Хараа сайжруулдаг комплекс дасгалууд
Нүдээ хэрхэн хамгаалж арчлах вэ? Бид нүд ямар үүрэгтэйг сайн мэддэг хэрнээ тэр бүр хамгаалж, арчилж чаддаггүй. Иймд та бүхэнд энгийн хэрнээ хамгийн ашигтай, оновчтой зөвлөгөөг хүргэж байна. Элс, шороо, тоос нь ихэвчлэн дээд, доод зовхинд ордог. Тиймээс энэ үед нүдээ арчиж болохгүй. Гадны биетийг алчуур болон зөөлөн хөвөнгөөр авах гэж оролдох бүр ч хэрэггүй. Оролдсон тохиолдолд эвэрлэг бүрхүүл буюу нүдний гадна талын тунгалаг бүрхүүлийг гэмтээх аюултай. Харин үүний оронд хэдэн секунд нүдээ анивчихад нулимстай хамт гадагшилдаг. Хэрэв ингээд гарахгүй бол усаар угаасны дараа нүдээ баруун, зүүн тийш хөдөлгөөрэй. Нүдээ угаахдаа дусаагуураар, зүүгүй цэвэр тариураар, аягатай ус зэргээр угаана. Таны нүдэнд орсон гадны биет гарсан ч торж байгаа мэт мэдрэмж төрж болно. Нүднээс гадны биетийг авсны дараа бактерийн эсрэг, үрэвсэл намдаах зорилгоор антибиотикийн дусаалга дусаагаарай. Хэрэв хэдэн цагийн дараа нүд чинь улайж, нулимс гоожих, нуухтах зэрэг шинж тэмдэг илэрвэл нүдний эмчид яаралтай хандаарай.
ШИЛ ЗҮҮХ НЬ ХАРААГАА НЭГ ТӨВШИНД БАРИХ ХАМГИЙН САЙН АРГА
Эмнэлэгт эрт хандах тусмаа таны нүд хурдан эмчлэгдэнэ гэсэн үг. Шил зүүх нь хараагаа нэг төвшинд барих хамгийн сайн арга. Хүүхдийг багад нь эмчид хандаж ямар нэг хугарлын гажигтай л гэсэн бол шил зүүлгэх хэрэгтэй. Учир нь 18 нас хүрээгүй хүүхдэд торлог, болор суулгах лазерын мэс засал хийдэггүй. Насанд хүрээгүй хүүхдийн эд, эс гүйцэт төлжөөгүй байдаг учир хагалгаа хийх нь маш хортой. Тиймээс шил зүүлгэж харааных нь төвшинг тогтоон барих нь оновчтой арга юм. 18 нас хүрээгүй хүүхдийг яаран нүдний мэс засалд оруулж, лазерын эмчилгээ хийлгэж болохгүй. Яагаад гэвэл эд, эс нь бүрэн төлжөөгүй байдаг учир нүдний шил, линз хоёрын аль нэгийг зүүх нь хамгийн зөв арга. Харин насанд хүрсэн хойно нь шаардлагатай бол хагалгаа хийлгээрэй.
БЛЕФАРИТЫН ҮЕД ЗОВХИНД МАССАЖ ХИЙХ
Блефарит гэдэг нь зовхины тосны булчирхайн үрэвсэл юм. Зовхи нь босоо байрлалтай тосны булчирхайн суваг агуулж байдаг. Энэ тосны булчирхайн сувгаас гарсан тос нь нулимсны найрлагад орж нулимсыг нүдний гадаргуу дээр удаан тогтоож нүдийг хуурайшихаас урьдчилан сэргийлдэг. Тосны булчирхайн суваг битүүрснээс тос ялгарахгүй болж нүд аргах, хуурайших, улайж, загатнах, нулимс гоожих зэрэг зовиур илэрч болно. Гэрийн нөхцөлд зовхинд бүлээн жин тавих /ууттай дүрдэг байхуу цай аль эсвэл жижиг саванд халуун ус хийж сальфетик ба самбайгаар жийрэглэж зовхины гадна талаас тавина/ Энэ жинг өдөрт нэг удаа тавихдаа 15-20 минутын хугацаатай 2-3 удаа тавина. Мөн бүлээн жин тавьсны дараа гарын долоовор хуруугаар зовхийг нүдний аяга руу шахсан байдлаар дарж массаж хийнэ. Ийм замаар массаж хийхэд тосны суваг нээгдэж зовиур багасна.
НҮДЭЭ ХАМГААЛАХ ТАВАН ЗӨВЛӨГӨӨ
-Тогтмол хараагаа шалгуулж бай. Хэрэв таны холын хараа муу бол жил бүр нүдний эмчид үзүүлж байгаарай
-Архаг өвчтэй болохоос сэргийл. Тухайлбал, чихрийн шижин өвчин болон артерын даралт ихсэх. Эдгээр өвчний улмаас хараа муудаж болно.
-Гэрлийг ихээр гялбуулж харах мөн хурц гэрлийг харж нүдээ өвтгөх зэргийг тохиолдохоос үргэлж урьдчилан сэргийлж бай.
-Хэт ягаан туяанаас хамгаалж нарны шил зүүж байх.
-Хоол, хүнсэндээ витамин А-г их хэрэглэх. Витамин А их агуулдаг хүнсэнд лууван, улаан лооль, жүрж болон тарвас ордог. Мөн бөөрөлзгөнө, интоор, анар жимс сайн идэх хэрэгтэй.
ХАРАА САЙЖРУУЛАХ ДАСГАЛУУД
Тавхан минут дасгал хийх цаг завгүй хүн гэж залхуу хүнийг л хэлэх байх. Өдөр цайныхаа цагаар, орой ажил тараад хийгээд байхад л хангалттай
1-р Комплекс Хараа сайжруулах цогц дасгалууд
/Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана./
Нүдийг баруун зүүн тийш хөдөлгөнө.
Нүдийг дээш доош нь хөдөлгөнө.
Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ.
Нүдээ хурдан, эрчимтэй анивчина.
Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна. Дараа нь нөгөө талдаа давтана.
Нүдээ хооронд нь ойртуулна.
Ойр ойрхон анивчих.
Оффисынхоо цонхонд дөхөж очоод эхлээд цонхон дээрх жижиг зураас эсвэлойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа байр, уул г.м. зүйлс рүү шилжүүлнэ.
2-р комплекс Холын хараа муудахаас сэргийлэх цогц дасгал
Сандлын түшлэгийг налан хойшлохдоо амьсгаа аваад дараа нь урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана.
Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ.
Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана.
Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэлдүүлнэ.
Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг ширтэнэ. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харна. Гараа буулгахдаа амьсгаагаа гаргана.
Энэ цогц дасгалыг компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн. Дасгалыг хийх хугацаа 3-5 минут.
Нүдний массаж
Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөн хийж иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг. Ухархайн доод хэсэгт хөдөлгөөн нь хамар руу чиглэсэн, дээд хэсэгт нь хөмсөгний дээгүүр. Дасгалыг 8-16 удаа давтана