Амжилтаараа гайхагдсан хүмүүс унтахынхаа өмнө юу хийдэг вэ?

2015 оны 6 сарын 12

Өдөр бүрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд өглөө босмогцоо хамгийн түрүүнд юу хийх чинь маш чухал. Гэхдээ орой бүр унтахынхаа өмнө хийх зүйл чинь ч үүнээс дутуугүй чухал. Учир нь өдөр бүрийн төгсгөлд хийж байгаа зүйл чинь чиний дараагийн өдрийн анхаарал төвлөрөл, эрч хүчийг тодорхойлдог. Дараах 11 үлгэр жишээ лидерүүд унтахынхаа өмнө тогтмол хийдэг зүйлсээсээ хуваалцжээ.

1. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама унтахынхаа өмнө ажлаа хийдэг
Барак Обама ахлах ажилтантайгаа шөнийн 11 цагийн үед ч утсаар хуралдаж, сонин унших юм уу юм бичиж байгаад орондоо ордог аж. 2011 оны ярилцлагадаа Обама өөрийгөө шөнийн шар шувуу хэмээн нэрийдээд өөрийн нэг оройг ийн дүрсэлжээ. “Би гэр бүлийнхэнтэйгээ хооллож, хүүхдүүдтэйгээ тоглож байгаад 8:30-ын үед тэднийг оронд нь оруулдаг. Тэгээд бичиг цаасны ажил хийж, юм бичиж байгаад 11:30-аас хойш ном юм уу сонин уншиж байгаад 12:30-ын үед унтдаг даа”

2. Facebook-ийн COO Шерил Сандберг орой болмогц утсаа унтраадаг
Сандберг өөрөө технологийн компанид ажилладаг ч хэзээ үүнийг унтраах ёстойгоо мэддэг эмэгтэй. Тэрээр USA Today-д ярилцлага өгч байхдаа хэдий санаа зовж байсан ч шөнө байн байн сэрээд байхгүйн тулд утсаа унтраагаад тайван унтдаг хэмээн ярьжээ. Мөн тэрээр “И-мейл шалгах бол миний өглөө босонгуутаа хамгийн эхэнд, орой яг унтахынхаа өмнө хамгийн сүүлд хийдэг ажил” гэсэн байна.

3. Бенжамин Франклин орой бүр өөрөөсөө нэг л асуултыг асуудаг байсан
Хувь хүнийхээ хувьд төгс хувилбартаа хүрэхээр тасралтгүй тэмүүлдэг байсан Франклин орой бүр унтахынхаа өмнө өөрөөсөө “Би өнөөдөр ямар чухал зүйлийг хийж бүтээв?” хэмээн асуудаг байжээ. Ингэснээр тэр өдөр бүр өөрийгөө хэрхэн өсөн дэвшиж байгааг анзаарч, өөртөө хяналт тавьдаг байж. Үүнээс гадна тэр орондоо орохоосоо өмнө гэрийнхээ хэрэглэсэн эд хогшлыг байранд нь эргүүлж тавиад, хэн нэгэнтэй яриа өрнүүлэх юм уу хөгжим сонсоод унтдаг байжээ.

4. Стефен Кинг орой бүр унтахаасаа өмнө гараа угаагаад, бүх дэрээ зөв талаар нь харуулж тавьдаг байжээ
Стефен Кинг өөрийн намтар номонд оройны дэглэмийнхээ тухай хүүрнэхдээ “Хүн бүртэй л адил даа. Би шүдээ бас гараа угаадаг. Унтах гэж байж яагаад гараа угаадаг юм бол? Бүү мэд ээ. Бас дэрнүүд маань яг нэг талаараа харж, тэгшхэн тавигдсан байх ёстой. Дэрний уутны онгорхой хэсэг нь орны нөгөө тал руу эгцээрээ харж байх учиртай. Бас л яагаад заавал ингэдгээ би өөрөө мэддэггүй юм” гэжээ.

5. Ариана Хаффингтон унтахаасаа өмнө заавал “жинхэнэ ном” уншдаг
The Huffington Post-ын үүсгэн байгуулагч Ариана Хаффингтон iPad, Kindle, Laptop-оо бүгдийг нь унтрааж байгаа “дээр үеийн хүмүүс шиг” жинхэнэ ном уншиж оройг өнгөрүүлдэг аж.

