Рашаан сувилалд амарсан бол 14-21 хоног гам барих хэрэгтэй

2015 оны 8 сарын 04

Ээлжийн амралтаа авч хөдөө гадаа аялахаас гадна рашаан сувиллын газар алжаалаа тайлан, биеэ эмчлүүлэх иргэд жилээс жилд нэмэгдсээр. Өдгөө амралт зугаалгын улирал дуусч, эмчилгээ сувилгаанд явсан иргэд буцацгааж байна.

Төрөл бүрийн рашаан ууж, шавар эмчилгээ хийлгээд 10 орчим хоног амраад ирдэг ч иргэд гам дэглэм бариагүйгээс эмчилгээний үр дүнг бууруулж, хууч өвчнөө сэдрээх тохиолдол гардаг гэнэ.

Тэгвэл рашаан сувилалд явсан иргэд эмчилгээний чанарыг удаан хадгалж, эрүүлжихийн тулд эмчилгээ хийсэн өдөр, цаг минутаас эхлээд эмчилгээ дууссанаас хойш долоо хоног хүртэлх хугацаанд гам дэглэмийг хатуу сахих хэрэгтэй ажээ. Өөрөөр хэлбэл доод тал нь 14-21 хоног гам дэглэмийг хатуу чанд баримтлах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Харин үүнээс хойш өөрийнхөө биеийн байдалд тохируулан халуун хоол, цай ууж идэхэд хөлрөхгүй болсон үед гам бүрэн дууслаа гэж үзнэ.

ГАМ ДЭГЛЭМИЙГ ХЭРХЭН БАРИХ ВЭ?

Даарч хөрж болохгүй

  1. Эмчилгээний явцад болон гам дуустал даарч хөрж болохгүй. Байнга дулаан хувцаслаж бороо цасанд норохыг хориглоно.
  2. Халууцсан болон хөлөрсөн үед хөлсийг сэвж болохгүй.
  3. Цонх, хаалганы салхинд нэвт цохиулж болохгүй.
  4. Эмчилгээ эхэлсэн өдрөөс эхлэн гам дуустал гадаа гарахдаа чихээ бөглөн, малгай өмсөж алчуураар толгойгоо боох хэрэгтэй.
  5. Хүйтэн усанд орж хүйтэн усаар гар нүүрээ угааж болохгүй.
  6. Хүнд хүчир ажил ядартал хийхгүй байх,уурлах, гомдох,баярлах,айх ,цочих гэх мэт сэтгэлийн хөдөлгөөнд автахгүй байх, хэт тачаадахыг хориглоно.

Хоолны дэглэм барих

  1. Хүйтэн цай, ундаа, пиво, архи, айраг уухыг хориглоно. Мансууруулах зүйл хэрэглэхгүй байх.
  2. Хоол ундны дэглэмийг нарийн баримталж, хэт их идэж өлсөх нь эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг тул ойрхон цагт бага багаар тохирсон хоол цайг хэрэглэх нь зүйтэй. Учир нь эмчилгээний явцад хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд өөрчлөлт ордог тул хоолны хордлого болох нь тун амархан байдаг.
  3. Хэт тостой, хурц, хуурч хайрсан, халуун ногоотой  хоол идэхгүй байх
  4. Хоолондоо хэт халуун ногоо, сармис хэрэглэхгүй байх.
  5. Эмчилгээний явцад болон гам дэглэмийн хугацаанд пиво ууж архидан согтуурвал өвчний эдгэрэлт хоёр дахин, тамхи их татвал гурав дахин удааширч тэр хэмжээгээр эмчилгээний үр дүн бууран эрүүлжих боломжоо алдана.
  6. Яс үе мөчний өвчтэй, хугарал, мултралтай хүмүүс айраг бага боловч уухыг хориглоно. Учир нь айраг дээрх өвчнийг задалж, сэдрээж өвдөлт шархиралтыг эрчимжүүлэн нэмэгдүүлдэгийг хатуу анхаарах хэрэгтэй.

Эмчилгээний дараа бие тавгүйрхвэл эмчдээ хандаарай

  1. Эмчилгээний явцад ямарч өвчин дахин хөдлөх цусны даралт ихдэх, зүрхээр өвдөх, амьсгаадах хандлага үргэлж дагалдах тул та өөрөө байнга хэрэглэдэг эмүүдээ болон зүрх, даралтны эмээ биедээ үргэлж авч хэрэглэж байх.
  2. Биед чинь ямар нэг зовиур илэрвэл шаналгаа мэдэгдвэл сувилагч болон эмчид яаралтай мэдэгдэн үзүүлж яаралтай тусламжийг цаг алдалгүй авах шаардлагатай.
  3. Эмчилгээг эмчийн заалтгүйгээр дур мэдэн хийлгэх бусад хүмүүсийн эмчилгээг даган дуурайж, эмчилгээг өөрчилж болохгүй. Учир нь өвчин нь адилхан боловч таны биеийн онцлог өөр бусад дагалдах архаг өвчнүүд адилгүй тул мэргэжлийн эмчийн заалтаар эмчилгээг хийлгэж эмч сувилагчийн зөвлөгөөг нэг бүрчлэн дагаж мөрдөх нь эдгэрэлтийг түргэсгэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24088
0 эможи
keyboard_arrow_up