Ажилд орох өргөдлийг бичих хэцүү ч – энэ загвараар бичвэл их амархан бөгөөд үр дүнтэй
Хувийн танилцуулгыг минь засварлахад тусалсанд баярлалаа гэж найз маань их л баяртайгаар талархлаа илэрхийлэв. “Одоо саяхан ажлын анкет бөглөхдөө ашиглаж байсан ажилд орох өргөдлөө олоод, жаахан засвар хийхэд л болно” гэж тэр хэллээ.
“Үгүй ээ, болохгүй!”гэж би хэллээ. “Ажилд орох өргөдөл тусгайлан бичигдэх ёстой.”
Эцэст нь бид 2 ахин 30 гаруй минутын турш хамтдаа сууж, зөвхөн зарлагдсан ажлын байранд ч биш, тухайн компанид яагаад хамгийн сайн тохирох ажилтан болж чадахыг нь тодотгосон цор ганц өргөдлийг бичиж дуусгав. Энэхүү 30 минут бол хүсч буй ажилдаа орохын тулд зарцуулбал зохих цаг хугацаа байлаа.
Ажилд орох өргөдлийг хэрхэн бичвэл зохистой талаар мэдмээр байна уу? Тэгвэл доорх хэсгүүдэд анхаарлаа хандуулна уу:
1.Мэндчилгээ
Ихэнх ажил горилогчид энэ талаар мэддэг байж болох ч, сануулахад илүүдэхгүй байх: Ажилд орох өргөдлөө тодорхой нэгэн хүнд хаяглах хэрэгтэй. Ингэснээр чамайг өөрийнхөө хэмжээнд судалгаа хийсэн нэгэн болохыг харуулах болно. “Хүндэт Джон Доу” хэмээн бичсэн байвал, уншиж буй хүнд (тухайн хүн Джон Доу биш байсан ч гэсэн) илүү гүн сэтгэгдэл үлдээнэ.
Хэрэв ажлын зар дээр холбогдох хүний нэрийг бичээгүй байвал, тухайн компанийн хүнийн нөөцийн менежерийн нэрийг олох гэж оролд. Хэрэв олдохгүй бол, өргөдөл гаргаж буй хэлтсийнхээ даргын талаар мэдээлэл олохыг хичээ.
2.Эхний догол мөр
Захианы хамгийн эхний хэсэг бол тухайн байгууллага болоод зарлагдаж буй ажлын байр таны хувьд яагаад онцгой, чухал болохыг илэрхийлэх хамгийн таатай боломж юм. Би дараах байдлаар захиагаа эхлүүлэх дуртай:
[Ажлын байрны нэр] – Энэхүү ажлын байрыг сонирхон, өргөдөл гаргаж байгаадаа таатай байна.
Дараагаар нь яагаад гэдэг шалтгаанаа бичиж эхэлнэ. Жишээ нь:
“Борлуулалтын шинжээч” ажлын байранд хүсэлт гаргаж байгаадаа таатай байна. TravelClick компани бол хэрэглэгчдээтом, жижиг гэж үл ялган, үргэлж нэгдүгээрт тавьдаг, зочид буудлын үйлчилгээний салбартаа тэргүүлэх компани. Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн төлөө хичээнгүйлэн ажиллаж буй та бүхний сэтгэл зүтгэл бол карьерийнхаа туршид мэрийн яваа зүйлтэй минь агаар нэгэн билээ. Үүнийгээ өөрийн ур чадвар, туршлагатайгаа хослуулан томоохон нэр хүнд бүхий танай компанид зориулахдаа таатай байх болно.
Хэрэв энэ хэсгийг бичихэд хүндрэлтэй байгаа бол, тухайн компанийн вэбсайт, сошиал медиа дахь хуудас, эсвэл LinkedIn дэх компанийн хаягаас шаардлагатай мэдээллүүдийг олж авах хэрэгтэй. Ингэснээр яагаад тухайн ажилд орохыг хүсч байгаа, яагаад хамгийн сайн хийж чадах тал дээрээ анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болно. Мэдээж бид бүхэнд цалин хөлс чухал боловч, яагаад энэ боломжийг онцлон сонирхож байгаагаа дэлгэрэнгүй тайлбарлах хэрэгтэй (Зөвхөн тухайн компани танд хэрхэн туслах талаар биш, та өөрөө хэрхэн хувь нэмрээ оруулж чадахыгаа тодотгож өг).
3.Өрнөл хэсэг
Дараагийн 2 догол мөрт тухайн ажилд хамааралтай өмнө нь гүйцэтгэж байсан ажил үүргүүд, түүнээс суралцсан ур чадвар, туршлагын талаар тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь:
Формат
Эхний мөр их энгийн:
[Тухайн хугацаа] –д [Компанийн нэр] компанид [албан тушаалын нэр] –ийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан.
Дээрх өгүүлбэрийн дараагаар одоо сонирхож буй ажилд хамгийн хамааралтай байж болох ямар ажил үүргүүдийг хэрхэн гүйцэтгэж байсан талаараа бичнэ:
[Албан тушаалын нэр] –аар ажиллаж байхдаа [Үүрэг даалгавар1, Үүрэг даалгавар2, Үүрэг даалгавар 3] гэх мэт үүргийг хариуцан гүйцэтгэдэг байсан.
буюу эсвэл дараах байдлаар бичиж болно:
Тухайн албан тушаалд байхдаа [Төсөл1, Төсөл2, Төсөл3] гэх мэт хэд хэдэн төслүүд дээр ажиллаж байсан.
