Гэрлэхээсээ өмнө хамтран амьдарч “үзэх”-ийн давуу ба сул тал

2015 оны 7 сарын 08
Бүх зүйлийг л эхлээд “туршиж үздэг” хашир нийгэмд амьдарч байгаа нь бидний буруу биш.
Хэн ч машин авахдаа өөрөө унаж үзэлгүйгээр мөнгөө төлдөггүй, хэн ч хувцас авахдаа өөрөө өмсөж үзэлгүйгээр түрийвчээ уудалдаггүй юм чинь. Гэхдээ гэрлэлтийг ч гэсэн “туршилт”-ын дараа шийдэх нь хэр зөв бол.
 
Аав ээж, эмээ өвөө, ах эгч бүгд л хамгийн сайн сайхныг хүссэндээ биднийг гэрлэхээсээ өмнө “цаадахтайгаа” хамт амьдарч үзэхийг зөвлөдөг. “Одоо цагт хүнд итгэх хэцүү болсон” гэсэн хашир тайлбарыг ч бид олон сонсож байсан. Гэхдээ л бидэнд зөвлөөд байдаг ахмадууд өөрсдөө танилцсанаасаа хойш 2 удаа уулзчихаад л нэг гэрт орчихсон байдаггүй билүү? Тэдний гэрлэлт биднийхээс юугаараа өөр болоод хаширлахыг учирладаг юм бол гэж би хааяа боддог юм. Хэдийгээр төсөөлж явдаг сайхан гэр бүлээ бий болгохын тулд бүх зүйлд нухацтай хандах ёстой ч, “зүү болгон хоёр үзүүртэй” учраас хамтран амьдрах гэдэг моодын давуу ба сул талуудыг харьцуулан шинжээрэй.
 
Давуу тал-Нэг нэгнийхээ сайн муутай урьдчилж танилцана Жирийн болзооны үеэр нүдэнд харагддаггүй байсан түүний олон зан чанар луу чи анх удаа “шагайх” болно. Тэр ч бас. Нөгөө гялалзсан залуу чинь гэртээ болохоор бохирдсон оймсондоо анхааралгүй ханддагийг нь чи мэддэг болно. Өнөөдрийн аяга тавгаа маргааш нь шинээр хоол хийхийнхээ өмнө л угаадаг зуршлыг чинь ч тэр харна. Зөвхөн ариун цэврээс гадна ахуйн жижиг асуудлуудад хандах хандлага, хэт бухимдсан үедээ гаргадаг ааш, шөнө унтах, өглөө сэрэхдээ амнаас нь үнэртэх үнэрэнд нь ч чи ойртоно. Гэхдээ энэ нь та хоёрын хувьд 5 настай хүүхэд шууд “1-р анги”-д оролгүйгээр “Бэлтгэл”-д сууж байгаатай л адилхан, ашигтай хэрэг. Гэрлэсэн хойно асуултын тэмдэг болж толгой дээр хүндээр буух зүйлсийн талаар анхан шатны мэдлэгтэй болсныхоо дараа түүний эхнэр болвол залуу гэр бүлүүдийн заавал туулдаг жимүүдээс хэд хэдийг алгасчихна л гэсэн үг.
 
“Суралцах үе шат”-ыг наана нь туулчихвал гэрлэсний дараа болзоот хосуудын хувиар биш, насны ханиудын хувиар эдлэх романтик мөчүүд рүү ямар ч саадгүйгээр “шумбаж” чадна. Ихэнх хосуудын хувьд жижиг сажиг бүх зөрчил бал сарын дараанаас эхэлдэг бол та хоёр хуримын бөгжөө зүүснийхээ дөнгөж маргааш нь хүртэл “тиймэрхүү” юмнуудыг аль хэдийнэ шийдчихсэн хүмүүс шиг додигор бас бардам байх болно. Ялихгүй зүйлээс болж үүсдэг гонсойлтын хувь 0-тэй тэнцүү! Сул тал-Туршилтын сэтгэлгээ Саяхан манай нэг найз намайг аминчлан дуудаад өөрийн амьдралд тулгараад байгаа том асуудлын талаар ярилаа. Тэр маань найз залуутайгаа хамт амьдраад 6 сар болж байгаа юм. Надтай уулзмагцаа шууд “Би жирэмсэн болчихлоо” гэнэ.
 
Учир зүггүй баяр хүргэтэл хариуд нь надад “Би анхнаасаа Төмөрөөтэй гэрлэнэ гэдэгтээ тийм ч итгэлтэй байгаагүй. Хамт амьдраад бүүр ч итгэл төрөхөө больчихсон. Гэтэл ийм юм болчихсон байдаг. Яах вэ?” гэдэг юм байна. “Итгэлгүй байсан мөртлөө яагаад хамт амьдрахыг сонгоо вэ?” гэтэл “Амьдраад үзвэл болох ч юм билүү гэж найдсан юм аа” гэсэн хариу хэлсэн юм. Хэдэн цагийн турш үргэлжилсэн ярианы дараа миний энэ түүхээс олж авсан зүйл бол зөвхөн гэрлэнэ гэсэн итгэлтэй байгаа хүнтэйгээ л хамтран амьдрах хэрэгтэй гэсэн үзэл юм. “Эхнэр нь болох тухай бодоогүй байхдаа жирэмсэн болсон” гэсэн утгатай түүхийг сайтдаа ирсэн захидлуудаас ч олноор нь уншиж байсан учраас энэ бодол маань улам батлагдсан. Учир нь анхнаасаа итгэлгүй хандлагаар эхлүүлсэн зүйлээс бидний тархи яаж ийж байгаад сул талыг нь олж харахдаа амархан, мэдрэг байдаг аж. Өөрөөр хэлвэл бид “Муу байх даа” гэж бодоод авсан гар утас яаж ч сайн ажиллаж байсан нэг л удаа сүлжээ нь тасалдах юм бол “Би бүр мэдээд байсан юм аа. Ингээд л эвдэрчихэж байгаа байхгүй юу” гэж уулга алддаг. Хүний оюун санаа өөртөө нэгэнт үүсчихсэн байгаа хандлагыг батлахын тулд л түлхүү ажилладаг гэсэн үг.
 
