Өвдөгний үений архаг үрэвслээс сэргийлэх нь

2015 оны 7 сарын 16

1. Идэр, дунд наснаас эхлэж ясанд аяндаа хөгшрөлийн процесс явагддаг учраас шим тэжээл илүү шаардагдана гэдгийг ойлгож ясны тэжээлүүдийг хангалттай нөхөж байх нь зүйтэй. Үүнд: эрдсээр баялаг хүнсний ногоо, малын ясны чөмөг, кальци агуулсан баталгаатай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх.
2. Эмэгтэйчүүд цэвэршилт явагдахаас эхэлж шим тэжээлтэй хүнсний зүйл илүү нөхвөрлөх шаардлагатай.
3. Ясны тэжээлд ганцхан кальци, фосфор, магни, цайр, витамин Д амин дэмийг хүртээмжтэй буюу тэнцүү авах ёстой.
4. Даарч хөрөх, жиндэх, чийгний нөлөө нь өвдөгний архаг үрэвслийг буй болгох нэгэн гол шалтгаан юм. Учир нь хүний зүрхийг дулаан түгээгч гэж ойлговол хөл, өвдөг, үе мөч нь дулаан илч энерги хангагч зүрхнээс хол хязгарт байдаг тул харьцангуй илч, энерги дутмаг, хүйтэнд амархан даарах, хөрөх, өртөх тал бий. Энэ нь өвдөгний өвчнийг буй болгохын нэгэн гол шалтгаан болдог.
5. Биеийн жинг заавал тогтмол барих хэрэгтэй. Өвдөг нь хүний биеийн жинг тээж явдаг үе болохоор хэвийн байх ёстой жингээсээ илүү жин авч явбал аажимдаа хөл муудах зайлшгүй нэгэн шалтгаан болдог. Тийм учраас биеийн жинг тогтмол, хэвийн байлгах нь нэн чухал юм.
6. Хөдөлгөөн ба ажил хөдөлмөр. Өвдөг нь хамгийн том хөдөлгөөнт үе, зохих хөдөлгөөндөө зохицсон байх учиртай. Хэт ачаалалтай, хүнд хөдөлгөөн хийх буюу удаан хугацаагаар хөдөлгөөн багатай байлгавал өвдөгний үеийн бүтцэд өөрчлөлт орж өвчин болох нөхцөл бүрдэнэ. Хөдөлгөөнийг өөрийн нас, биеийн байдалд тохируулан хийх шаардлагатай.
7. Гэмтэл. Өвдөгний үе нь маш нарийн бүтэцтэй болохоор гэмтэл, бэртэл зэрэг гадны нөлөөнөөс болж өвчлөх тал олон бий.
8. Удамшил. Аав, ээжийн аль нэгнийх нь талд өвдөгний үений өвчтэй хүн байсан бол өвдөгний үений өвчинд зохих хэмжээгээр нөлөөлөлх буюу удамших тал байдаг.
9. Бусад үе мөчний өвчин. Хоолой байнга өвдөх, ангины гаралтай хэрлэг өвчин /хэрэх/ чийг нойтны гаралтай үе мөчний өвчин /үений шар усны өвчин/, тулай буюу полиартрит, малын гаралтай бруцеллёз /шинэ хэрэх/ зэрэг нь өвдөгний үеийн архаг үрэвсэл буюу хавсармал хам шинжийг буй болгодог. Иймээс дээрх өвчнүүдийг үүсгэгч нөхцлийг мэдэж авснаар өвдөгний үеэ хамгаалах, мөн өвдөгний өвчнөө эмчлүүлэхэд зохих ач холбогдлыг өгнө.
Өвдөгний өвчнөөс сэргийлэх дасгалууд
· Өдөр бүр 150-300 удаа хөл дээрээ босож суух
· Өвдгөн дээрээ гараа тавиад өвдгөө баруун тийш 150, зүүн тийш 150 удаа хөдөлгөх
· Хөлөө ээлжлэн тус бүр 150 удаа сэгсрэх
· Халуун усаар 10-15 минут өвдгөө шүршээд илж нухлах
· Эдгээр дасгалуудыг хүүхэд, залуу үеэсээ хийж дадал болгож заншвал өтөл насандаа хөл, өвдөг өвдөх өвчнөөс зайлсхийхэд тустай.
