “муу байна ахиулах боломж өгье” гэж сануулахгүй, чи хичээлдээ хэр байна түүнтэй дүйцэх хэмжээний дүн дүнгийн хүснэгтэн дээр чинь бичигдэх болно. Цагийн юмыг цагт нь хийж, өдрийн төлөвлөгөөгөө гаргаж сур. Нэг үгээр одооноос эхлэн хэн ч чиний төлөө явахгүй гэдгийг санаж аливааг бие даан хийх чадвартай болох хэрэгтэй.



6. Эхний өдрөөс л мэрийлттэй бай
Эхний долоо хоногт хичээлийн гол сэдвүүд орохгүй учир тийм ч их хичээгээд яах вэ гэсэн бодолтойгоор хандах шинэхэн оюутнууд цөөнгүй байдаг. Үгүй шүү, чи нэгэнт л эцэг эхийнхээ зовж олсон мөнгөөр суръя гэж их сургуульд орсон болохоор хичээлийн эхний өдрөөс эхлэн мэдье, суръя гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Эхний өдөр номын сандаа карт нээлгэсэн ч болно. Мөн фэйсбүүк, цахим тоглоомд үрдэг цагаа багасгаж хичээл хийх цагаа ихэсгээрэй. Багшийн яриа сонсогдож, самбар дээрх зүйлс харагдахаар аль болох урдуур суу. Багш болон хэн нэгнээс санаа зовж, ичилгүй ойлгоогүй зүйлсээ асуу. Жич: Ойлгоогүй зүйлээ асууж, мэрийлттэй байгаа оюутанд багш нар сайн ханддаг юм шүү.

7. Хэрэглээний мөнгөө зарцуулж сур
Манай нийгэмд оюутан гэхээр л ядмаг, тарчигхан гэж ойлгогддог. Үнэндээ хэрэглээний мөнгөө зөв зарцуулаад сурчихвал энэ асуудал биш юм. Ээж аавын өгсөн хэрэглээний мөнгийг цахим тоглоомд үрдэг нас чинь өнгөрсөн. Өдрийн хоол, унааны зардал, хичээлд хэрэгтэй материалаа хэвлүүлэх, шинэ ном худалдаж авах гээд гарч болох зардлаа зөв тооцож, хэрэггүй зүйлсэд мөнгө зарахгүй байж чаддаг байх хэрэгтэй. Тооцоо хөтөлдөг жижиг дэвтэр нээсэн ч болно. Ингэснээр чиний ирээдүйн хувийн санхүүгийн зарцуулалт хийх чадвар чинь төлөвших давуу талтай.



8. “Dress code” буюу хувцаслалтдаа анхаар
Зарим сургууль хувцаслалтын дүрэм гаргасан байдаг. Харин элссэн сургууль чинь ийм төрлийн дүрэмгүй ч гэлээ чи хувцаслалтдаа бага зэрэг анхаарах хэрэгтэй. Дунд сургуулийн дүрэмт хувцаснаас салж одоо л өөрийнхөөрөө хувцаслах нь дээ гэж бодож магадгүй. Гэхдээ хэт этгээд, ил задгай хувцаслалт чамд хандах бусдын болон багшийн хандлагыг сөрөг болгох хандлагатай байдаг. Ялангуяа охид цээжээ хэт ил гаргасан болон богино банзал өмсөх нь зохимжгүй юм. Нэг үгээр чи хаана ямар хувцас өмсөх нь тохиромжтой эсэх талаар багагүй мэдлэгтэй байх хэрэгтэй.

9. Эрүүл биед саруул ухаан оршино
Амралт, хичээл, чөлөөт цагаа зөв хуваарилах хэрэгтэй. Шоу цэнгээний газраар шөнөжингөө найз нөхөдтэйгөө баярлаад өглөө нь хичээл дээрээ унтаж нойроо авчихна гэж бодож байгаа бол та ирц болон дүнгийн хангалтгүй байдлаас болж хөөгдөх оюутны тоонд өөрийгөө орсонд тооц. Дасгал хөдөлгөөн хийх цагийг өөртөө гаргаж байгаарай. Түргэн хоол, шарсан хуурсан хоолноос аль болох татгалзаж эрүүл хоол сонгох хэрэгтэй. Мөн хичээлийн эхний үед бие бялдар ачаалалд дасан зохицох хүртлээ бага зэрэг ядардаг учир сайн унтаж амрах хэрэгтэй.



10. Нийгмийн ажилд идэвхтэй байхад илүүдэхгүй
Хичээлээс гадуурх нийгмийн ажилд идэвх санаачилгатай байхад илүүдэхгүй. Учир нь сүүлийн жилүүдэд албан газрууд ажил горилогчийг нийгмийн ажил, ямар нэг оюутны клубт хамрагдаж байсан эсэхийг нь харгалзаж ажилд авах хандлагатай болсон. Тиймээс оюутны холбооноос зохион байгуулж байгаа ажилд оролцож, гишүүнээр элссэн ч болно. Гэхдээ нэр төдийхнөөр бус чи өөрөө хийж байгаа зүйлдээ дуртай, зүтгэлтэй байх хэрэгтэй. Мөн энэ нь өөрийгөө хөгжүүлж, танилын хүрээгээ өргөжүүлэх нэг боломж юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24158
0 эможи
keyboard_arrow_up