Аавууд төрөх тасагт орох хэрэгтэй юу

2015 оны 6 сарын 22

Аавууд төрөх тасагт бэлэн байх нь эхэд ямар тустай вэ? Ирээдүйд хосуудын харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ? Аав-хүүгийн харилцаанд нөлөөлөх үү?

Аавууд төрөх тасагт

Сүүлийн үед эмэгтэйчүүд төрөх үедээ нөхрөө дэргэдээ байлгаж, өөрийн амсах зовлонг нүдээр үзүүлнэ хэмээн зүтгэдэг болжээ. Гэвч энэ нь аавууд төрөх тасагт орох ёстой юм байна гэсэн ойлголтыг төрүүлж болохгүй. Зарим эхчүүд нөхрөө төрөх явцад дэргэдээ байвал илүү тайван төрдөг гэж үздэг ч, зарим нь бүх тээршааж огт оролцуулах хэрэггүй гэж үздэг байна. Амьдралын хүнд хэцүү цаг мөчүүдийг хамтдаа туулах, төрөх хэмээх нэлээд хэцүүхэн давааг давахад нь эхнэрийнхээ дэргэд байж, харилцан бие биедээ дэмжлэг үзүүлэх нь хосуудын харилцааг улам бүр бат бөх болгож, итгэл найдварыг нэмэгдүүлэх талаасаа аавуудыг төрөх тасагт байлгахнь мэдээж эерэг талтай юм.

Аавыг төрөх үед байлгах эсэхийг эцэг-эх, эмч хамтран зөвлөлдөж шийдэх ёстой юм. Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар энэ тал дээр янз бүрийн байр суурьтай байж болно. Төрөх үед эх хүүхдийн эрүүл мэнд эн түрүүнд байх ёстой. Иймээс мэргэжлийн хүмүүс төрөх явцад бүхий л анхаарал, хичээл зүтгэлээ эх, хүүхдийн төлөө зориулах учир аавуудыг анхаарал сарниулна хэмээн үзэн төрөх тасагт байлгахыг хүсэхгүй байх нь зүйн хэрэг. Нөгөөтэйгүүр аавууд төрөх тасагт байх үед ээжүүдийн дааварт өөрчлөлт явагддаг учраас төрөлтийг удаашруулдаг гэсэн ойлголт ч бий.

Хосуудын ирээдүйн харилцаанд нөлөөлөх нь

Төрөх үйл явц нь ариутгасан орчинд, эхийн сэтгэлзүйн тайван байдалд явагдах ёстой болохоор аавууд энэ үйл явцад эерэг нөлөө үзүүлэхээр бол оролцож болох юм. Энэ нь улмаар тухайн аавын хувь хүнээс шалтгаална гэсэн үг. Хэрвээ аав маань сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, хурдан бухимддаг, эмчийн ажилд оролцох магадлалтай эсвэл цус харж чаддаггүй бол төрөх тасаг руу орохгүй байсан нь дээр. Төрөх үйл явц тийм ч хүсээд байхаар сайхан зүйл биш, төрж байгаа эмэгтэй тийм ч аз жаргалтай харагдахгүй нь мэдээж. Төрөх үйл явц эхнээсээ төгсгөл хүртлээ цустай нөжтэй нөхцөл учраас тийм зүйл харсан зарим эрэгтэй хүмүүс дараа нь эхнэртэйгээ харилцаанд орох хүсэлгүй болдог гэсэн таамаглал ч байдаг. Зарим тохиолдолд төрөх тасагт сандарч чичирсэн нөхрөө тайвшруулах гэсээр яаж төрснөө мэдээгүй гэх ээж нар ч бий. Эхнэр нөхрүүд өөрсдөдөө болох ирээдүйн харилцаандаа бат итгэлтэй, эмчдээ найдаж байгаа бол аавуудыг төрөх тасагт байлгах шийдвэрийг гаргах нь зүйтэй.

Сүүлийн үед төрөх явцыг камераар бичих, зургийг нь авах зэрэг үзэгдлүүд олширч байгаа. Гэхдээ энэ үйлдэл нь эхийн сэтгэл санааг тавгүйтүүлж, төрөх үйл явцад сөргөөр нөлөөлөхөөр бол огт хийхгүй байх нь зүйтэй.

Аав-хүүхдийн харилцаа

Аавуудын хувьд төрөх тасагт байж алаг үрийнхээ энэ хорвоод мэндлэх торгон мөчийг өөрийн хүдээр харж, эх-хүүхдийн зовлон, тайвшралыг өөрийн биеэр амсах нь насан туршдаа мартагдашгүй дурсамж болон үлдэнэ. Аав-хүүгийн харилцаа төрсөн мөчөөсөө эхлэх болно гэсэн үг. Аав тэр мөчид хүүхэд гэж ямар ч чадваргүй, эцэг эхийн анхаарал халамж түүнд ямар их хэрэгтэйг ойлгон мэдэрч хүүхдээ илүү ихээр хайрлах болно. Ээв хүүгийн энэ бат бөх холбоос нь гэр бүлд тохиолдох хүнд хэцүү мөчүүдийг эхнэр-нөхөр хамтдаа илүү хялбар даван туулахад түлхэц болж өгнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23147
0 эможи
keyboard_arrow_up