Дараа нь энэ хэсэгт өөрийн хувийн танилцуулга дээрх ажлын туршлагуудаасаа өргөдөл гаргаж буй ажилдаа хамгийн тохиромжтойг нь сонгож, илүү дэлгэрэнгүй мэдээллээр баяжуулан илэрхийлэх хэрэгтэй.
Олж авсан мэдлэг туршлагаа зарлагдаж буй албан тушаалд сонгогдвол хэрхэн ашиглах талаараа ганц, хоёр өгүүлбэр нэмж бичвэл илүү сайн.
Доорх маягаар бичиж болно:
Өнгөрсөн 3 жилийн туршид би Blue Duck компанид техникийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежерээр ажилласан ба, хэрэглэгчдийн хүсэлт, үйлчлүүлэгчдийн шаардлагад нийцүүлсэн 30 гаруй өндөр түвшний бүтээгдэхүүн, үйлчилгээг дизайны болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаныхаа багийн гишүүдийн хамтаар төлөвлөсөн хугацаа, төсөвт багтаан хийж гүйцэтгэж байсан. Маш олон төрлийн хэрэгцээ шаардлагыг тэнцвэржүүлнэ гэдэг миний хувьд ихээхэн хүч сорьсон ажил байсан бөгөөд хувьцаа эзэмшигчдийн сэтгэл ханамжийг хамгийн өндөр түвшинд байлгахаар шийдлүүдийг олох чадварт суралцсан. Хэрэв танай компанид бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежерээр ажилд орвол, өөрийн мэдлэг чадвар, туршлага дээрээ үндэслэн хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид нийцүүлэн, төслийн хугацаа, төсөвт багтаан шинэлэг шийдлүүд гарган ажиллахдаа таатай байх болно.
Тохирох жишээг сонгох
Яг ямар ажил, ур чадвараа тодотговол илүү зохимжтой талаар гайхаж байна уу?
Таны одоогийн болон хамгийн сүүлд хийж байсан ажлууд (тухайн ажлыг маш богино хугацаанд хийсэн, эсвэл одоогийн сонирхож буй ажлын байртай огтхон ч төсгүй бол бичих шаардлагагүй) ажилд орох өргөдөлд багтах ёстой. 2 дахь жишээгээ олохын тулд, зарласан ажлын байрны тодорхойлолтод онцолсон хамгийн чухал байж болох 3 зүйл дээр анхаарлаа төвлөрүүл – тэдгээр шаардлагуудыг хангахгүйгээр таныг ажилд авах боломжгүй тийм л шалгууруудыг онцол. Тухайн шалгуурууд нь магадгүй зарлагдсан ажлын байртай холбоотой бичих ур чадвар, удирдан манлайлан ур чадвар гэх мэт байж болно.
Ямар 3 зүйлийг сонгосноос үл хамааран, тэдгээр нь тус бүртээ ажилд орох өргөдөлд чинь багтсан байх ёстой. Тэдний хүсээд буй чанаруудыг ашиглаж байсан туршлагуудаа сонго.
4.Төгсгөлийн догол мөр
Ихэнх хүмүүс захиагаа төгсгөхдөө ихэвчлэн “Цаг гарган танилцсанд баярлалаа, удахгүй хариу авна гэдэгтээ найдаж байна” гэх мэтээр төгсгөдөг. Гэвч ингэх нь үнэндээ бодит хөрөнгөө зүгээр л үгүй хийхтэй адил. Өмнө бичсэн догол мөрүүдийн адилаар, төгсгөлийн хэсэг ч мөн адил хувийн шинж чанартай байх хэрэгтэй.
Жишээ нь, та Атланта мужид амьдардаг ч, Портландад ажиллахыг хүсч байж болно. Тэгвэл, “Би 5 –р сард Портланд руу нүүх гэж байгаа, тэнд ажилд орохыг тэсэн ядан хүлээж байна” гэх мэтээр төгсгөж болно. Ингэж бичвэл, захиаг уншиж байгаа хүнд, та тухайн ажлын байрны тодорхойлолтын талаар сайтар судалсан, байрлал нь таны хувьд асуудал биш юм байна гэдгийг илтгэх болно.
Магадгүй та тухайн ажлын байранд яв цав тохирохоор хангалттай ур чадвар, туршлагагүй байж болно. Тэгвэл “Би энэхүү ажлын байранд тийм ч сайн тохирохоор ур чадвартай биш ч, ...” гэх мэтийн өгүүлбэрийг ердөө ч ашиглаж болохгүй. Харин түүний оронд, “[Тухайн салбар, эсвэл мэргэжил] дахь миний мэдлэг, туршлага, танай компанид, энэхүү ажлын байранд орохыг хүссэн миний тэмүүлэлтэй нийлээд, [тухайн ажил үүрэг] –ийг гүйцэтгэн, хариуцан ажиллахад хамгийн тохиромжтой ажил горилогч болгож байгаа гэдэгт итгэлтэй байна.”
Эсвэл энэхүү ажлын байрыг маш ихээр сонирхож байгаагаа илэрхийлсэн хүчтэй хүсэл эрмэлзлэл бүхий өгүүлбэрээр захиагаа төгсгөж болно.
Жишээлбэл:
Дахин хэлэхэд, TravelClick компани хэрэглэгчдэдээ үзүүлэх үйлчилгээг хамгийн тэргүүнд өргөмжилдөг нь надад маш гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Дадлагын оюутнаас авахуулаад ерөнхий захирал хүртэл, бүхий л ажилчид нь хэрэглэгч нэг бүрт чин сэтгэлээсээ анхаарлаа хандуулдаг танай байгууллагад ажиллахдаа сэтгэл дүүрэн байх болно.
Цаг гаргасан танд баярлалаа.
Хүндэтгэсэн: ..............