6. Майкл Льюис оройны 7-оос, өглөөний 4 цаг хүртэл бичихийг эрхэмлэдэг
Майкл Льюис “Шинийн шинэ сэтгүүл зүй” номондоо “Би орой 7-оос бичиж эхлээд үүрийн 4 цагт зогсдог. Ингэж бичээд сурчихсан юм. Би бүх хүнээс түрүүнд байхыг хүсдэг. Тийм учраас орой бүр бичиж эхлэхдээ “Би маргаашийн ажлын өдрийг өнөө оройноос эхэлж байна шүү дээ” гэж бодон өөрөөрөө бахархах дуртай. Оройн цаг маш анир чимээгүй. Хэн ч утсаар ярьдаггүй, хэн ч надад саад болдоггүй” хэмээжээ.

7. Уинстин Черчилл орой бүр дуг хийдэг
Их Британийн Ерөнхий сайд юу ч болж байсан өдөр бүр яг адилхан хэмнэлийг баримталдаг байжээ. Оройн 5 цагийн үед тэр сулавтар виски, содтой ус уугаад цаг гучин минутын турш дуг хийнэ. Черчиллийн хувьд дуг хийх нь 1 өдөрт 1.5 өдрийн бүтээмжийг бий болгоход нь тус болдог гэж үздэг байж.

8. Билл Гейтс хэзээ ч гэртээ очсон бай, нэг цагийн турш заавал ном уншдаг
Микрософтын тэрбумтан Seattle Times сонинд өгсөн ярилцлагадаа “Би шөнө бүр бүтэн цагийг уншихад зориулдаг. Энэ бол миний унтлагын цагийн минь нэг хэсэг л гэсэн үг. ” хэмээжээ. Тэрээр өргөн цар хүрээний мэдээлэл өгсөн, сайн найруулгатай номонд дуртай аж. Түүний унших сэдэв эрүүл мэнд, цаг уурын өөрчлөлтөөс өгсүүлээд бизнес, улс төр гэх мэт янз бүрийн сэдвийг хамардаг.

9. Buffer-ын CEO Жоел Газкойн унтахынхаа өмнө үргэлж алхдаг
Орондоо орохоосоо өмнө ажлаасаа бүрэн салахын тулд залуу CEO орой бүр 20 минутын турш алхдаг аж. “Энэ бол цонхоо хаах мөчлөг, тухайн өдрийн ажлын бүтээмжийг үнэлж, том сорилтуудын тухай бясалгангаа аажим аажмаар ажлынхаа тухай бодлоос салаад ядрангуй төлөвт шилжихэд минь тусалдаг юм” хэмээн тэр өөрийн блогтоо бичжээ.

10. Вера Ванг энэ нам гүм цагийг ажилтнуудынхаа илгээсэн зүйлсийг үзэхэд зарцуулдаг
"Миний унтлагын өрөө бол миний хоргодох газар” хэмээн нэрт дизайнер 2006 онд Fortune сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. “Яг л оргонох газар шиг. Би энэ үедээ зохион бүтээх ажлаа бага ч болов заавал хийдэг. Шууд зурж суухгүй байсан ч дараагийн загварынхаа санааг нь гаргадаг гэх үү дээ. Орой болохоор манай ажилтнууд ажилтай холбоотой материалуудаа миний гэр лүү илгээчихдэг юм. Тэдгээрийг нь би оройн цагаар л уншиж танилцдаг”

11. American Express-ийн CEO Кеннет Ченаулт маргааш нь хийхийг хүсч байгаа гурван чухал зүйлээ бичдэг
Тухайн өдрийг дуусгахаасаа өмнө Ченаулт маргааш нь хийж бүтээхийг хүсч буй гурван хамгийн чухал ажлаа бичиж тэмдэглээд орондоо ордог аж. Энэ нь өглөө сэрмэгцээ тухайн өдрийн эрхэмлэх зорилтыг өөртөө сануулан, өдрийг эхлүүлэхэд нь тус болдог гэнэ.
Харин чи унтахынхаа өмнө юу хийдэг вэ?
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22876
0 эможи
keyboard_arrow_up