Харин “Ёстой сайн утас” гэж бодоод авсан бол яаж ч эвдэрч байсан зөвхөн магтууштай талыг нь л бодож баярлах болно. Энэ бол бидний мөн чанар юм. Утас мэтийн хэрэглээ ч яахав. Харин “хамтран амьдрах” гэсэн нухацтай асуудлын хувьд эргэлзэж байгаа хэрнээ л өөртөө байхгүй хоосон найдлагыг дагаж гаргасан шийдвэрээс дараа нь буцахад, ангижрахад тун хэцүү байдаг. Түүнээс гадна шөнө бүр нэг хөнжилд унтаж байгаа учраас энэ үед жирэмсэн болох магадлал болзооны үеэс хамаагүй өндөр байх нь ойлгомжтой. Тиймээс итгэл бүрэлдээгүй харилцааг амьдрал болгохоор оролдох үед угаасаа хэврэг байсан итгэлцэл нуран унахдаа амархан байх нь олонтаа. Тиймээс зөвхөн гэрлэнэ гэж бодож байгаа хүнтэйгээ л хамтран амьдар. “Болгоё” гэсэн шийдвэр биш “Туршаад үзье” гэдэг хашир бодол дараа дараагийн бүх алхмыг илүү хүндрэлтэй, эргэлзээ дүүрэн, харамсалтай, сэтгэл ханамжгүй болгож болзошгүй. Хоёрт гэвэл анхнаасаа гэрлэх тухай бодлоор эхлүүлсэн хэрнээ хамтран амьдрах явцад эргэлзээ улам лавшрах тохиолдол ч бий. Хүн болгонд л гэрлэлтийн өмнөх айдас бага ч гэсэн байдаг. Харин тэр айдастай нүүр тулахын оронд хариуцлагыг түр хугацаанд хойшлуулах шалтгаанаар “хамтран амьдрах”-ыг сонговол тээнэгэлзээндээ уягдаж магадгүй.
 
Тохиромжтой цаг хугацаа гэж байдаггүй гэдэг дээ? Бэлэн болохыг хүлээвэл хэзээ ч бэлэн болохгүй байж мэднэ. “Харж л байя” гээд хамт амьдраад эхэлвэл зүгээр л “харсан” хэвээрээ хэр удахыг хэн ч мэдэхгүй, ямар ч цаг хугацааны болон сэтгэл зүйн барьц үгүй, зөвхөн ямар нэг мэдрэмж өөрөө хүрч ирэхийг хүлээсээр байхтай адил юм. “Биеэ чагнах” хоорондоо харин ч байхгүй байсан өвчнийг өөрөө өөртөө бий болгочихож ч мэднэ гэсэн үг. Эргэж хөрвөөн, ийш тийшээ харан яваад л байвал хэчнээн ч удахыг бүү мэд. Харин үүний оронд нэг баттай шийдвэр гаргаж, нэг зүг рүү итгэлтэй харвал тэр тийшээгээ л жолоо чиглүүлэхэд анхаарал төвлөрдөг билээ.
 
Төгсгөлд нь: Энэ нийтлэлийг хамтран амьдрахын зөв бурууг шүүхээсээ илүү уншигчдыг өөрийн нөхцөл байдалдаа дүгнэлт хийн шийдвэр гаргаасай гэж хүсч бичсэн юм. Хамгийн гол нь хамтын амьдралыг эхлүүлэхдээ “гэрлэснийхээ дараа харамсахгүйн тулд”, “тохиромжгүй хүнтэйгээ гэрлэчихгүйн тулд” гэсэн бодолтойгоор биш “бид хоёрын гэрлэлтийн өмнөх бэлтгэл амьдрал” гэсэн хандлагатай байх хэрэгтэй. Тэгвэл хамт амьдарч “үзнэ” гэдэг гайхалтай сайхан санаа байх болно. Ирээдүйд үүсэх нөхцөл байдал болгон тухайн хүний хандлагаас л хамааралтай байдаг. Тиймээс зөвхөн хоёулаа адилхан шийдсэн хойноо л нэг гэрт нүүж ороорой. Мэдээж хамтран амьдарч байхдаа хайртай залуугаа хань болохгүй, тэвчишгүй муу араншинтай гэдгийг мэдсэн бүсгүйчүүд олон байдаг ч түүнийг ямархуу хүн болохыг танихад үүнээс өөр олон зам бий гэдгийг санаарай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23660
1 эможи
keyboard_arrow_up