Хүний үс яагаад бууралтдаг вэ?
Хүн хөгширөхөд үс яагаад бууралтдаг эсвэл бууралтыг зогсоон багасгаж болох эсэх талаар та бодож үзэж байсан уу? Үс яагаад бууралтдаг ийм болоход ямар хүчин зүйлс нөлөөлдөг талаар дор дурдлаа.
Хүний үс нь голдоо нүхтэй, дотроо меланин гэдэг будгийн пигмент агуулсан хоолой юм. Залуу хүний үсний голын энэ нүхэнд нь үсэнд нь өнгө өгдөг шингэн байдаг ажээ. Нас ахихад тэрхүү шингэн нь алга болдог бөгөөд шингэн алга болоход будгийн эсүүд барьцгүй болдгоос зөвхөн хий үлдэнэ. Ингээд үс өнгөгүй болж жинхэнэ өөрийн өнгө буюу цагаан өнгөтэй болдог. Хүний бүх үс нь цав цагаан болоход 10-20 жил шаардагдана.
Гэхдээ үсний ширхэгний өнгө нь нэг бол цагаан, нэг бол хар (улаан, бор, шар ч байна) байдаг. Өөрөөр хэлбэл үсний ширхэг болгон эхлээд саарал өнгөтэй болж дараа нь цайдаггүй гэсэн үг. Мөн бүгд нэг зэрэг цайдаггүй. Мөн хүний үс буржгар, шулуун, долгионтой байх нь удамшлын шинж чанартай байдаг. Буржгар үсийг хөндлөн хэрчиж үзэхэд үс нь дөрвөлжин, долгионтой үс нь эллипс, шулуун үс нь тойрог хэлбэртэй байдаг нь таны үсийг шулуун байх уу, долгионтой байх уу гэдгийг шийддэг ажээ. Хүмүүс эрт бууралтдагаас эмээдэг. Ялангуяа эмэгтэйчүүд. Учир нь үс цайхыг хөгшрөлтийн шинж тэмдгийн нэг илрэл гэж үздэг.
20, 30 настай ч хэсэгхэн газраа бууралтчихсан хүн байдаг.
- 20-25 насанд цагаан үс ургаж эхэлбэл энэ нь удамшлын буурал
- 30 наснаас ганц нэг цагаан үс үзэгдэх нь хэвийн үзэгдэл
- Жамаараа бол 40 наснаас хүний үс бууралтаж эхэлнэ. Хүний толгойд цагаан үс алгуурхан 5-6 жилийн зайтай ургадаг тул бууралтах үйл явц ч гэсэн удаан үргэлжилж байна.
Цагаасаа эрт гарч ирдэг цагаан үс нь дараах шалтгаануудаас болдог
1. Төмрийн дутагдалд орох
2. Стресст орох, сэтгэл тайван биш болж, байнга ямар нэгэн зүйлд санаа зовох
3. Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх
4. Цагаан үсээ түүх, ойр ойрхон будуулах нь үсний өнгийг алдагдуулж, улмаар бууралтахад хүргэдэг
5. Хоол хүнсэндээ анхаарахгүй байх
Энэ бүхнийг яаж эмчлэх вэ?
- Төмрийн дутагдлаас болж үс цайж эхэлбэл мах, үхрийн элэг, гурвалжин будаа хүнсэндээ түлхүү хэрэглэх хэрэгтэй.
- Стресст орох нь үс бууралтахаас гадна олон сөрөг дагавартай. Иймд аливаа асуудалд уужуу тайван хандаж, бухимдахгүй байх нь чухал.
- Бөөрний үйл ажиллагаа алдагдсанаас болсон тохиолдолд бөөрний эмчилгээнээс гадна хүнсэндээ давс, исгэлэн зүйл бага хэрэглэ
- Үсээ болж өгвөл сард ганцхан удаа будаж, халгайн хандаар толгойгоо угааж, тусгай зориулалтын шампунь хэрэглэх хэрэгтэй
- Хоол хүнсэндээ жигнэсэн байцаа, ногоо, сүү, тараг, ногоон цай, жимс байнга хэрэглэж байвал үс тань гялалзаж өнгөлөг сайхан харагдах болно. Өтгөн кофе уух, архи тамхи хэрэглэх, чихэрлэг зүйл, элдэв төрлийн амттан хэрэглэх нь эрт үс цайхад хүргэдэг.