Өвдөгний үений өвчнийг гэрийн нөхцөлд эмчлэх аргууд
1. Ясны шөлний жин
Малын яс ялангуяа хонь, адууны яс хагас кг-г 3-5 л усанд 40-50 минут буцалган шөлний ууран дээр нь 20-30 минут өвчтэй хэсгээ жигнэх эсвэл зузаавтар алчуур дүрж халуун, бүлээнээр нь жин тавина. Энэ арга нь даарсан хөрсөн, чийг нойтноос болсон үе мөчний архаг өвчин, өвдөг хүйтэн оргиж шархирах, яс ургаж шингэн багассанаас болж өвдөх зэрэгт ихээхэн ач тустай. 7 хоногт 2-3 удаа, 3 долоо хоног хийнэ.
Гам, цээр- Халуун жин, дулаан эмчилгээг хийсний дараа даарах, цас, салхи, бороонд цохиулахаас зайлсхийж, нүнжигтэй халуу, бүлээн хоол унд иднэ. Цусны даралт ихтэй хүмүүс даралт бууруулах эмээ хэрэглэсний дараа заслаа хийнэ.
2. Бор давсны жин
Бор давс 1 кг, шар тос, хятад цуу бага зэрэг хийж чийгийг нь гартал хуурч дараа нь даавуун уутанд хийн өвчтэй хэсэгт жин тавина. Хүйтэн чанартай үе мөчний өвчин, өвдөгний архаг үрэвсэл, суудлын мэдрэлийн үрэвсэлд сайн. 7 хоногт 2-3 удаа, 3 долоо хоног хийнэ.
Гам, цээр- Халуун жин, дулаан эмчилгээг хийсний дараа даарах, цас салхи, бороонд цохиулахаас зайлсхийж, нүнжигтэй халуу, бүлээн хоол унд иднэ. Цусны даралт ихтэй хүмүүс даралт бууруулах эмээ хэрэглэсний дараа заслаа хийнэ.
3. Зэрлэг гахай, тарвага, дорго, малын чөмөгний тосноос байнга түрхэж нар болон галд ээж байх нь өвдөг шархирах өвчинд тустай.
4. Адууны хомоолын засал
Орой унтахаасаа өмнө адууны хөх хомоол 1 кг-г нэрмэл архинд хийж халаагаад өвчтэй газартаа сайн шавж, гадуур нь гялгар уут тавьж боогоод хонуулаад өглөө нь авна. Салхи, жавар оруулж болохгүй. 7 хоногт 2-3 удаа 3 долоо хоног хийнэ. Цусны даралт ихтэй хүмүүс даралт бууруулах эмээ хэрэглэсний дараа заслаа хийнэ.
5. Арьслах засал
Хэрэв өвдөгний үе халуун оргиж өвдөөд байвал ямааны толгойн арьсаар, хүйтэн оргилж өвдвөл адуу, хонины толгойны арьсаар арьслана. Арьсаа сайтар өвчиж аваад захыг нь хайчлан, галд ээж бага зэрэг халаагаад өвдгөн дээрээ тавина. Дараа нь гадуур нь гялгар уут тавьж боогоод хонуулаад өглөө нь авна. Салхи, жавар оруулж болохгүй. Энэхүү заслыг орой унтахаасаа өмнө хийгээд өглөө авбал сайн. 7 хоногт 2-3 удаа 3 долоо хоног хийнэ. Цусны даралт ихтэй хүмүүс даралт бууруулах эмээ хэрэглэсний дараа заслаа хийнэ.
6. Өвдөгний үе хүйтэн оргиж өвдвөл хонины сэвсэн засал хийнэ. 
Гүзээтэй сэвснээсээ халуу, бүлээнээр аваад өвдгөн дээрээ шавж тавина. Дараа нь гадуур нь гялгар уут тавьж боогоод хонуулаад өглөө нь авна. Салхи, жавар оруулж болохгүй. Энэхүү заслыг орой унтахаасаа өмнө хийгээд өглөө авбал сайн. 7 хоногт 2-3 удаа 3 долоо хоног хийнэ. Цусны даралт ихтэй хүмүүс даралт бууруулах эмээ хэрэглэсний дараа заслаа хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23779
9 эможи
keyboard_arrow_up