Ганц бие аав, гэр бүл зохиож байсан залуутай болзохдоо чиний мэдэж байх зүйлс
“Ганц бие залуутай бүү болз. Тэр өдийг хүртэл ганцаараа явсан юм чинь ямар нэг но байж л таараа. Салсан эртэй ч гэсэн бүү болз. Нэгээс салсан юм чинь чамаас ч гэсэн салж л таараа. Харин эхнэртэй эртэй уулз. Тэр эмэгтэй хүнийг хайрлаж чаддаг юм чинь чамайг ч гэсэн хайрлана” гэдэг онигоог урьд нь сонсож байсан уу?
Хурдхан уншихад инээдтэй юм шиг боловч гүн ойлговол эмгэнэлтэй байгаа биз. Хэзээнээс салсан, ганц бие эрэгтэй хүнийг дэлхий ер нь “Хайрлуулах эрхтэй хүмүүс”-ийн жагсаалтаас хасчихсан юм бэ? Би лав үгүй. Гэхдээ амархан гэсэн юм биш шүү. Зүгээр л ганц бие аавтай, урьд нь амьдрал зохиож байсан эртэй болзож байгаа найз нартаа дараах 7 зүйлийг сануулмаар байна.
Тэр чамайг сонгосон
Урьд нь гэрлэж байсан нь эхэн үедээ чамд тийм ч ноцтой зүйл шиг санагдаагүй боловч цаг өнгөрч, түүнд дасахын хэрээр өмнөх амьдралд нь ач холбогдол өгч эхлэнэ. Салсан шалтгаан нь хүртэл өөр дээр чинь давтагдах вий гэж айна. Хардалт яг эндээс л эхэлдгийг мэдэх үү? Тэр өнгөрсөндөө харамсаагүй биш харамссан, гэхдээ одоо чамтай хамт ирээдүйг бүтээхээр нэгэнт шийдсэн шүү дээ. Өөртөө баттай үнэн болгох эхний зүйл бол тэр чамайг сонгосон.
Тэр салсан гэдэг нь дахиж амьдрал зохиохгүй гэсэн үг биш
Тэр амьдрал зохиож байсан болохоос гэмт хэрэг хийсэн биш. Хүний амьдралд юу эс тохиолдохыг хэн мэдэх билээ? Хоёр дахь амьдрал нь бүтсэн хүмүүсийн түүх санаснаас чинь хамаагүй олон бий. Харин ч өмнө нь гаргаж байсан алдаануудаа тэр давтахгүйг хичээж, улам сайхан зам засахаар бэлтгэх болно.
Тэр өнгөрсөндөө цаг гаргах хэрэгтэй
Чамтай дотно харилцаа үүсгэсэн ч гэсэн түүнд хуучин эхнэр, хүүхдүүдээ тогтмол харж хандах үүрэг байдаг. Энэ үед нь уурлаж, явуулахгүй хорисны оронд харин ч ойлгож, хүлээцтэй хандсан нь ононо. Түүнд өнгөрсөнтэй нь амархан гэгч нь ойлголцож, хүлээж авч чадах хэмжээний саруул эмэгтэй гэдгээ нотлоорой.
Тэр илүү хашир
Багадаа “Оймс элээх” гэдэг үгийг учрыг огтхон ч ойлгодоггүй байж билээ. Гэхдээ нас явж, юм үзэж нүд тайлна гэдэг амьдралын олон салбарт үйлчилдэг үнэн дүр төрх юм. Бусад залуусаас өөр гэх ахин нэг үзүүлэлт бол түүний хашир зан юм. Үүнд нь буруутгаж “Чи муу санаатай, юм үзсэн” гэх мэтээр бүү өөчил. Хэрвээ чи түүнийх шиг амьдралыг өөрийн биеэр үзэж туулсан бол хашир зангийнхаа хэмжээгээр ойртож очих л байсан. Харин ч үүнийг нь давуу тал болгож амьдралдаа ашиглах ёстой ч юм билүү?
Тэр гэрлэлтээс айж магадгүй
Ахин дахин зүрхээ сийчүүлэхээр хүн хашир болдог ч зориг нь багасдаг юм. Ийм үед нь түүнийг “Надад хайргүй, сэтгэлгүй болохоор ингэлээ” гэж бодохын оронд зүрх сэтгэл нь юунаас айж байгааг санах гээд оролдоод үзээрэй. Түүнийх зүгээр л “Ахиад нэг амьдрал надаас болж бүтэхгүй байвал яана” гэх айдас байх. Надад итгээрэй, хүн бүхэн аз жаргалыг хүсдэг юм. Салсан эр ч гэсэн.
Тэр хүүхдүүдээ хайрласан хэвээр байх болно
Салсан ч бай, салаагүй ч бай, хүүхэд гэдэг амьдралд хамгийн том байрыг эзэлдэг. Чи ямар гоё амттай өндөгтэй хуурга хийдэг, хуучин эхнэрээс нь хоёр дахин илүү үзэсгэлэнтэй нь үүнд огтхон ч хамаагүй. Түүний сэтгэлд хүүхэд гэдэг ямагт “Нэгдүгээр байр”.
Түүний статус хэрүүлийн бай болох ёсгүй
Залхуу гэдэг нь түүнд зарим зүйлийг сануулах ёстойн илрэл байж болох ч салсан, ганц бие аав гэх мэт статусууд хэзээ ч хатуу “мэтгэлцээн”-ий бай болох ёсгүй юм. Хэрвээ чи үүнийг нь дурдсаар л байх юм бол хайртыгаа гомдоосоор л байх болно. Урьд нь амьдрал зохиогоод алдсан эр хүнд амьдрал ямар харагддагийг бид яаж мэдэх юм бэ?
Муудалцах шалтгаан гарах бүрт яагаад та хоёр хамт байгаагаа санаарай. Амьдрал бол алтан бугуйвч биш харин засаж янзалж, шороон дундаас угааж авах ёстой алмааз юм.